Хуванцар хаягдлыг мөнгө болгоно

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Хуванцар хаягдлыг мөнгө болгоно

Хуванцар хаягдлыг мөнгө болгоно

Монгол Улс  жилд дунджаар 20 мянган тонн хуванцрын хаягдал  гаргадаг бөгөөд үүний дийлэнх буюу 15 мянган тонныг ундаа усны сав эзэлдэг. Эдгээрээс ердөө 30 хувийг дахин боловсруулж, үлдсэнийг байгальд хаядаг байна. Шалтгаан нь олон нийтийн газарт хогийг ангилж хаях сав хангалттай байдаггүйтэй холбоотой. Харин хог түүдэг хүмүүс хуванцрыг цуглуулж, хоёрдогч түүхий эд авах цэгт тушаадаг.

Нийслэлийн хэмжээнд нийт 204 цэг байдаг бөгөөд тэнд ангилан ялгалт хийж, хуванцар дахин боловсруулах үйлдвэр рүү илгээдэг байна. Энэ мэт хогоо ангилдаггүйгээс хуванцар дахин боловсруулах үйл явц удаашралтай явагдаж, гудамж талбайгаар хөглөрдөг гэхэд буруудахгүй. Хүнс, хөдөө  аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлж буйгаар, Монгол Улс жилд 150-200 сая ширхэг ус, ундаа үйлдвэрлэн, үнийн дүнгийн 10-20 хувийг савлагааны өртөгт шингээдэг аж.

Өндөр хөгжилтэй дэлхийн улс орнууд хогоо ангилж, дахин боловсруулж, хог хаягдлыг мөнгө болгох аргыг хэдийнэ өөрийн болгосон туршлагатай. Гэтэл бид хогоо ангилдаггүй, ангиллаа гэхэд дахин боловсруулж ашигладаггүй, гэрээсээ зайлуулж хаяхаас өөрийг хийдэггүй.  Тухайлбал, Англи улсын Засгийн газар 2018 онд хуванцар, металл зэрэг бүх төрлийн савыг буцаан тушаадаг автомат машин нэвтрүүлэх болсноо зарласан. Ингэснээр иргэд уусан ус, ундааны саваа гудамж, талбай, худалдаа, үйлчилгээний төвүүдэд суурилуулсан автомат төхөөрөмжид тушааж, мөнгөн дүндээ тааруулсан урамшуулал авдаг болсон байна.  

Монгол Улсад дээрх үйлчилгээг “Экобин” ХХК нэвтрүүлэхээр болжээ. RVM хаягдлыг төлбөртэй хүлээн авагч машиныг ажиллуулахын тулд танд зөвхөн хуванцар хог байхад хангалттай. Тус машин нь хуванцар хаягдлын жин болон доторх шингэний  үлдэцийг хянаж, тохирсон мөнгөн  дүнг агуулсан QR кодтой цаасыг хэвлэж гаргах юм. Энэхүү цаасыг ашиглан иргэд автобусны картаа цэнэглэх боломжтой болно.

Экобин” ХХК нь 2017 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, байгальд ээлтэй, өнгө үзэмжтэй бодит шийдэл бүхий технологийг хэрэгжүүлдэг аж.

  БНХАУ-ААС 12 ШИРХЭГ RVM МАШИН  ЭНЭ САРЫН 15-НЫ ӨДӨР ИРНЭ

Тус компанийн  захирал П.Очирпүрэв хэлэхдээ “Орчны бохирдлыг бууруулах, агаараар тархах болон хөрсөнд нэвчих хог хаягдлын сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор хаягдлыг төлбөртэй хүлээн авагч RVM машиныг урд хөршид захиалгаар хийлгэж байна. Учир нь одоохондоо манай улсад энэхүү машиныг үйлдвэрлэхэд хүндрэл бэрхшээл ихтэй. Эхний ээлжид 12 ширхгийг захиалгаар хийлгэсэн. Энэ сарын 15-ны өдөр Монголд ирнэ. Хаягдлыг төлбөртэй хүлээн авагч RVM машины дээж болох нэг дугаартай машиныг Нийслэл хот худалдан авах гэрээг байгуулсан” гэв.

“Экобин” ХХК  Улаанбаатар смарт компанитай удахгүй гэрээ байгуулсныхаа дараа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэдгийг албаны хүмүүс хэлж байсан юм. RVM хаягдлыг төлбөртэй хүлээн авагч машины QR кодыг зөвхөн автобусны карт цэнэглэхэд ч биш, дэлгүүрийн бараа, шатахуун хөнгөлөх зэрэг өөр олон зүйлд ашиглаж болох юм.

Технологийн дэвшлийг ашиглан хуванцрыг “мөнгө” болгох үйлчилгээ нь цоо шинэ зүйл биш юм. Баруун европын орнууд, Австрали, АНУ-ын 21 муж, Хятад, Энэтхэг зэргийн 40 гаруй орон ийм машин ашигладаг. Үүнийгээ дэлгүүр, үзвэр үйлчилгээний газар, орон сууцны хороолол, нийтийн тээврийн зогсоол болгонд АТМ  шиг суурилуулсан байдаг байна.

 Иргэд ус ундааны сав, шил, лаазаа тушаагаад мөнгөө бэлнээр авах эсвэл нийтийн тээврээр зорчих картаа цэнэглүүлэх, аливаа компанийн үйлчилгээний хөнгөлөлтийн эрхийн бичиг авдаг аж. Та бидний хэрэггүй гээд хаядаг гялгар уут, ус ундаа, гоо сайхны хэрэглээний хуванцар сав зэргийг худалдан авдаг машинтай болчихвол хотын удирдлагуудын тархийг гашилгаж, хэл аманд оруулж байгаа ч хогны асуудал бага ч болтугай багасах биз ээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж