ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалтай холбоотойгоор цахим хуудаст Орос, Монголын харилцааны талаар байр сууриа илэрхийлсэн зарим иргэдийг Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар иргэн Г.Ганбат болон твиттер орчинд Элийрэгч нэрээр олонд танигдсан иргэн Ц.Уянга нарыг тагнуул болон цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл ил болоод буй. Иймээс дээрх асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулга авлаа.
-ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгоор цахим орчинд байр сууриа илэрхийлсэн нэр бүхий жиргээчдийг тагнуул болон цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэсэн мэдээлэл ил боллоо. Үүнд дэлгэрэнгүй хариулт өгөхгүй юу?
-Эрх бүхий байгууллагаас нэр бүхий твиттер ашигладаг иргэдтэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Эрх бүхий байгууллагаас мэдээлэл ирж буй тохиолдолд цагдаагийн байгууллага шалгах үүрэгтэй. Энэ дагуу холбогдох нэр бүхий хаягтай твиттер хэрэглэгч иргэдийг шалгаж байна. Гэхдээ дээрх иргэдтэй холбоотой асуудал зөрчлийн шинжийг агууулж байна уу, аль эсвэл гэм буруугийн шинж агуулж буй талаар одоогоор яригдах болоогүй. Би хэд хэдэн зүйлийг хэлмээр байна. Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан. Тухайлбал, Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг 16 дугаар зүйлд хүний эрх чөлөө, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийн талаар хүмүүс өргөнөөр ярьдаг.
Монгол Улсын иргэн бүр үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Гэхдээ Үндсэн хуулийн тулгуур зарчимд "Та эрхээ эдэлж болох ч таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана" гэсэн зарчим байдаг. Би хуулиар олгогдсон эрхээ эдэлж байна гээд дур зоргоороо байж болохгүй. Хүмүүс эрхээ их сайн мэдэж ярьдаг ч үүргээ тэр бүр мэддэггүй ярьдаггүй. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, хүний нэр төр алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хуулиар ногдуулсан татвар төлөх, эх орноо батлан хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах" гэсэн үндсэн үүргийг зааж өгсөн байдаг.
Нөгөөтэйгүүр сошиалд танигдсан хэрэглэгчийг олон хүмүүс дагадаг. Өөрөөр хэлбэл тэдгээр хүмүүс мэдээллийг түгээж буй нэг суваг болчихлоо. Тэгэхээр бид хуулийн дагуу олгогдсон эрхээ эдлэхдээ бусад хуульд заасан иргэний журамт үүргийг биелүүлэх хэрэгтэй гэж үзээд байгаа юм. Дээрх хэрэгт тухайн жиргээчдийн бичсэн зүйл тодорхой ашиг сонирхолтой байгаа эсэхийг манай холбогдох нэгжүүд шалгаж тогтооно.
Ерөнхий хүрээнд авч үзвэл бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч цахим орчинд тодорхой хэмжээний хяналт, эмх цэгц байх хэрэгтэй. Өнөөдөр нэр нүүрээ нуусан хаягаас хэн нэгнийг гүтгэн доромжилдог, хэн нэгний хувийн нууцыг олон нийтэд дэлгэдэг үйлдлүүд газар авч, сошиал хэт замбараагүй болж байна. Цаашид энэ байдлаас болж хичнээн хүнд сэтгэл санааны хор хохирол учирч байгааг бид тооцоолох аргагүй. Ялангуяа олон нийтийн сүлжээнд танигдсан хэрэглэгчид цахим орчинд зөв мэдээллийг түгээж байгаасай. Бидний бичиж нийтэлж буй зүйлсийг өсвөр насны залуус даган дууриаж байна. Үүнд бид хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Тиймээс цахим орчинд олон дагагчтай хүмүүс өөрсдөө үлгэрлэж яагаад болохгүй гэж. Өөрөөр хэлбэл муу муухай зүйлийг бичих нь зөв, гэхдээ бусдын эрх чөлөөг мөн адил хүндэтгэдэг байгаасай.
-Жиргээчдийг ямар үндэслэлээр шалгаж байгаа юм бол. Тэдний тайлбарлаж буйгаар Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн нэрийдлээр шалгаж эхэлсэн хэмээн ярьж байна?
-Холбогдох байгууллагаас албан бичиг ирүүлсний дагуу бид бодит байдлыг шалгаж тогтооно. Үүний дараа жиргээчдэд хариуцлагын асуудал яригдах уу, эс яригдах уу гэдэг нь тодорхой болно.
-Нэр бүхий иргэдийн хаягийг хаасан гэх мэдээлэл бий?
-Цагдаагийн байгууллагаас тийм ажиллагаа явуулаагүй.
-Зарим жиргээчээс байцаалт авсан гэв үү?
-Одоогийн байдлаар байцаалт авсан зүйл байхгүй.
Э.АРИУН
Холбоотой мэдээ