Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн Бага нуур гэдэг газар нуурын усанд олон тооны усны шувуу болох бор галуу, цахлай, алаг нугас үхсэн тохиолдол наймдугаар сарын 30-ны өдөр гарсан. Улмаар есдүгээр сарын 1-нээс эхлэн тухайн газарт аймгийн Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв болон бусад хамтарсан байгууллагуудын шалгалт үргэлжилж байна.
Үхсэн шувуу болон хөрс, усаас дээж авч энэ сарын 3-ны өдөр Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лабораторит шинжилгээнд ирүүлсэн бөгөөд үхсэн 16 зүйлийн 1521 шувуудыг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.
Ямартай ч урьдчилсан шинжилгээний хариугаар гоц халдварт өвчний нян илрээгүй учраас эсийн шинжилгээ хийх зорилгоор дээж ургуулж байгаа тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газраас өгч байна. Эсийн шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ