Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилготой "Coal Mongolia-2019″ чуулга уулзалт ес дэх жилдээ “Өрсөлдөөнд манлайлъя" уриан дор өнөөдөр /2019.09.05/ эхэллээ. Энэ удаагийн чуулганы ерөнхий зохион байгуулагчаар "Монгол Нүүрс" ассоциаци ажиллаж байгаа бол Хятадын Нүүрс Тээвэр Худалдааны ассоциаци хамтрагчаар оролцож байна.
“Coal Mongolia-2019” чуулганыг 2011 оноос “Гложекс Консалтинг” компани зохион байгуулж ирсэн. Энэ жилээс тус чуулга уулзалтыг “Монгол нүүрс ассоциаци” зохион байгуулж, Хятадын Нүүрс Тээвэр Худалдааны ассоциаци хамтрагчаар оролцож байна. Чуулга уулзалтын эхний өдөр уламжлал ёсоор Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум болж байна. Харин хоёр дахь өдрөө нүүрс олборлолт, баяжуулалт, тээвэр логистикийн асуудлыг ярилцахаар төлөвлөжээ.
Монгол Улс энэ онд нийт 42 сая тонн нүүрс өмнөд хөршийн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн. Оны эхний долоон сарын байдлаар 20 орчим сая тонн нүүрс экспортлож, төлөвлөгөө 50 хувийн биелэлттэй байгаа юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспорт 0.42 хувиар өсчээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээр, 2019 онд ашигт малтмалын 141 лиценз цуцалсны 56 нь ашиглалтынх байна. БНХАУ-ын зах зээлд өрсөлдөж буй ОХУ нүүрсний зах зээлээ тэлэхээр зорьж, 2025 он гэхэд нүүрсний олборлолт, тээврийн дэд бүтцээ сайжруулахаар 22.4 тэрбум ам.доллар зарцуулахаар болов. Ингэснээр одоогийн олборлолтын хэмжээгээ 2035 он гэхэд жилийн 550-670 сая тонн болгож, хоёр дахин өсгөхөөр тооцоолж буй юм.
Нүүрсний салбарыг эрчимтэй хөгжүүлэхийн тулд Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс баяжуулах, нүүрс-химийн үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал гэж үзэж байгаагаа УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцолсон. "Цаашид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс Монгол Улсын хууль, тогтоомжийг хүндэтгэж, хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй уул уурхайг хөгжүүлж, орон нутагтай хамтран ажиллаж, ажлын байрыг нэмэгдүүлсэн уул уурхайн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж ажиллах болно. Харин Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа аливаа уул уурхайн үйлдвэрлэлтэй хатуу тэмцэнэ гэдгээ тэрбээр энэ үеэр хэлсэн юм.
Тиймээс хариуцлагатай уул уурхайн хүрээнд төрөөс авч буй бодлого, шийдвэрийн талаар талуудын байр суурийг сонирхлоо.
"БАЙГАЛЬ ОРЧНЫГ ДОРОЙТУУЛЖ БУЙ НЬ ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ НЬ ДООГУУР БАЙГААТАЙ ШУУД ХОЛБООТОЙ"
“МОНГОЛ НҮҮРС АССОЦИАЦИ”-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ж.ЗОЛЖАРГАЛ: –Олон улсын нүүрсний зах зээл дээр сонирхолтой өөрчлөлтүүд бий болж байна. Австралийн хувьд БНХАУ-тай он дамнан сунжирсан 5G тэргүүтэй технологийн маргаанаа эцэслэх, улмаар нүүрсний саармагжсан худалдаагаа дахин сэргээхээр шамдаж байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд далайн боомтоор Хятад руу тээвэрлэх Австралийн нүүрсний экспортод сэргэлт ажиглагдаж, нүүрсний биет хэмжээ нэмэгдсэн. Энэ нь өмнөд хөршийн нүүрсний зах зээлд байр сууриа бэхжүүлэхээр зорьж буй манай улсын хувьд өрсөлдөөн улам ширүүсэх, нүүрсний үнэ уруудах бодит эрсдэлд тооцогдож байна.
Үүнд манай улс яаж өрсөлдөх чадвараа дээшлүүлэх вэ гэдэг нь чухлаар тавигдаж байгаа учраас энэ жилийн "Coal Mongolia-2019″ чуулга уулзалт “Өрсөлдөөнд манлайлъя" уриан дор зохион байгуулагдаж байна. Өрсөлдөнө гэдэг нь илүү үр ашигтай ажиллахыг хэлнэ. Үр ашигтай ажиллахын тулд өртөг бага байх хэрэгтэй. Ингэхдээ дэд бүтэц буюу төмөр замаа хөгжүүлэх шаардлагатай. Дэд бүтцийн хөгжил байхгүйгээс Монголын нүүрсний өрсөлдөх чадварын тээврийн өртөг нь өндөр байна. Өөрөөр хэлбэл үндсэндээ тээврийн өртөг нь нүүрснийхээ өртөг дээр нэмэгдэхээр бидэнд ногдох ашиг нь төдий чинээ буурна. Дээрээс нь байгаль орчныг доройтуулж байгаа нь нүүрсний буруу биш дэд бүтцийн хөгжил доогуур байгаатай шууд холбоотой. Хоёрдугаарт хил гаалийн шуурхай ажиллагаа мөн төрийн оновчтой бодлого мөн хамаарна.
Нүүрсний үр ашгийг нэмэгдүүлэхэд сайн чанарын нүүрс чухал. Хэмжээгээ багасгаж, нүүрсний чанараа сайжруулахад баяжуулах үйлдвэрүүдээ барих хэрэгтэй” гэв.
Тэрбээр хариуцлагатай уул уурхайн талаар хэлэхдээ мэргэжлийн уул уурхайн үйл ажиллагааг явуулахын мэргэжлийн хүний нөөц, баг байх шаардлагатай. Харамсалтай нь мэргэжлийн бус, богино хугацааны ашиг хайсан лицензийн наймаа хийдэг явдал сүүлийн жилүүдэд газар авч байна. Мэргэжлийн бус байгууллагууд технологийн дагуу олборлолт явуулахгүй, нөхөн сэргээлт хийхгүй хаяад явдгаас үүдэж олон нийтийн дунд уул уурхайн талаар сөрөг уур амьсгал бий болсон. Гэтэл бодит байдалд монголчуудын экспортын гол орлого үндсэндээ уул уурхайн салбараас орж ирж байна.
Нүүрсний салбар дангаараа 40 орчим хувийг нь эзэлдэг. Мэдээж хариуцлагагүйн уул уурхайтай тэмцэх нь зүй ёсны асуудал. Гэхдээ үүний хоморгод маш олон компани хохирч байна. Магадгүй үйл ажиллагаагаа эхлүүлээгүй, бэлтгэлээ хангаж байсан компаниудын үйл ажиллагаанд саад болсон сөрөг үзэгдэл гарч байна.
"ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БОДЛОГОД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД САНАА ЗОВНИЖ БАЙНА"
ХЯТАДЫН НОLLY HOU КАМПАНИЙН ОРЛОГЧ МЕНЕЖЕР:
“Coal Mongolia-2019” чуулган нь Монгол, Хятадын нүүрсний салбарыг цааш хөгжүүлэхэд нэн ач холбогдолтой. Хятадын талаас коксжих нүүрсний үнэ тогтвортой, эрчим хүчний буюу хүрэн нүүрсний үнэ бууралттай байна. Далайн боомтоор Хятад руу тээвэрлэх Австралийн нүүрсний экспорт буурч байгаа. Харин эсрэгээрээ Монгол болон бусад улс орны экспорт өсөх хандлагатай байна. Энэ байдал тогтвортой хэвээр хадгалагдана гэж харж байгаа. Хятадын эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ 2-3 жилийн дараа огцом буурч магадгүй. Харин коксжих нүүрсний эрэлт буурахгүй тогтвортой байна.
Хөрөнгө оруулагчид Монголын коксжих нүүрсний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Гэхдээ Монголын уул уурхайн салбарт авч буй төрийн тогтворгүй бодлогод хөрөнгө оруулагчид санаа зовниж хөрөнгө оруулахаас эмээдэг тал бий.
"УУЛ УУРХАЙН КОМПАНИУД ТӨРИЙН ШАЛГАЛТАД ЭМЗЭГЛЭЭД БАЙХ ЗҮЙЛГҮЙ"
МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИЙН ЗАХИРАЛ Т.ГАНТӨМӨР:
Монгол Улсын оны эхний найман сарын байдлаар 33 сая тонн нүүрс олборлож, 25 сая тонн нүүрс экспортоллоо. Уул уурхайн салбар хариуцлагатай үйл ажиллагаа явуулах ёстой. Хариуцлагагүй, хууль, дүрмээ баримтлаагүй, байгаль орчинд хохирол учруулсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож байгааг бид дэмжиж байгаа. Компаниуд төрийн шалгалтад эмзэглээд байх зүйлгүй. Нүүрсний зах зээлийн гол тоглогч Хятадтай манай улс хиллэдэг нь бидэнд бусад улсаас илүү боломжийг олгож байгаа. Хятадаас газар нутгийн хувьд хол оршдог өмнөд Африк зэрэг улсад мөрөөдөл болж байхад бид Хятадтай хиллэж байгаа нь маш том боломж. Тиймээс Хятад руу транзит төмөр замаа барьж нүүрсний экспортоо нэмэгдүүлж чадвал Монгол Улсын эдийн засгийн хөгжилд маш том өөрчлөлтийг авчирна.
"ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДАД БАЯН АЙЛЫН ЭРХ ХҮҮХЭД ШИГ ДУРТАЙГАА ХИЙДЭГ"
“ЭНЕРЖИ РЕСУРС” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.БАТЦЭНГЭЛ:
Хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэх шаардлага байгаа юу гэвэл бий. Хагас нинжа хэлбэрээр ажилладаг байдлыг салбарт ажиллаж байгаа компаниудын хувьд ч тэр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тэмцэх шаардлага бий. Хувийн хэвшлийг төлөөлж байгаа хүний хувьд хэлэхэд, төр шаардлагаа хувийн хэвшлийн компаниудад тавьж байгаа бол төрийн өмчит компаниуддаа мөн яг ижил түвшинд тэр шаардлагаа тавих хэрэгтэй. Төрийн өмчийн компаниудад баян айлын эрх хүүхэд шиг дуртайгаа хийгээд явдаг, гэтэл хувийн хэвшлийн компаниудад ямар нэгэн асуудал гарахад төрийн төмөр нударга шууд буудаг. Үндсэн хуульд "Хувь, төрийн хэвшил бүгд ижил эрх, үүрэгтэй" гэж заасан байдаг. Бид хариуцлагаа үүрнэ, хэрэгжүүлнэ. Гагцхүү төрийнх, хувийн гэж ялгалгүй адил үйлчлээсэй гэсэн хүсэлт байна.
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН НҮҮРСНИЙ СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН ДАРГА М.МЭНДБАЯР:
Мэргэжлийн бус хүмүүс хамгийн амар, хялбар аргаар олборлох боломжтой алтыг энгийн, хялбараар олборлож эргээд олборлосон газраа нөхөн сэргээдэггүйтэй хариуцлагагүй уул уурхайн асуудал шууд холбоотой. 2019 онд уул уурхайн салбар улсын төсөвт 17.7 их наяд төгрөгийн татварын орлого оруулсны 14.4% нь нүүрсний салбараас орсон байна. 13.000 хүнийг тогтвортой ажлын байраар хангадаг, Монгол Улсын төсөвт тэргүүлэгч байр суурьтай салбар.
Чуулганд оролцогчид "Сүүлийн дөрвөн жил нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байгаа нь Монголын нүүс өрсөлдөх чадвартай байна хэмээн харж байгаа. Гэхдээ энэ хугацаанд тээвэр логистик, нэмүү өртөг шингээх, чанарыг сайжруулах, зах зээлээ тэлэх, найдвартай түншийн харилцаагаа тогтоох гэх мэт ажлуудыг төр орхигдуулсаар ирсэн. Дараагийн зах зээлийн сорилт нүүрлэсэн тохиолдолд ямар ч бэлтгэлгүй байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй" гэдгийг хэлж байлаа.
Холбоотой мэдээ