Зөвшөөрөлгүй 250 чингэлгийг албадан буулгана

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй 250 чингэлгийг албадан буулгана

Зөвшөөрөлгүй 250 чингэлгийг албадан буулгана

Нийслэлийн төвийн дүүрэгт ачаа, тээш тээвэрлэх зориулалт бүхий хэрэгсэл /чингэлэг/ олноор байршуулсан байдаг. Энэ нь хотын өнгө үзэмжид нөлөөлөөд зогсохгүй олон сөрөг үр дагавар бий болгодог байна.

Тиймээс Баянгол дүүргийн Засаг дарга энэ оны есдүгээр сарын 1-нээс эхлэн дүүргийн нутаг дэвсгэрт зориулалтын бусаар чингэлэг ашиглахыг хориглосон албан даалгавар гаргаж, холбогдох байгууллагуудад чиглэл өгчээ. Энэ тухай тус дүүргээс өнөөдөр /2019.09.05/хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын хамаарал бүхий 250 гаруй чингэлэг байгаа аж. Эхний ээлжид эдгээр газруудад албан мэдэгдэл хүргүүлж, сайн дураар чөлөөлөх хугацаа олгож байгаа юм байна. Энэ хугацаанд албан даалгавар биелүүлээгүй бол үйл ажиллагаа явуулах эрхийн хүрээнд хариуцлага тооцох ажээ. Уг албан даалгаврыг биелүүлэхэд Баянгол дүүргийн төрийн байгууллагууд хамтран ажиллаж, хэрэгжилтийг хангахад хяналт тавих юм байна.

Цагдаа, эрүүл мэндийн байгууллагад тус дүүргийн оршин суугчдын зүгээс ирүүлсэн санал, гомдлын судалгаагаар хотын төвд зориулалтын бусаар байршуулсан контейнерүүд нь албан бус бие засах, хог хаягдлын цэг болж агаар, хөрсний бохирдлыг бий болгож, олон төрлийн халдвар үүсгэх эрсдэлийг дагуулдаг юм байна. Мөн тухайн бохир орчинд хүүхэд багачууд тоглох, бэртэж гэмтэх, шөнө оройн цагаар гэмт хэрэгт өртөх шалтгаан нөхцөл болдог аж.

Хэвлэлийн хурлын үеэр Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа ярихдаа “Бидний хийж буй ажлын уриалга бол "Нийслэл хотоо чингэлгээс чөлөөлж, орны бохирдлоос ангижръя" гэсэн байгаа. Өнгөрсөн жил бид нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөлсөн бол энэ удаагийн албан даалгавар бол аж ахуй нэгжүүдэд чиглэсэн. Тухайн аж ахуйн нэгжүүд өөрсдийн хашаан дотор байгаа чингэлгүүдийг зөөгөөд, оронд нь мод, цэцэг тарих хүсэлт тавьж байна. Баянгол дүүрэг энэ ажилд Нийслэлийн бусад дүүргээ уриалж байгаа юм. Ялангуяа томоохон зочид буудал, ресторанууд хашаандаа том чингэлгүүд тавьсан байдаг.

Хамгийн гол нь хүүхдүүд дээр нь гарч гүйж тоглодог учир эрсдэл үүсээд байна. Нийслэл бол бидний гэр орон. Амьдрах орчин цэвэрхэн бол сэтгэл санаа сайхан байдаг шүү дээ. Тиймээс бид Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргээ цэвэрхэн, өнгө үзэмжтэй болгох ажлыг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна” гэсэн юм.

Өнгөрсөн 2018 онд тус дүүрэг нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан 400 гаруй чингэлгийг нүүлгэн шилжүүлж, зам талбайг чөлөөлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж