Монгол – Зөвлөлтийн дайчид Халхын голд ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд өчигдөр (2019.09.03) Улаанбаатар хотноо Оросын шинжлэх ухаан, соёлын төв (OШУСТ)-д Зөвлөлтийн болон Оросын их, дээд сургуулийн үе үеийн төгсөгчид, залуучуудын чуулга уулзалт боллоо.
Их ойд зориулсан энэхүү чуулга уулзалтыг Монголоос ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбоо, Уралын Холбооны Их сургуулийн төслүүд болон Уралын их, дээд сургууль төгсөгчдийн хөгжлийг дэмжих сан, ОХУ-ын анхны ерөнхийлөгч Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны Их сургууль, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газраас зохион байгуулж, Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэл (ННМЭ), ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн Олон улсын Зохицуулах зөвлөл – ИНКОРВУЗ-21; Байгалийн Улсын Их сургууль зэрэг байгууллага хамтрагчаар оролцсон юм.
Чуулга уулзалтанд ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх “Росструдничество” байгууллагын тэргүүн Митрофанова Э.В., ИНКОРВУЗ-21 байгууллагын дарга Ефремова Л.И., Уралын Холбооны Их сургуулийн захирал Кокшаров В.А., тус сургууль дахь Кембрижийн төвийн захирал Рассказова Т.П., яг жилийн өмнө Новосибирскт байгуулагдсан бүс нутгийн хэмжээний олон нийтийн байгууллага болох “Монгол үндэстэн-соёлын Найрамдал-Дружба” төвийн удирдлагууд хүндэт зочноор оролцсоноос гадна Орост сургууль төгсөгчдийн Непал дахь байгууллагын төлөөлөгчид ч энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн байв.
Чуулга уулзалтын үеэр ОШУСТ-ийн хурлын гурван танхимд гурван гол сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал – хэлэлцүүлэг болж, Орос (Зөвлөлт)-ын олон хотын их, дээд сургуулийн үе үеийн төгсөгчид Монгол-Оросын эрдэмтэн судлаачид, төрөлх сургуулийнхаа доктор, профессор багш нарын илтгэлийг сонсон хэлэлцлээ. Илтгэлүүд нэн сонирхолтой байсан тул салбар хуралдааны танхимууд дүүрэн хүнтэй, суудал нь хүрэлцэхгүй, нэмэлт сандал олноор тавихад хүрч байв.
Хоёр орны эрдэм шинжилгээний байгууллагуудын судлаач мэргэжилтнүүд, томоохон компани, үйлдвэр-аж ахуйн байгууллагуудын нэр хүндтэй төлөөлөгчид оролцсон эрдмийн энэ чуулганыг:
- Амьдралын чанарыг сайжруулахын төлөө их, дээд сургуулиуд, төгсөгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь;
- Орос хэл – нэгдэн нягтрах, хөгжин цэцэглэхийн үндэс суурь болох нь;
- Халхын голын дайны түүхэн ач холбогдол гэсэн гурван чиглэлээр зохион байгуулж, чиглэл бүрт хэд хэдэн илтгэл тавин хэлэлцүүлсний дараа эл гурван секторын хуралдаанаар яригдсан асуудлууд, тэндээс дэвшүүлсэн санал, цаашдын үйл ажиллагааны төлөвөө Бүгд хурлаараа нэгтгэн дүгнэсэн юм.
Салбар хуралдааны сониноос
Гурван сектор хуралдааны нэг “Халхын голын дайны түүхэн ач холбогдол” сэдэвт хуралдаанд оролцсон Монгол Улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид, их, дээд сургуулиудын эрдэмтэн багш, судлаач нар, музейн ажилтнууд, оюутан сурагчид “Халхын голын дайны түүхийн орчин үеийн үнэлэлт дүгнэлт” (Н.Хишигт),”Халхын голын дайны ялалтын үнэ цэн ба зэвсэг нэгт ахан дүүс” (Б.Мөнхсайхан), “Георгий Константинович Жуков: Түүхэнд хувь хүний гүйцэтгэх үүрэг” (Гущин С.Н.) зэрэг илтгэл сонсон хэлэлцсэн юм.
“Дайн бус тулгаралт, мөргөлдөөн байсан” гэхчлэн маргалддаг энэхүү түүхэн үйл явдлын талаар мэргэжлийн түүхчид, салбарын судлаачдын үнэлэлт дүгнэлтийг агуулсан эл хэлэлцүүлгийн үеэр Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор, хурандаа Б.Мөнхсайхан тавьсан илтгэлдээ “Халхын голд Японы түрэмгийлэгчдийг бут цохисон нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн төдийгүй олон улсын асар их ач холбогдолтой үйл явдал болсон. ЗСБНХУ-ын батлан хамгаалах хүчин чадал хэрхэн өсөн нэмэгдсэнийг дэлхий даяараа нүдээр үзэж сонсон, итгэж үнэмшсэн. 1939 оны наймдугаар сард болсон энэ үйл явдал нь дэлхийн практикт анх удаа шийдвэрлэх гол гол чиглэлд асар олон тооны танк, нисэх онгоц, бүхий л төрлийн цэргийн хүчийг өөр хооронд нь уялдуулан хэрэглэсэн үнэ цэнтэй, дайчин туршлага, ах дүү хоёр армийн цэрэг дайны үйл ажиллагааны анхны хамтарсан туршлага болсон”-ыг онцлон тэмдэглэсэн юм.
“Дефакто” онлайн сонины эрхлэгч Д.Жаргалсайхан модератороор нь ажилласан “Амьдралын чанарыг сайжруулахын төлөө их, дээд сургуулиуд, төгсөгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг оролцогчдын анхаарлыг хамгийн их татаж, энэ секторын хуралдаанд бизнесийн салбарынхан идэвхтэй оролцож хоёр орны худалдаа-үйлдвэрлэл-эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал бодлоо хуваалцлаа. Бүгд хуралдаан дээр хэлсэн үгэндээ Д.Жаргалсайхан “Өнөөгийн шинэ нөхцөл дэх Орос-Монголын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа нь харилцаа, анхаарал, итгэлцэл гэсэн гурван гол хүчин зүйлээс эхэлнэ. Бизнесээ тэлэхийн тулд, наанадаж үйл ажиллагааныхаа талаар оросуудад мэдээлэл өгөхийн тулд оросуудтай ойлголцох, харилцан ярилцах хэрэгтэй болно. Үүний тулд орос хэлний мэдлэг зайлшгүй чухал. Харилцан ойлголцож байж л итгэлцэл бий болдог… Халхын гол дээр бидний төлөө Орос, Монгол дайчид амиа өгч байсан. Харин өнөөгийн манай удирдагчид бидний төлөө үхэх үү?” хэмээн олныг хөгжөөж байв.
“Ерээд оны ардчилсан өөрчлөлт, зах зээлийн харилцаанд шилжсэний үрээр гадаадын олон хэл, түүний дотор англи, хятад хэл сурах өргөн боломж бүрдсэн ч Монгол Улсын хөгжилд орос хэл, Орост төгсөгчдийн үзүүлсэн нөлөөг дутуу үнэлэх аргагүй. Сүүлийн 80 гаруй жил Монголд хуримтлагдсан оюуны асар их өв орос хэлээр байгаа бөгөөд манай номын сангуудын арвин сан хөмрөгийн ихэнх хэсгийг оросоор бичигдсэн ном зохиол бүрдүүлсэн хэвээр байна” гэж “Орос хэл – нэгдэн нягтрах, хөгжин цэцэглэхийн үндэс суурь болох нь” сэдэвт салбар хуралдааны үеэр МАВСУЗ холбооны дэд дарга, Монгол улсын гавьяат багш Д.Цогзолмаа тэмдэглэн хэлсэн юм.
Монголчууд нэгэнт төрөлх нутгаасаа нүүгээд явчихгүйгээс хойш хойд хөршийнхөө хэлийг сурах хүсэл сонирхлыг хүүхэд залуустаа төрүүлэх, орос хэлийг түгээн дэлгэрүүлэх бодит хөшүүрэг хэрэгтэй байгаа талаар энэ хуралдааны үеэр олонтаа яригдаж байлаа. Оюутан залуус Орост сурахаар явдаг ч хэлний бэрхшээл болон бусад шалтгаанаар шалгалтандаа бүдрэн нутаг буцаж байгааг “Росструдничество” байгууллагын тэргүүн Митрофанова Э.В. Бүгд хурал дээр тэмдэглээд “ОХУ-д суралцагчдын тоог нэмэгдүүлэх талаар зохих анхаарал тавина, энэ чиглэлээр эртний сайн анд монгол нөхдөө бид онцгойлон үзэх болно” хэмээсэн нь сайхан сонсогдож байв.
ОХУ-ын их, дээд сургуулиудын орос хэлний бэлтгэл ангид монгол багш нарыг ажиллуулахаас аваад олон асуудал энэ үеэр хөндөгдсөний дотор Монгол, ОХУ-ын хамтарсан их сургууль байгуулах чиглэлээр Эрхүүгийн Байгалийн Их Сургуультай (хуучнаар НАРХОЗ буюу УААА-н дээд сургууль) хамтран ажиллаж байгаа тухай мэдээлэл сонирхол татаж байлаа.
Эрхүүгийн Улсын их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор профессор А.Ф. Шмидт үг хэлэхдээ “цагаа олсон, ихээхэн ач холбогдолтой чуулга уулзалт зохион байгуулсан МАВСУЗ, Уралын Холбооны Улсын Их сургуулийн удирдлагад талархаж байгаа”-гаа илэрхийлээд цагтаа Монголын олон мянган шилдэг сэхээтэн төгссөн Дорнод Сибирийн ууган их сургууль – Эрхүүгийн Улсын Их сургууль өнөөдөр энэ талаар тун чамлахаар үзүүлэлттэй байгааг дурдаад “Өнөөгийн нөхцөл байдал ЗХУ-ын үеийнхээс өөрчлөгдсөн ч бид харилцан ашигтайгаар хамтран ажиллах шинэ арга зам, шинэ механизм хайх хэрэгтэй байна. Төрөл бүрийн тэтгэлэг амласан конкурс шалгалт цөөнгүй байгаа ч энэ бүхэн төдий л хүртээмжтэй бус, өнгөц байдалтай байна…” гээд “Бид төгсөгчдийнхөө хур боломжийг ашиглаж чадахгүй байгаа. Эрхүүд сургууль төгсөгчдийн, Эрхүүгийн Их сургууль төгсөгчдийн холбооноос өнгөрсөн хавар Эрхүү мужийг хамарсан үер усны гамшгийн үеэр хүмүүнлэгийн тусламжийн аян зохион байгуулж, анд нөхдийн сайхан сэтгэлээр хандсанд сэтгэл ихэд хөдөлсөн. Энэ мэт бодит ажил хийж байгаа ч эдгээр эвлэл, холбоо Монголынхоо оюутан залуусын сайн сайхны төлөө илүү ихийг хийж чадна. ОХУ, ЗХУ-д сургууль төгсөгчдийн олон байгууллага хамтран ажиллах механизмаа олоод хүчээ нэгтгэж чадвал маш том хүч болох боломжтой” хэмээн ярьсан юм.
Халхын голд ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулсан ОХУ (ЗХУ)-д төгсөгчдийн эрдмийн их чуулганыг санаачлан зохион байгуулсан гол хүмүүсийн нэг – Уралын Холбооны Их сургуулийн захирал В.А.Кокшаровын хэлснээр “Энэ удаагийн чуулга- уулзалт ажил хэрэгч, сайхан уулзалт болов. Оросын олон хотын үе үеийн төгсөгчид нэг дор ингэж уулзаагүй уджээ. Оролцогчид маань оюутан ахуй цагийнхаа халуун дулаан дурсамжийг хуваалцан, цаашид хамтран ажиллах гарцаа эрэлхийлж, хамтдаа дуулж бүжиглэн, урлагийн тоглолт үзэж, дурсгалын зураг авахуулсан сайхан уулзалт” боллоо.
Ш.ОТГОНЦЭЦЭГ
Холбоотой мэдээ