Хоноод явсан хойд ахын сонирхол!

Хуучирсан мэдээ: 2019.09.06-нд нийтлэгдсэн

Хоноод явсан хойд ахын сонирхол!

Хоноод явсан хойд ахын сонирхол!

Халх голын ялалтын 80 жилийг ойг тохиолдуулан Улаанбаатарт 24 цаг саатаад буцсан В.Путины айлчлалыг мэдээлсэн, тоймлосон Монголын хэвлэлүүдийн гарчиг нь “Монгол, Орос ахан дүүсийн дотно тэврэлт”, “Дэлхийн нөлөө бүхий улстөрч, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал өндөрлөж, нутаг буцлаа”, “В.Путины айлчлалаар 10 чухал баримт бичигт гарын үсэг зурав”, “Хөрөнгө оруулалт нэмсэн түүхэн айлчлал боллоо” гэх мэт.

Дэлхийд геополитикийн бодлого, эдийн засгаараа нөлөө бүхий, авторитори тогтолцоотой хоёр их гүрний дунд орших ардчилсан Монголд хойд хөршийн төрийн тэргүүн В.Путин “сайн ах”-ын дүрээр хоноод явсан нь эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой айлчлал болов оо. Энэ бол орос, монгол ах дүүгийн дотно тэврэлт, хоёр Ерөнхийлөгчийн найрсаг харилцаа, нөхөрсөг уулзалтаас тавигдах нэн түрүүний асуулт.

Мэдээж, харилцаа, хамтын ажиллагаагаа нэг шат ахиулж, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан нь сайн үйл явдал. Хаяа залгаа орших Хятад, Орос гэх хоёр хөрштэйгөө хоёулантай нь нэг төвшинд, улс төр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүх л салбарт Монгол Улс харилцаагаа өргөжүүлэхээр болж байна.

Гэвч, энэ нь амьдрал дээр хэр бодитой хэрэгжих бол. Үр дүн хамгийн чухал нь. Товчхондоо, Орос, Монголын гадаад худалдааны зөрүүнд өөрчлөлт орж чадах эсэх, эрчим хүчний салбарт гацсан том төслүүд хөдлөх үгүй нь “ах”-ын айлчлалаас хүлээх гол хүлээлт байв.

Товлосон хугацаанаасаа бага зэрэг хэтэрсэн, ганцаарчилсан уулзалтын үеэр хэлэлцсэн “Алс Дорнодын Зарубина боомтыг эзэмшдэг ОХУ-ын Беско компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж дуусгасан. Оросоос зээлэх 100 тэрбум рублийг УБТЗ болон Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барих сонирхолтой байгаа”-г Монголын Ерөнхийлөгч уламжилж,  Кремлийн эзэн  “Оросын төмөр замчид нь Монголын төмөр замын зүтгүүрийн паркийг шинэчлэх, тээврийн шинэ чиглэлийн замуудыг барихад тусламж үзүүлэхэд бэлэнг, “Роснефть” ч Монголын зах зээлийг сонирхож буйгаа хэвлэлийнхэнд дуулгасан билээ. Мөн Монголын батлан хамгаалахын  шинэчлэлд тус дэм болно гэж.

Үндсэндээ,  дал мөрөө алгадаж уулзсан  Төрийн тэргүүн нарын хоорондын яриа, талуудын зурсан 10 бичиг баримтыг харвал Монголын эдийн засагт томоохон дэмжлэг өгөх, манай хэвлэлийнхний дүгнэсэнчлэн "Хөрөнгө оруулалт нэмсэн түүхэн  айлчлал" болж чадсангүй. Хөөрсөн сэтгэлээ дарж, бодитоор үнэлбэл, хүлээлт тэгтэй тэнцэнэ.

Ах орос Монголын уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт эзэн суух бодолтойгоо илэрхийлж, дүү монгол хэдэн мянган км зам туулж, гуравдагч хөрш рүү нүүрсийг нь гаргаж өгөх гарц өгсөнд нь баярлаж, хөөрцөглөх нь хувь заяаны шоглоом гэлтэй. Кремлийн эзний  доог тохуурхал ч юм шиг. Юун Эгийн голын төслийг хөдөлгөх, нефтийн хараат бус болох, УБТЗ-ийн 51 хувийг авах энэ тэр вэ. “Сайн ах”-ын аян богц үнэндээ хов хоосон байсан.  Эсрэгээрээ энэ богцоо Монголоос  дүүргэх л сонирхолтой ирж.

Хойд хөрш эрчим хүчний салбарт хяналтаа улам тогтоох, Монголоос шар нунтаг зөөх сонирхлоо “Росатом” нэгдлийн хувьд цөмийн энергийг анагаах ухаан болон хөдөө аж ахуй, шинжлэх ухааны салбарт ашиглах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэх  албархуу, өнгөц харахад сэтгэл хөдөлмөөр үгсээр халхавчилж.  Дээр нь батлан хамгаалахын шинэчлэлийн дор баахан хуучин зэр зэвсгээ шахаж мэдэх нь.

Орос Монголоос уран олборлохыг олон жил шахсан, шаардсан. Үүнээс болж, эцэст нь Монгол Улс 100 сая ам.долларыг канадуудад төлөхөд хүрсэн юм. Тэрчлэн сэдэв олдвол хэн нэгэнд "хэрэг тохох" болсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд хоёр В.Путиныг ирэхийн өмнө гэнэт цөмийн хог хаягдал энэ тэр тухай сэрүүнээрээ зүүдэлсэн нь ч улс төрийн шалтгаантай байж мэднэ.

Оросоос зээлэх 100 тэрбум рублийг УБТЗ-ийн шинэчлэн болон Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд зарцуулах манай Ерөнхийлөгчийн сонирхол бол чухамдаа хүний Ерөнхийлөгчийн ашиг сонирхол юм. Өөрөөр хэлбэл, "100 тэрбум рублийг Зүүнбаян-Хангийн төмөр замд зарцуулах сонирхлоо илэрхийлсэн" гэх Монголын төрийн тэргүүний хэвлэлд онцолсон үг нь  Кремлийн эзнээс “тэгэх үү” гэсэн далд агаад давхар бататгасан "зулгуйдуу" асуулт болж сонсогдсныг нуугаад яахав.

Үнэндээ  уул уурхайн салбарт Орос  орон Монголын гол өрсөлдөгч.  Он гарсаар Хятад руу гаргасан нүүрсний нийлүүлэлтээр ОХУ хоёрт бичигдэх болсон.  Ази руу нийлүүлэх нүүрсний экспортоо 50 хувиар нэмэгдүүлнэ гэж Оросын удирдагч мэдэгдсэн билээ. Тус улс 2030 он хүртлэх "Нүүрсний салбарыг хөгжүүлэх" бодлогоо 2014 онд баталсан бөгөөд коксжих нүүрсний нөөцийг жилд дунджаар 105 сая тонноор нэмэгдүүлэх нийтдээ 48 төс­лийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Ингээд нүүрсээ тээвэрлэх, гадагш нь экспортлох зорилгоор Кремлийн зүгээс төмөр замынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, 195 сая тонн нүүрсний тээвэрлэлтийг хангах зорилт тавиад буй.

Монголын хойд хилтэй залгаа Тува болон Забайкальский нь эрдэс баялаг ихтэй бүс нутаг. Тэрхүү бүс нутагт бидний харамлаад хав дараад байгаа Тавантолгой, Оюутолгойтой өрсөлдөх том хэмжээний Тувагийн Элегестийн коксжих нүүрсний орд болон Забайкальскийн Удоканы зэсийн орд нээгдсэн.

Эдгээр ордоос олборлосон ашигт малтмалаа Япон, Хятад, Энэтхэгийн зах зээлд гаргахад Монголын газар нутгаар дамжих нь эдийн засгийн хувьд ОХУ-д хамаагүй ашигтай. Энэ шалтгаанаар өргөн-нарийн цариг дээрх хэрүүлийг Монголд өрдөж,  Тавантолгойн төсөл гадаад, дотоодын улс төрийн шалтгааныг даахгүй унасан билээ.

Ахын гол зорилго нь УБТЗ-ын суурь бүтцийг ашиглан Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар Элегестийн нүүрс болон Тува, Забайкальскийн эрдэс баялгийг Хятад руу экспортлох. Чухамдаа Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр зам бүтэн есөн жил гацаж байхад Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төсөл хурдацтай өрнөж буй нь хойд ахын хүсэл, сонирхол.

Кремлийн удирдагчийн дүүдээ шилний цаанаас долоолгож буй чихэр бол ОХУ-ын нутгаар дамжиж Алс Дорнодын боомтоор нүүрсээ гуравдагч хөрш рүү гаргах Монголын төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн турш тарифын хөнгөлөлт үзүүлэх явдал.  Гэхдээ, орос ахын  энэхүү хаялгын ард ердөө өөрийнх нь том эрх ашиг,  геополитикийн бодлого  явж буй нь үнэн. Оросоос өгөх зээлийг авахын тулд  тэдний хүссэн “тарицын зохицуулалт”-тай холбоотой зарим зүйлийг ч монголчууд шийдэх ёстой болсон. Тэр үүднээс өнгөрсөн 2018 оны зургадугаар сард ОХУ-ын Тээврийн сайд И.Дитрих Монголд ирж  төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай хоёр улсын хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.  Чухамдаа бол Зүүнбаян-Хангийн төмөр замыг Оросын зээлээр барьж өгсний хариу хоосонгүй байж таарна.  Ороууд барьж, бас ашиглах эрхтэй болно гэсэн үг. Хоноод явсан хойд ахын сонирхол нэг ийм.  Харин "хайртай дүү"-дээ өгсөн хаялга нь Алс Дорнодоор дамжуулан нүүрсийг нь 4000 км төмөр замаар тээвэрлүүлж гуравдагч зах зээлд гаргах амлалт. Урагшаа гол зах зээл нь байсаар атал хойшоо хэдэн мянган км зам туулж нүүрсээ зөөхөөр төлөвлөж байгаа дүү ашиг олно уу, алдана уу ахын асуудал огтоос биш. Айлын аав ийм айхтар!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ХарамсалтайХарамсалтай
13
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
10
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж