Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гаригт /2019.09.03/ Монгол Улсад айлчилсан билээ. Түүний энэхүү айлчлалтай холбоотойгоор Оросын “Федеральное агентство новостей” агентлаг Оросын Төрийн думын Олон улсын харилцааны асуудал хариуцсан нэгдүгээр орлогч дарга Дмитрий Новиковын байр суурийг онцлон, “Монголын газарзүйн байрлал Оростой харилцах хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ?” нэртэй нийтлэл гаргажээ.
Дмитрий Новиков дээрх айлчлалаар байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд нь хоёр улсын хамтын ажиллагаанд томоохон боломжууд нээж өгнө гэж үзэж байгаагаа илэрхийлсний дээр Азийн бүс нутаг дахь Монголын геополитикийн ашигтай байрлал нь төрөл бүрийн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломж олгоно хэмээн онцолсон байна.
Тэрбээр “Бидэнд эдийн засгийн болоод хил орчмын хамтын ажиллагаанд боломжууд бий. Түүнчлэн боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарт ч хамтран ажиллах боломжтой. Хоёр улсын улс төрийн гол хүчнүүд ч үүний төлөө эрмэлзэж байна. Мөн Монгол Улсын хувьд Азийн бүс нутагт газар нутгийн байрлалын хувьд давуу талтай тул олон төрлийн зам тээврийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой. Чухал биш ард түмэн, улс гэж байдаггүй.
Одоо дэлхий нийтийн анхаарал Ази руу тэр дундаа, Монгол руу чиглэж байна. Энэ бүс нутаг эрчимтэй хөгжиж байгаа. Өнөөдөр хүчний тэнцвэр хэрхэн өөрчлөгдөж байгааг ойлгохын тулд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны хамгийн сүүлд нэг шуугиан тарьсан нийтлэл бичсэн, түүнийг уншихад л хангалттай. Монгол Улс Азийн хамгийн их хүн амтай орон биш, эдийн засгийн үзүүлэлтээрээ ч дэлхийд дээгүүрт ордоггүй. Гэхдээ энэ улстай харилцаагаа хөгжүүлэх нь бидэнд нэн чухал ач холбогдолтой.
Ази Европыг холбосон тээврийн коридортой холбоотой санаачилгууд Орос, Монголын оролцоогүйгээр хэрэгжих боломжгүй юм. Орос, Монголын найрсаг хөршийн харилцаа түүхийн олон үеүдийг дамжиж ирсэн. Тэр дундаа ЗХУ-ын үе нь хоёр улсын хөршийн харилцааг илүү тодорхойлно. 1990-ээд онд манай хоёр улсын харилцаа бага зэрэг эргэлзээтэй болсон. Бид түүхээ зөвөөр ашиглах ёстой” хэмээн Новиков өгүүлсэн байна.
Эх сурвалж: RIAFAN.RU
Холбоотой мэдээ