Мөнхрөлийн хутаг оршвой

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Мөнхрөлийн хутаг оршвой

Мөнхрөлийн хутаг оршвой

Их номын өргөө олны хөлд дарагджээ.

“Билүүтэй уулынхаа овоонд

Чулуу ганцыг нэмлүү дээ

Биеэ хувааж төрүүлсэн

Ижийнхээ ачийг ч яалаа даа…” хэмээн уярал, ухаарал шингэсэн дуун эгшиглэнэ.

Бавуугийн Лхагвасүрэн найрагчийн “Морин зэрэглээ” номын хуримд эрхэм андууд, номын төрөл саднууд нь уригдаж, гэгээн танхимд уярал хайр цалгин, дурсамж ундраастай. Хичнээн дотно… Эрхэмсэг бөгөөд эгэл…

Олонтой хүн юм аа, яахын аргагүй. Их найрагчийн гэргий Баасан эгчийн дэргэд Ардын Уран Зохиолч Пунцагийн Бадарч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зохиолч Цэндийн Доржготов, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Долгорын Цэнджав, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Лувсандамбын Дашням тэргүүтэй утга зохиолын салбарын томчууд, Ардын жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагва, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж зэрэг олон зочин заларчээ. Номын хуримд ирсэн содон зочин Ардын жүжигчин Гомбын Мягмарнаран байлаа. Тэрбээр монгол түмний их хүндлэлийг хүлээсэн эрхэм найрагчтай 68 жилийн турш хамтдаа байж, зовлон жаргал, баяр хөөрөө хуваалцсан унаган багын найз нь юм. Бавуугийн Лхагвасүрэн найрагч Л.Хасартаа маш их хайртайн хэрээр маш олон шүлэг зориулан бичсэн юм билээ.

Л.ХАСАР: МИНИЙ ААВ ХАЙР БҮТЭЭДЭГ ХҮН БАЙСАН ЮМ БИЛЭЭ

“Морин зэрэглээ” номын нээлтийн ёслолын эхэнд Бавуугийн Лхагвасүрэн найрагчийн хайртай хүү Л.Хасар үг хэлэхдээ “Аавын минь номын хуримд морилон ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Энэ жил аавын минь 75 насны ой тохиож байна. Цаашдаа Бавуугийн Лхагвасүрэнгийн нэрэмжит сан байгуулах, төрсөн өдрийг нь тохиолдуулан яруу найргийн наадам зохион байгуулах олон ажил бий. Аавынхаа Монголын утга зохиолын төлөө бага залуу наснаасаа сэтгэл зүрх, бүхнээ зориулсан, хийсэн бүхнийг нь үргэлжлүүлэхийн тулд ихэд хичээж явна даа.

Энэ номын хувьд ихэнх нь тэмдэглэлийн дэвтрээс нь авсан шүлгүүд бий. Яагаад тэмдэглэлийн дэвтрүүдээс нь авсан шүлгийг оруулав гэхээр миний аавын дотоод ертөнцөд хүмүүс илүү их ойртоосой, илүү их дотноор хараасай, түүн дотор оршоосой гэсэндээ энэ номыг гаргасан юм шүү. Би аавыгаа яруу найрагч, зохиолч хүн гэж боддог байсан. Үгүй ээ, миний аав хайр бүтээдэг хүн байсан юм билээ. Тэгэхээр аавын минь хайрласан хайр, хүслийн нэгээхэн хэсэг байлгах гэсэн энэ номыг та бүхэн уншин таалаарай. Та бүхэндээ маш их баярлалаа” хэмээн хэлсэн юм.

Хуурын эгшиг уянгалан, ХЦДБЧ-ын “Эетэн” хамтлаг “Үүлэн бор” аялгуугаар хүндэтгэл үзүүлэв. Бавуугийн ганц хүүгийн анхны шүлэг гуравдугаар ангид сурч байхад нь “Пионерийн үнэн” сонинд хэвлэгджээ.

П.БАДАРЧ: ЛХАГВАСҮРЭНГИЙН ШҮЛЭГ ГАЙХАЛТАЙ ДАА

"Орчлон гэдэг тийм гэж хэлж болохгүй, тэгдэггүй гэж хэлж болохгүй жамтай юм даа. Өнөөдөр бид Лхагвасүрэнтэйгээ яаж сайхан үерхэж, яаж сайхан уулзаж, учирч явлаа. Нас гэдэг ийм юм байдаг юм байна аа. Төрийн шагналт, Ардын жүжигчин Намсрайн Сувд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, манай Лхагвасүрэн гол үүргийг гүйцэтгэж, бид “Монгол тулгатны 100 эрхэм”-д оролцож байснаа тодорхой санаж байна. Бүтээл нь мөнх байдаг юм. Боржигоны бор тал шүлгээ хаана ч явсан уншдаг. Шүлэг нь гайхамшигтай даа. “Та нарын тухай дурсамжийн ном бичиж байгаа” гэсэн, тэр номыг нь Хасар үргэлжлүүлэн хэвлүүлж гаргана байх гэж бодож байна. Энэ номын төлөө, Лхагвасүрэнгийнхээ мөнхрөлийн хутгийг олохын төлөө, олон авьяастныг төрүүлнэ гэдэгт үнэхээр итгэж байна. Гэргий Баасан, үр хүүхдүүд нь энэ сайхан авьяастны үйл хэргийг олон олон жил үргэлжлүүлнэ гэж найдаж байна. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхэн, эрүүл энхийг хүсэн ерөөе” гэв.

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Цэгмидийн Цэрэнболд Бавуугийн Лхагвасүрэн найрагчийн "Өлөгчин чоно" шүлгийг уншиж сонирхуулсны дараа Соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Шагдаржавын Бямбацогт гэгээн дурсамжаасаа хуваалцав. Тэрбээр хоёр жилийн өмнө Америк орон руу нэрт найрагч болон нөхдийн хамт явж, буцаж хил гарахдаа бүх чемодан дээрээ Лхагвасүрэн ахаа хаан мэт суулгаад явсан хэмээн өгүүллээ.

Г.МЯГМАРНАРАН: МИНИЙ НАЙЗ ОДОО Ч АМЬД

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Лувсандамбын Дашням "Миний хувьд бэрх сайхан уулзалт гэж хэлье. Яагаад гэвэл орчлон ертөнцийн мөнх бусыг мэдрүүлээд, мөнх гэдгийг ойлгуулаад буцсан, өөрийнхх нь хэлснээр бурханд харагдаж, өөрийгөө таниулж байгаа тийм аугаа найрагчиййн нэгэн номыг бид баяртай хүлээж аваад сууцгааж байна. Би найрагчийг мэддэг маш эртний нөхрийн нэг болж таарч байна. Гүрбазарыг бондгор бор банди, горзгор бор банди Сосорбарам нарыг хүүхэд байхад хуучлаад сууж байсан.

Энэ ном Лхагвасүрэнгийн номуудаас их өөр ном байна. Шүлгүүд нь их богинохон байна. Лхагвасүрэн ярьдаг байсан. Миний найз нар бүгд философич. Философич биш нь би гэж хэлдэг. Тэр худлаа гэдгийг би өөрт нь хэлж байсан. Энэ ном философич гэдгийг нь бүр тод хэлнэ. Олон үг хашилтад бичигдсэн байна. Яагаад тэгэв гэдгийг уншихдаа та нар бодоорой. Гүйцээж бодсон ном байна. Өдөр болгон дэлгэцэнд амьд байгаад байх чинь нэг талын хэцүү юм. Нөгөө талын бахархалтай, сайхан юм. Бидний дунд өнөөдөр хажууд байгаа юм шиг байна гэдэг ямар сайхан юм бэ. Холын замд явахад нь амжиж хэд хэд уулзсандаа өөртөө баярлаж байна. Лхагвасүрэн хөгжөөнтэй наргиантай амьдарсан. Лхагвасүрэн бол хайраас л төрсөн хүн… Хэцүү байна, уучлаарай (уйлав.сурв) гэв.

Монгол Улсын консерваторын дуулах ур зүйн багш, МУСТА Чулууны Батцэнгэл Б.Лхагвасүрэн найрагчийн “Ижийнхээ ачийг яалаа даа” дууг дууллаа.

Номын хуримыг өндөрлүүлж, түүний дотны, багын найз, Ардын жүжигчин Г.Мягмарнаран хэлэхдээ “Та бүхний мэддэг зүйлийг яримааргүй байна. Би долоотой, Лхагвасүрэн наймтай байсан байх. Өөрөөр хэлбэл 68 жилийн өмнөх танил найзууд юм. Надад өнөөдөр Лхагвасүрэн өнгөрсөн, өнгөрчихлөө дөө гэсэн бодол ерөөсөө төрдөггүй. Хүлээн зөвшөөрдөггүй. Би Лхагвасүрэнгээ одоо амьд гэж боддог. Лхагвасүрэнгийн тэр их ухаан хаанаас гардаг юм. Бид сайхан үерхэж нөхөрлөж байсан даа” гээд Лхагвасүрэнгийндээ очиж хааяа нэг шатар тоглодог байсан, Идэрбат та хоёрын дэргэд л би өөрийнхөөрөө байж чөлөөтэй ярих юм гэхчилэн гэгээн дурсамжуудаасаа хуваалцаж, “Миний найз оюуны охь, их ундарга. Найздаа мөргөе” хэмээн хэлсэн юм.

Яасан их үгүйлэгдэнэ вэ?

“Морин зэрэглээ” номын хуримд ирсэн зочдын адил Лхагваа ахтай гэгээн сайхан дурсамжууд хөвөрнө. Би Лхагваа ахынд очих дуртай. Баасан эгч “Ажлаа тараад ирсэн, хоол ид, цай уу” гээд ирсэн зочин бүрийг дайлж цайлдаг зангаараа шахна. Нэг их том хүн ирсэн аятай Лхагваа ах улс төр, нийгмийн амьдралын сонин хачин асууж, санал солилцоно. Тийм том мундаг хүн “тоох”-оор эхэндээ их эмээдэг байлаа. “Уулзах хүмүүс уулздаг” зургаар ах, дүүгээс эхлээд охин шиг нь болтлоо дотносох ерөөл байсан биз ээ.

Би азтай хүн. Хэр баргийн хүнд олны хүндлэл хүлээсэн, их соён гэгээрүүлэгч эрхэм хүний бодлын шимэлдэг шүлэг, бүтээлийг шивж өгөх хувь тохиохгүй биз ээ. Лхагваа ах бас л мундаг яруу найрагчтай ярьж байгаа юм шиг шинээр бичсэн шүлгээ уншиж өгөөд, “Ямар шүлэг болж вэ” хэмээн асууна. Би юу хэлэх билээ, “Ёстой гоё” л гэх нь тодорхой. Лхагваа ах “Чиний наад гоё намайг нэг баллах вий” хэмээнэ. Ахын хүүхдүүд “аавын бичээч”, “аавын шивээсчин”, “аавын Шихихутаг” гэхчилэн намайг цаашлуулна.

“Морин зэрэглээ” номын шүлгүүдийг хуулж бичихэд амар байсангүй. Үг бүхэн нь ухааруулж хэлээд, аргадаж зэмлээд, зөвлөөд байгаа мэт санагдан, нулимс урсана. Миний хувьд тэгтлээ их үгүйлэгдэж байхад Хасарт мөн ч хэцүү байсан байх гэж бодогдож байв.

Их хүмүүн ирээдүйг хардаг биз ээ. Лхагваа ах хүүхдүүддээ “Эрдэнэтуяагаас өөр хүнээр шүлгээ бичүүлэхгүй” гэж “зарлиг буулгасан” юм билээ. Тиймээс ахын хүүхдүүдтэй “Морин зэрэглээ”-д өчүүхэн хувь нэмрээ оруулсандаа талархаад баршгүй.

Лхагва ахынд очсон орой хоёр хацраа хөшиж хөндүүрлэтэл инээсээр харина. Тийм гоё хөгжилтэй өдрүүдийн олон олон дурсамж төгсөшгүй юм.

Очих тоолондоо тараг аваачиж өгдөг надад Лхагваа ах “хоёр тараг” гэсэн нэр хайрласан юм, би тэр нэрэндээ хайртай. Одоо Лхагваа ахын хүүхдүүд “Өө, хоёр тараг ирлээ” гэсээр угтах нь таатай.

Лхагваа ах намайг “Үнэн хүн юм” гэж анх тодорхойлж билээ. Хааяа очихоороо “Эрдэнэтуяа минь чамд илүү маяг хэрэггүй шүү” гээд загнуулна, дараа нь аргадуулна. “Ирсэнгүй” гэж утсаар зэмлэхээр нь гэмшсээр яаран очдог өдрүүд, “Эдгээд хоёулаа их зүйл хамт хийнэ. Дахиад олон ном гаргана” хэмээн итгэл төгс хэлж байсан нь одоо ч тодхон сонсогдох.

Яг одоо гүйж очоод хацраа үнсүүлмээр, загнуулж, аргадуулж, эрхэлмээр санагдана. Сэтгэлд минь том орон зай эзлэн орших Лхагваа ахын тухай дурсамжууд хөвөрч, санах тусам маш их үгүйлсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж