Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран Чойбалсан, Чулуунхороот сумдын нутагт холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьжээ. Шалгалтаар Чойбалсан суманд үйл ажиллагаа явуулж буй хайлуур жоншны “Нью нимон майнинг” ХХК нь газар, ус ашиглах гэрээ, хог хаягдлын гэрээ зэргийг хийлгүйгээр үйл ажиллагаа явуулсан, “Буул Бл” ХХК хайгуулын өрөмдлөг хийхдээ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүйгээр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж байсан зөрчил илрүүлж, “Буул Бл” компанийн хайгуулын үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Мөн Улаанбаатар хотын иргэн Л нь хууль бусаар дэрвэгэр жиргэрүү ургамлын үндэс түүж бэлтгэсэн, Чулуунхороот сумын нэр бүхий иргэд хашаа, агуулахдаа байгалийн ургамал, дэрвэгэр жиргэрүү ургамлын үндэс хатааж хадгалж байсныг илрүүлж, нийт 13.1 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлэв. Түүнчлэн зөвшөөрөлгүйгээр цагаан зээр агнасан иргэн Т-д 1.0 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, торгуулийн арга хэмжээ авчээ.
Б.ЖАРГАЛ