Цахим орчинд үг хэлэх эрхийг Зөрчлийн хуулиар боогдуулж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Цахим орчинд үг хэлэх эрхийг Зөрчлийн хуулиар боогдуулж байна

Цахим орчинд үг хэлэх эрхийг Зөрчлийн хуулиар боогдуулж байна

“Би ганцаараа Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Жонхуу” гэж дууддаггүй. Нийгэмд, олон нийтэд тархсан л нэр. Олон нийтийн урсгал дунд явдаг сэдэв, асуудлыг нэг хүнд нялж, буруутгах нь зохисгүй хэрэг юм…”  гэж иргэн Ц.Уянга одоогоос сар хагасын өмнө  хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч байв. Твиттер хуудаст “Элийрэгч” нэрээр олонд танигдсан тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгын асуудлаарх жиргээнээс үүдэн Зөрчлийн тухай хуулиар хоёр сая төгрөгөөр торгуулахаар болсон нь тухайн үедээ шуугиан тарьсан юм.

Түүнд ногдуулсан шийдвэрийг эсэргүүцэж жиргээчид торгууль аян хүртэл өрнүүлсэн удаатай. Энэ асуудал намжаад удаагүй байтал иргэн Ц.Уянгыг дахин цагдаагийн байгууллагаас байцаалт өгөхийг шаардсан нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Монгол Улсад айлчлахынх нь өмнө сөрөг мэдээлэл жиргэсэнтэй нь холбоотой аж. Мөн түүний хамт жиргээч Г.Ганбатыг ч бас шалгаж буй гэх мэдээлэл байгаа юм.

Олны анхаарал татсан энэ асуудал өнөөдөр зөвхөн иргэн Ц.Уянга, Г.Ганбат нарт хамаарах асуудал биш. Хүн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх чөлөөний тухай асуудал хөндөгдөж буй.

Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө Зөрчлийн тухай хуулиар торгуулах, Эрүүгийн хэрэгт татагдаж шүүхийн хаалга татах нь хүний эрхийг зөрчсөн үү, эсвэл Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 19.3-т “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэх заалтыг зөрчсөн тул тэдгээр хүмүүсийг шалгах нь зөв үү гэдэг нь цахим хэрэглэгчдийн дунд маргаантай асуудал дагуулж байгаа юм.

Хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар цахим орчинд хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Зөрчлийн тухай хуулиар далайлган сүрдүүлж, нийгэмд хүргэх дуу хоолойг хаах гэж оролдох хандлага ажиглагдах болсон аж. Энэ нь хүний эрхийг улс төрийн зорилготой санаатайгаар зохион байгуулалттайгаар зөрчиж буй хэрэг гэдгийг хэлж байв. Эмнести интернэйшнл байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа хэлэхдээ “Монгол Улсад өнөөгийн нөхцөл байдалд хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчин дутагдаж байна. Тиймээс тэдний эрхийг хамгаалж, дэмжсэн хуулийн төсөл байх  зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Хэрэв Монголд хүний эрхийг хамгаалагчдын хууль эрх зүйн орчин хангалттай байсан бол маш олон хүн шударга үнэнийг хэлснийхээ төлөө Зөрчлийн тухай хуулиар хоёр сая төгрөгөөр торгуулж, цаашид шударга үнэний тухай ярих хүсэл зориг нь мохохгүй байх байсан.

Цахим орчинд хэн ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Мэдээж бусдын нэр хүндэд халтайгаар гүтгэж хэлэхгүй, тайван замаар хуулийн дагуу үзэл бодол, үйлдлээ илэрхийлж байгаа иргэнийг хүний эрхийн хамгаалагч гэж үзэж байгаа. Тэдгээр хүмүүс рүү зохион байгуулалттайгаар бүлэглэн дайрах, Зөрчлийн тухай хуулиар сүрдүүлж дуугүй болгох хандлагатай үйлдлүүд сүүлийн үед зохион байгуулалттай гарч байна гэж хүний эрхийн байгууллагууд харж байна” хэмээв.

Цахим орчинд хүний эрхийг хамгаалагчид твиттер, фэйсбүүк хуудаст идэвхтэй өөрсдийн дуу хоолойгоо олон нийтэд хүргэдэг. Гэвч тэднийг зориудаар гутаан доромжлох, нэр хүндэд нь халдах гол талбар цахим орчны 80 хувийг эзлэх болжээ.

Өнөөдөр Монгол Улсад гурван хүн тутмын хоёр нь интернэт хэрэглэгч гэх статистик мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн тоо сүүлийн таван жилийн хугацаанд 4.5 дахин өсөж 2.910.000-д хүрчээ. Энэ тоон үзүүлэлт жилээс жилд нэмэгдэхийн хэрээр цахим орчинд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө цаашид хумигдаж болзошгүйг ч үгүйсгэх аргагүй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж