Ажилтай, орлоготой ч байртай болж чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Ажилтай, орлоготой ч байртай болж чадахгүй байна

Ажилтай, орлоготой ч байртай болж чадахгүй байна

Нэг үе зээл нь бүтдэг ч байр олддоггүй байсан бол өнөөдөр байр нь хангалттай ч зээл нь ховорджээ.

Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа шалтгаанаа иргэд энэ чиглэлийн зээлийг хязгаарласантай холбон тайлбарлаж буй. Зарим нь бүр танилтай байгаад ч хэргийг нь гаргаж, ипотекийн зээл гаргуулж чаддаггүй тухайгаа ярьж буй юм. Ипотект хамрагдах хүсэлтэй иргэд нь ажилтай, орлоготой, орох байрныхаа урьдчилгаа 30 хувийг бүрдүүлчихсэн, нэг ёсны банкны шалгуур хангасан иргэд юм.

Монголбанкны мэдээгээр энэ оны эхний найман сарын байдлаар гурван эх үүсвэрээс санхүүжүүлэн 283 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 4000 иргэнд олгожээ. Тодруулбал, төв банк сар бүр 16 тэрбум, Засгийн газар сар бүр 10 тэрбум, арилжааны банк мөн сар тутамд 10 тэрбум төгрөгөөс багагүй ипотекийн зээл гаргасан байна. Гэвч банкны шаардлага хангасан иргэнд ипотекийн зээл олддоггүй нь эрэлтийг гүйцэх хэмжээний зээл нийлүүлэгдэж чадахгүй байна гэж тайлбарлахаас аргагүй болгож буй. Он дуусахад дөрвөн сар үлдсэн. Дээрх урсгалаар сард 500 иргэнд шинээр ипотекийн зээл олгоно гэвэл 2019 онд 6000 иргэн ипотекийн зээлд хамрагдах болж байна.

Улаанбаатар хотын гэр хороололд 220 мянган өрх  бий. Эдгээрийг бүгдийг нь биш юм гэхэд ядаж 50 хувийг орон сууцанд хамруулж чадвал агаар, хөрсний бохирдлоо бууруулна. Гэтэл төрөөс ипотект зарцуулж байгаа эх үүсвэрийг нь тооцохоор 10 жил болсон ч утаа үйлдвэрлэгч гэр хорооллынхны тал хувь байранд орж чадаахааргүй дүр зураг бууна.

Засгийн газраас энэ оны тавдугаар сараас эхлэн гэр хороололд түүхий нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан түлшээр хангахаар болсон.  Уг түлш нь  утаа бага гаргана гэж байгаа ч хүний эрүүл мэндэд аюулгүй байж чадах баталгаа гараагүй байгаа юм. Иймээс нийслэл аюулгүй хот болохын тулд гэр хорооллоо барилгажуулахаас өөр оновчтой шийдэл байхгүй. Гэтэл өнөөдөр ажилтай, орлоготой иргэдэд нь ипотекийн зээл олддоггүй, гэр хорооллыг барилгажуулах төсөл хэрэгжүүлнэ гэж лоозогнодог ч ажил хэрэг болсон зүйл алга байна.

Төрөөс иргэдээ хямд үнэтэй орон сууцаар хангах зорилгоор Яармагийн дэнжид 1 м2 нь 1,250 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц барьж байгаа ч бэлэн мөнгөөр худалдаж аваад орчих нь тоотой. Ихэвчлэн түрээслэх, мөн л ипотекийн зээлд хамрагдах боломжийг иргэд эрэлхийлдэг.

Дээр нь дөрвөн жил шахам болж байж, 1000-аад айлын орон сууц барьж ашиглалтад оруулах болж буй нь гэр хорооллынхныг орон сууцаар хангах төрийн бодлого өнөөдрийн хурдыг гүйцэхгүй байна.

Хямд үнэтэй орон сууцанд хамрагдахыг хүссэн иргэдийн хэрэгцээ ч асар их хэвээр байна. Саяхан Нийслэлийн Орон сууц санхүүжилтийн корпораци 972 айлын орон сууцанд орох айлыг сонгохын тулд 35 мянган иргэнээс  шалгаруулалт хийлээ.  Дөч дахин их эрэлтэд нийцүүлэх сонгон шалгаруулалт  суулттай, жагсаалтай, хардлага сэрдлэг ч ихтэй өнгөрлөө.

Багш нар нийслэлийн Засаг даргыг 200 квот өгөхийг шаардаж, хэсэг хугацаанд  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны гадаа жагссан. Төрийн албан хаагчдаас нэг бүлгийг нь онцлон квот олговол эмч, сувилагч, цагдаа, онцгой гээд салбар, салбарын мэргэжлийнхэн орон сууцны квот хүсэх боломжтой  учраас хотын удирдлага хэн нэгэнд давуу эрх олгохгүй гэдгээ шулуухан хэлж,  нэгдсэн сонгон шалгаруулалтын шүүлтэд оруулсан нь зөв алхам байлаа.

Гэхдээ л гомдсон, туньсан хүмүүс  олон байна.  Ахмадууд шалгаруулалтад тэнцээгүйдээ төрдөө гомдож, төрийн албан хаагчид нь ам бүл, ажилласан жилээр бага байсан нь хасагдах үндсэн шалтгаан болсноо ярьцгааж сууна. Бусад оронд бол ажилтай, орлоготой хэн ч байсан ипотект хамрагдаж байртай болох боломжтой.  Хүү нь Монголынхоос ч бага. Зарим орны банк хүүгүй ипотекийн зээлд иргэдээ хамруулах болсноо ч зарлах болсон.

Төр ойрмогхоноос ипотекийн санхүүжилтээ нэмэгдүүлж, гэр хорооллоо барилгажуулахад анхаарахгүй бол ажилтай, орлоготой байгаад ч байртай болж чаддаггүй харгис тогтолцоо олон мянган иргэнийг гэр хороололд нь "хадах" нь.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж