"2000 оны дордохын долоон өөрчлөлт шиг болвол яах вэ"

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

"2000 оны дордохын долоон өөрчлөлт шиг болвол яах вэ"

"2000 оны дордохын долоон өөрчлөлт шиг болвол яах вэ"

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор Б.Эрдэнэдалайтай улс төрийн намуудын төлөвшил, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр "ДеФасто" интитуттэй хамтран Улс төрийн намуудын дотоод ардчиллын судалгааг хийснээ өчигдөр танилцуулсан юм.


-Улс төрийн намуудын хувьд дотоод ардчилалтай эсэх талаар судалгаа хийжээ. Судалгааны дүнд манай улс төрийн намууд бусад ардчилсан орны аль хэмжээнд нь явж байна гэж дүгнэв?

-Олон улсад улс төрийн намыг яаж төлөвшүүлэх, ардчилсан улс оронд ардчиллыг яаж дэмждэг байх вэ гэдгийг судалж байна. Хамгийн сайн төгс хувилбарыг гаргаж ирсэн, сайн жишиг гэхэд хэцүү. Аль алинд нь сайн зүйл байна. Гэхдээ сайны хажуугаар саар зүйл ч гарч ирж байна. Тэгэхээр бид Монголын улс төрийн намуудыг зөв төлөвшүүлэх, дотоод ардчилалтай болгохыг ямар арга зүйгээр судалж болох, улс төрийн намын дотоод ардчиллыг яаж судлах вэ гэдгийг маш нарийн судалж байж судалгааны арга зүйг гаргаж ирсэн. Улс төрийн нам өөрөө дотоод ардчилалтай байна гэдэг нь тухайн улс орны амьдрал, иргэдэд хамгийн ихээр нөлөөлөх зүйл юм. Хэрэв улс төрийн нам өөрөө дотооддоо, гишүүддээ  дотоод ардчилалгүй байх юм бол иргэд, сонгогчдод нээлттэй, ил тод, авлигаас ангид байх, улс төрийн нам бялуу хуваах хэрэгсэл биш гэж харах нөхцөл бүрдэнэ. 2018 онд нийт 28 намаас судалгаа авах гэж оролдсон боловч зургаан улс төрийн намын гишүүдээс судалгаа авсан. Судалгааны явцад улс төрийн намын гишүүн нь бидний асуултын талаар мэдээлэл байхгүй, ойлгохгүй байх зүйлүүд тулгарсан. Энэ нь өөрөө улс төрийн намууд ямар үнэт зүйлтэй, ямар улс төрийн үзэлтэй, гишүүддээ мэдлэг олгоход төдийлөн анхаарал тавьдаггүй юм байна гэдэг нь харагдсан. Энэ жилийн хувьд УИХ-ын сонгуулийн 42-р тойргийн сонгууль болохоор товлогдож, Сонгуулийн ерөнхий хороо бэлтгэлээ базааж, нөхөн сонгууль болно гэсэн улс төрийн үйл явц өрнөсөн үе байсан учраас намын дотоод ардчиллын түвшинд бага зэрэг нэмэгдэхүйц үр дүн гарсан. Улс төрийн нам бол байнгын, тогтмол бодлого боловсруулдаг, гишүүдийнхээ төлөө ажиллагаа нь жигд байх ёстой. Гэтэл зөвхөн сонгуульд зориулж ажиллаж, идэвхжиж байна уу, үгүй юу гэдгийг ч бидний судалгаа харуулна.

Намуудыг оноо өгч, дээр доор нь эрэмблэхдээ гол нь биш, намууд дотоод ардчилалтай байх ёстой шүү, зөвхөн нам дотоод ардчилалтай байхаас гадна иргэд ч гэсэн мэдээлэлтэй, мэдлэгтэй байж  улс төрийн сонголтоо зөв хийх, хариуцлагатай байх зүйлд хүрэхийн тулд судалгаагаа хийсэн.

 -Судалгааны аргачлалыг энэ жил сольсон байна. Учир нь намын гишүүнчлэл бодит бус байсан гэж тодорхойлсон. Манай намууд сонгууль бүрийн өмнө гишүүдийнхээ тоог зарлаж, 200 мянга, 300 мянган гишүүнтэй гэдэг шүү дээ. Гэтэл яагаад намын гишүүнчлэл бодит бус байна вэ?

-Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намууд анх яаж бүртгүүлсэн тэр тоо, гишүүдийн нэрс нь одоо ч явж байна. Гэтэл нам хуваагдаж, хоёр нам болж байна, намд шинэ гишүүд элсч байна бас намаасаа гарч байна гэх мэт энэ бүртгэл огт шинэчлэгддэгүй. Намууд тэр талаарх мэдээллээ ил болгодоггүй, судлаачид, иргэд энэ талаар бодит мэдээллийг авч чаддаггүй. Намууд гишүүдийн бүртгэлээ ил гаргахгүй, шинэчлэхгүй байгаа нь сонгуулийн тактик юм. Сонгууль болохоор манай нам тэдэн мянган гишүүнтэй, тэдэн зуун гишүүн шинээр элслээ гэх мэт мэдээллийг олон нийтэд хэлдэг нь массыг татдаг тохиолдол байна. Өнгөрсөн жил судалгаа авахдаа бүртгэлтэй намын гишүүдтэй холбогдоход намаасаа гарсан, намын гишүүн биш, судалгаанд оролцох боломжгүй гэх мэт олон хариулт өгч байсан. Энэ намын биш гэсэн хариулт маш их байсан. Энэ нь өөрөө намуудын дээд шүүхэд бүртгэлтэй гишүүнчлэлийн тоо хөөсөн тоо юм байна гэдэг нь харагдсан. Судалгаа хийнэ гэдэг бол бодит байдлыг ил гаргах, таамаглахгүйгээр бодитойгоор гаргаж ирэх боломжийг олгож байна.

-Судалгааг цаашид ч үргэлжлүүлэх нь гэж ойлголоо?

-Судалгаа цаашид бид тогтмолжуулна. 2018 онд ямар байсан, сонгуулийн идэвхтэй үед ямар байсан, их хурлын сонгуулийн өмнө яаж савлаж, идэвхжиж байх үед ямар үр дүн гарч байгаа зэргийг судлаад явна. Аль нэг намаас хараат бус учраас цаашид судалгааны арга зүйгээ улам сайжруулж, сонгогчид, иргэдэд бодит мэдээллийг хүргэх болно. Эхний жил намын гишүүд судалгаанд оролцохдоо айдасгүй оролцож, бодит байдал гарч ирсэн. Гэтэл дараагийн судалгаанд оролцоход хүмүүс манай нам дээшээ, доошоо явах уу гэх мэтээр цэгнэж эхлэх учраас судалгааны аргачлалаа цаашид өөрчлөх, илүү боловсронгуй болгох гэм мэтээр шинэчлээд явна. Нөгөө талаар улс төрийн намын дотоод ардчиллын индексийг иргэд ойлгож, хүлээж аваасай гэж хүсч байна. Сонгогчид намын бодлого юу байгаа, мөрийн хөтөлбөр нь бидний амьдралд яаж нөлөөлсөн, хэр биелсэн бэ гэдгээр нь дүгнэлт хийж сонголтоо хийдэг болох, намууд ч мөн дотоод ардчиллаа бэхжүүлж, гишүүдийн оролцоог хангахад анхаарах ёстой шүү гэдэг үүднээс энэ судалгаа бас хийгдэж байгаа.

“СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ҮНДСЭН ХУУЛЬД ТУСГАХ НЬ УЧИР ДУТАГДАЛТАЙ”

-Иргэд намаар дамжуулж төрд төлөөлүүлэх, төлөөллөө сонгодог. Иргэд илүү бодитой, бодлого сонгохын тулд дараагийн сонгуулийн өмнө намууд юун дээр анхаарч, төлөвших шаардлага байна вэ?

-Сонгогчийн боловсрол маш чухал. Түүнээс гадна сонгуулийн тогтолцоог сонгууль бүрийн өмнө өөрчилдөг ойлгомжгүй байдал илүү тодорхой, ойлгомжтой байх ёстой. Сонгууль бүрийн өмнө сонгуулийн хуулиа өөрчилж, мажоритар систем, улс нэг тойрог, 76 жижиг тойрог гэх мэтээр өөрчилдөг байдал нь өөрөө тодорхой бус байдал. Энэ ойлгомжгүй байдал бидэнд урьдаас мэдэгддэг байх хэрэгтэй. Урьдаас зөвхөн гал намжаах байдлаар бус сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хууль зэрэг нь тооцоотой, төлөвлөгөөтэй, эртнээс иргэдэд мэдээлэл нь хүрсэн байх ёстой юм. Ер нь бол иргэд улс төрийн мэдлэг, боловсрол дутмаг байх тусмаа хээл хахуульд автсан, хэсэг бүлэг хүмүүст л ашигтай. Тиймээс иргэд өөрсдөө маш хариуцлагатай, бодож сонголтоо хийх хэрэгтэй. Бид нэг хүнийг олон жил УИХ-ын гишүүн байлгаж үзлээ, эвслийн Засгийн газар байлгаж, нэг нам дангаараа засгийн эрх барьж үзсэн гээд бид бүгдийг нь “туршиж” үзлээ. Одоо бол дараагийн сонгуульд бид маш хариуцлагатай сонголт хийх ёстой. Ялангуяа залуучуудад зориулсан, мэдээ мэдээлэлгүйгээс болж сонголтоо буруу хийх, эсвэл сонгуульд оролцох нөхцөл бий болох учраас маш том бодлогын өөрчлөлт хийх хэрэгтэй.

-Яг одоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ хийж байна. Энэ өөрчлөлтөд бас сонгуулийн тогтолцоо, улс төрийн намтай холбоотой,  Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлэх гэх мэт намтай холбоотой заалтууд хэлэлцэгдэж байна. Улс төр судлаачийн хувьд эдгээр заалтуудыг Үндсэн хуульд оруулах асуудлыг юу гэж дүгнэж байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг өрнөж байна. Явцын хэлэлцүүлгийн үр дүн яаж гарч ирэх вэ гэдгийг харах  хэрэгтэй. Гэхдээ энэ өөрчлөлтийг маш сайн хэлэлцэхгүй бол 2000 оны дордохын долоон өөрчлөлт шиг болбол яах вэ. 65 суудалтай байхдаа Үндсэн хуульд  нэмэлт, өөрчлөлт хийгээд дордуулбал эргээд намын рейтингэд нөлөөлөх гэх мэт асуудал үүснэ. Яагаад гэвэл дараа нь энэ өөрчлөлт буруу гэвэл яах вэ. Угтаа бол дотоод ардчилалтай байх юм бол Засгийн газрыг огцруулахгүй байх, буруутай байсан ч олонхоороо дайраад аваад үлддэг асуудал үүсэхгүй шүү дээ. Нэг нам дангаараа парламентаа бүрдүүлсэн байж Засгийн газраа огцруулж байна гэдэг нь тухайн нам дотоод ардчилалгүй байгаагийн илрэл. Энэ нь өөрөө бялуу хувааж байна уу, наймаа явж байна уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Улс төр өөрөө цэвэр тунгалаг, ил тод байх хэрэгтэй. Намын удирдлага, хэсэг бүлэг хүмүүс асуудлаа шийддэг бус намын гишүүдээсээ асуудаг, ярьж хэлэлцэж, сонгодог байх ёстой юм. Харин сонгуулийн тогтолцоог буюу тийм системээр явуулна гэдгийг Үндсэн хуульд тусгах нь учир дутагдалтай гэж бодож байна.

-Сонгуулийн хууль, улс төрийн намын тухай хуулиуд парламент болон улс төрийн хүрээнд хамгийн их маргаан дагуулдаг хуулиуд. Магадгүй Үндсэн хуулийн өөрчлөлтөөс үл шалтгаалан сонгуулийн хуулиуд болон улс төрийн намын тухай хууль орж ирэх болов уу гэсэн хүлээлт байна. Улс төрийн намуудыг зөв төлөвшүүлэхэд хуульд ямар өөрчлөлт оруулах, сонгуулийн тогтолцоог ойлгомжтой байлгахын тулд ямар өөрчлөлтүүд хийх ёстой гэж та харж байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтөд  Сонгуулийн хуульд намын санхүүжилтийг ил болгох, төсвөөс намуудыг санхүүжүүлэх зэрэг намтай холбоотой өөрчлөлтүүд оруулж ирэхээр төлөвлөсөн байна. Намын санхүүжилт өөрөө ил тод байх, төсвөөс санхүүжих зэрэг нь одоогийн мөрдөгдөж байгаа органик хуульд байгаа заалт.  Тэгэхээр одоо байгаа хуулиа биелүүлдэг, санхүүжилтээ ил тод тайлагнадаг байх ёстой. Жишээлбэл, нэр дэвшигчийг тодруулахдаа намдаа хандив авдаг. Гэтэл нэр дэвшигч их хэмжээний хандиваа эхний гурван жил өгөөд, сонгуулийн жил өгөөгүй бол яах вэ, үүнийг яаж мэдэх вэ. Төсвөөс санхүүжиж байж бодлогын нам болно гэдэг. Гэтэл төсвөөс яаж, хэрхэн санхүүжих, төсвийн санхүүжилтээ яаж бодлогодоо тусгаж хэрэгжүүлэх вэ гэх мэт тодорхой бус зүйлүүд байна. Тэгэхээр

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг заалт бүрээр нь маш нухацтай, хэлэлцээд, засч сайжруулаад явах ёстой болов уу.

Эрх барьж байгаа нам өөрсдөдөө зориулж сонгуулийн өмнө  сонгуулийн хуулиа өөрчилдөг. Энэ өөрчилдөг  байдлыг засахын тулд Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог тусгаж байгаа гэж тайлбарлаад байгаа?

-Сонгуулийн хууль өөрөө маш ойлгомжгүй, нэг нам гарч ирээд бүх сонгуулийн хуулиа нэгтгэсэн бол өөр нам гарч ирээд бүгдийг нь салгах гэж байна, одоо. Энэ мэт маш ойлгомжгүй байдал бий болсон. Сонгуулийн хуулийг сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчилдөггүй байх олон улсын зарчим байдаг ч энэ заалт одоогийн хуульд байхгүй. Энэ бол маш ашиг сонирхол. Бидний өнөөдрийн дотоод ардчилалтай болооч гэж хэлж байгаа зүйлийг юу яриад байна вэ гэж инээж хүлээж авах хүмүүс л тэнд сууж байна шүү дээ. Түүнээс гадна 2005 онд улс төрийн намын тухай хуулийг болохгүй, дутагдалтай, хянаж чадахгүй байна гээд 2013 оноос улс төрийн намын тухай хуулийг өөрчлөхөөр маш сайн боловсруулж оруулж ирсэн. Гэтэл энэ хууль дарагдаад алга болсон. Батлагдахгүй, сунжирч байна гэдэг нь батлах сонирхолгүй байгаагийн илрэл.

“ПУТИНЫ АЙЛЧЛАЛ УЛС ТӨРИЙН ХУВЬД ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХ НӨХЦӨЛИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙНА”

-ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Монголд айлчлаад буцлаа. Айлчлалын үр дүнг олон янзаар дүгнэж, ярьж байна. Та судлаач хүний хувьд айлчлалын үр дүнг юу гэж харж байна вэ?

-Мэдээж хэрэг ОХУ-ын ерөнхийлөгч айлчлалын үр дүнд боломжтой зүйлүүд гарч ирж байна. Энэ удаагийн айлчлалын үр дүнг олон улсын судлаачид дүгнэж, харьцуулж байна. Бид хоёр том хөрштэй, хойд хөршийн ерөнхийлөгч айлчилна гэдэг нь олон улсад томоохон айлчлал болж харагдаж байна. Энэ айлчлалын үр дүнд бодит хөрөнгө оруулалтууд авчирч байх шиг байна. Улс төрийн талаас нь зарим хүмүүс хэт том гүрэн гэж харж, бүхнийг зориулж байна гэсэн шүүмжлэл байна. Аливаа зүйл хоёр талтай.

Тиймээс айлчлалын дараа бодлогын чанартай хэлэлцээрийн үр дүн, өгөөж нь хэр байх, хэрэгжилтийг хянаж, бодитой үр дүн гаргахад анхаарах хэрэгтэй болов уу.

Яагаад гэвэл өмнөх айлчлуудын үр дүн төдийлөн тодорхой бус, бас үр дүн ямар байгаа талаарх хэрэгжилт сул байснаас бодит үр дүн бага гарсан тохиолдлууд олон бий.

-Хоёр том хөршийн дунд жижиг улс учраас айлчлал бүрийг том зургаар нь эдийн засгийн бодит үр дүн юу байна вэ гэдгийг чухалчлах ёстой болов уу. Үр дүнгээ өгч чадахаар байна уу?

-Үр дүнгээ өгнө. Гадны хөрөнгө оруулагчид манай улс төрийн нөхцөл байдал, сонгуулийн үр дүн хэрхэн гарсан, ямар хууль тогтоомж хэрэгжиж байгаа, түүнийг хэрхэн өөрчилж байна гэх мэтийг харж байж хөрөнгө оруулах уу, гарах уу гэдгээ тооцдог. Яг түүн шиг том гүрний ерөнхийлөгч хөршийн хувиар Монголд айлчилна гэдэг улс төрийн хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нөхцөлийг бий болгож байна. Гэхдээ сөргөөр тайлбарлаж байгаа зүйлс бий гэдгийг энд дурдъя.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж