“Бээжингийн утсан хүүхэлдэй”

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

“Бээжингийн утсан хүүхэлдэй”

“Бээжингийн утсан хүүхэлдэй”

Хонгконгийн ерөнхийлөн захирагч Кэрри Лам 2017 онд сонгогдсоныхоо дараа хотын “нэг улс, хоёр систем” статусыг хамгаалахаа амлаж байв. Гэвч тэрбээр энэ оны эхээр хэрэгтнийг Хятадад шилжүүлэх хуулийн төслийг өргөн барьснаар удаан хугацаанд үргэлжилж буй эсэргүүцлийг өдөөж, ард түмний дунд “Бээжингийн утсан хүүхэлдэй” хэмээн нэрлэгдэх болов. “NEWS” агентлаг “ХҮМҮҮС” буландаа Хонгконгийн ерөнхийлөн захирагч Кэрри Ламыг онцолж байна.

БЛИЦ

НЭР: Кэрри Лам Чэнг Юүтнгор

НАС: 62 (1957 оны тавдугаар сарын 13)

ТӨРСӨН: Хонгконгийн Ванчай дүүрэг

ГЭР БҮЛ: Нөхөр, хоёр хүүтэй

АЛБАН ТУШААЛ: Хонгконгийн ерөнхийлөн захирагч

ЦАХИЛГААН ШАТААР ДЭЭШ ӨГСӨХ МЭТ АМЖИЛТТАЙ КАРЬЕР

Кэрри Лам нөхөр, хүүгийн хамт

Кэрри Лам нь Хонгконгийн түм түчигнэсэн Ванчай дүүрэгт таван хүүхэдтэй эгэл жирийн гэр бүлд төржээ. Тэрбээр католик шашинд сүсэг бишрэлтэй. Кэмбрижийн их сургуульд нэг жилийн диплом олгох курст суралцаж төгссөнийхөө дараа 1980 онд төрийн албанд ажилд орсон байна. Кэрри Лам 2004 онд Лондон хот дахь Хонгконгийн эдийн засаг, худалдааны газарт даргаар томилогдон ажиллаж байжээ. Тэрбээр 2006 онд Хонгконгод эргэн ирж, тасралтгүй карьер ахисаар өнөөдрийн суудалд хүрсэн байна. Хонгконгийн хөгжлийн асуудал хариуцсан нарийн бичгээр ажиллахын тулд тэрбээр 2007 онд Их Британийн иргэншлээ орхисон байна. Харин түүний нөхөр, хоёр хүү Их Британийн паспортаа авч үлджээ. Өдгөө нөхөр нь нэг хүүгийнхээ хамт Их Британид, нөгөө хүү нь Хятадад амьдарч байгаа аж. Кэрри Лам 2017 оны долдугаар сарын 1-нд буюу Хонгконг Их Британийн колоничлолоос гарч, Бээжингийн харьяалалд шилжсэний 20 жилийн ойгоор Хятадын дарга Ши Жиньпинд тангараг өргөснөөр хотын ерөнхийлөн захирагч болсон юм. Түүнийг Хонгконгийн ерөнхийлөн захирагчаар сонгогдсоны дараа “New York Times” сонинд өдөр 3-4 цаг унтдаг “ажлын хэнээтэн” хэмээн бичиж байжээ. Үүнээс өмнө тэрбээр Хонгконгийн ерөнхийлөгч захирагч асан Люн Чун Иний орлогчоор ажиллаж байсан аж.

ЗӨРЧИЛТЭЙ НҮҮР ТУЛСАН НЬ

Кэрри Лам 2014 оны Хонгконгийн "шүхэрт хөдөлгөөн"-ий үеэр тэмцлийг толгойлогч оюутнуудтай тогтмол уулзаж, албаныхантай холбогдох гүүр болж байснаараа ард иргэдийн дунд нэр нүүр олжээ. Люн Чун Инийг огцорсны дараа Хятадын талыг баримтлагч сонгуулийн зөвлөлийн 1194 гишүүний 777-ийн саналаар Кэрри Лам Хонгконгийн ерөнхийлөн захирагч болжээ. Тэрбээр сонгогдсоныхоо дараа Хятадын “нэг улс, хоёр систем” бодлогын хүрээнд Хонгконгийн статусыг хадгалахын төлөө бас эх газартай хотыг холбох “гүүр” болж ажиллахаа амлаж байв. Гэвч иргэдийн дунд Кэрри Ламыг Хонгконгод хяналтаа нэмэгдүүлэх Бээжингийн зорилгод үйлчлэх вий гэсэн болгоомжлол байжээ. Иргэдийн хардлага Хонгконгоос сэжигтнийг эх газарт шилжүүлэн өгөх хуулийг санаачилснаар батлагдаж, хотын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилж буй ард түмний бослого тэмцлийг эхэлжээ.

Хэрэгтнийг эх газарт шилжүүлэн өгөх хууль нь Хонгконгийн “Бага Үндсэн хууль”-аар олгогдсон шүүхийн хараат бус байх автономит эрхэнд халдсан хэрэг болжээ. Хуулийг хэлэлцэж эхэлсэн даруй иргэдийн жагсаал тэмцэл эхэлж, тэднийг цагдаагийн хүчээр зогсоох гэснээс эсэргүүцлийг улам дэврээсэн байна. Өдгөө Хонгконгийн эсэргүүцлийн жагсаал хүчирхийллийн шинжтэй болж, цагдаа нар жагсагчдын хооронд тогтмол мөргөлдөөн гарч, олон улсын нисэх буудал, үйлчилгээний газруудын ажиллагаа тасалдахад хүрсэн юм.

Удаан үргэлжилсэн жагсаалын эцэст Кэрри Лам хэрэгтнийг шилжүүлэх хуулийн төслөө Лхагва гариг (2019.09.04)-ийн үдэд албан ёсоор эргүүлэн татахаа мэдэгджээ. Тэрбээр гурван сар үргэлжилсэн тэмцлийн эцэст буулт хийснээр жагсаалыг намжаахыг хичээж байгаа ч жагсагчид өөр дөрвөн шаардлага тавьжээ. Тухайлбал, жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн цагдаа нарын хэргийг шалгах хороо байгуулах, баривчлагдсан хүмүүст өршөөл үзүүлэн суллах, эсэргүүцлийн жагсаалыг бослого тэмцэл гэж харагдуулахаа зогсоох, хотын улс төрийн системд шинэчлэл хийх зэргийг жагсагчид шаарджээ.

Кэрри Лам Хятадын Наннинь хотноо жил бүр зохиогддог бүс нутгийн хамтын ажиллагааны бага хуралд оролцохоор явахын өмнөх өдрөө хуулиа эргүүлэн татах шийдвэр гаргасан нь анхаарал татаж байна. Тэрбээр эсэргүүцлийн жагсаал эхэлсэн зургадугаар сарын 9-нөөс хойш Хонгконгоос гадагш айлчлал хийгээгүй юм. Хонгконг, Макаогийн асуудлыг хариуцсан газар Хятадын засгийн газар, Төрийн зөвлөлийн дор ажилладаг.

ХОЁР ТАЛД ҮЙЛЧЛЭХ ХҮНДХЭН ДААЛГАВАР

Үүний зэрэгцээ Кэрри Лам есдүгээр сарын 2-нд “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа жагсагчдын шаардаж байгаачлан мөн “Би өөрөө хүссэн ч огцорч чадахгүй” хэмээн ярьсан байна. Мөн тэрбээр эсэргүүцлийг намжаахын тулд жагсагчдын шаардлагыг харгалзан үзэх ямар ч санал тавьсан Бээжингийн эрх баригчид хүлээж аваагүй хэмээжээ. Гэтэл Бээжингийн удирдлагууд Хонгконгийн нөхцөл байдлыг ирэх аравдугаар сарын 1-нд болох Үндэсний өдрийн баяраас өмнө намжаахыг Кэрри Ламд үүрэг болгожээ.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд Кэрри Лам заримдаа бачимдсан мэт байсан ч заримдаа төмөр хатагтайн дүр үзүүлж байсан нь түүний сэтгэлзүй хэр байсныг харуулж байна. “Reuters” агентлагт ярихдаа тэрбээр “Одоо цагт би гудамжаар явах боломжгүй болсон. Би дэлгүүр хэсч, тэр ч бүү хэл үсчин орж чадахгүй байна. Хаана, юу хийж яваа маань олон нийтийн сүлжээгээр тархах болсон. Хэрэв би гадагш гарвал хар хувцас, хар амны хаалтаар жигдэрсэн жагсагч залуус бүчин авах болно” хэмээжээ.

Тэрбээр Үндсэн хуулийн дагуу хоёр талд үйлчлэх ёстой байснаа учирласан байна. Кэрри Ламын тайлбарласнаар хэрэв Бээжингээс цэргээ Хонгконг руу илгээвэл  нэр хүнд нь унах эрсдэлтэй тул яаран хөдлөхгүй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж