Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) энэ сарын 18-наас 27-нд Тайланд улсын Паттая хотноо болох билээ. Уг ДАШТ-д эх орноо төлөөлж Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Батзаяа нарын удирдлага дор М.Анхцэцэг тэргүүтэй долоон тамирчин Тайландыг зорих юм.
ДАШТ-ий өмнөхөн манай залуу тамирчид Япон улсын Ибараки мужийн Намегата хотноо хамтарсан бэлтгэл хийжээ. "Tokyo-2020" олимпийн өмнөх хүндийг өргөгчдийн шигшээ багийн тамирчдын хамтарсан бэлтгэл үр дүнтэй болсон бөгөөд баг тамирчдыг олимпийн зүтгэлтэн Жүгдэрийн Отгонцагаан ахалж явсан байна.
Хүндийг өргөлтийн шигшээ багийн хувьд дундаж нас нь 20 бөгөөд бусад шигшээ багаасаа хамгийн залуу нь юм. Олимпоос олимпийн хоорондох мөчлөгийг тооцож үзвэл 2020, 2024, 2028 оны олимпод өндөр амжилт гаргах бүрэн боломжтой нь үүнээс харагдаж байна. Манай туйванчдаас ДАШТ-ий түүхэнд анхны хүрэл медалийг Мөнхжанцангийн Анхцэцэг хүртсэн бөгөөд тэрбээр “Рио”-гийн олимпийн шагналт байр эзэлсэн билээ.
Тайланд улсад хүндийг өргөлтийн олон тэмцээн зохиогддог ба өнгөрсөн жил Бангкок хотноо Г.Ануужин, Э.Билэгсайхан нар дэлхийн цомын хошой аварга болсон билээ. Энэ жилийн ДАШТ-ий хувьд манай тамирчид бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг дүгнэж, ирэх жилийн Токиогийн олимпод олон эрх авахын төлөө авьяас чадвар, хүч чадал бүхнээ зориулан өрсөлдөх нь ээ.
Б.ЖАРГАЛ