Линкольншир мужийн оршин суугч, өөрийгөө “лалын алуурчин” хэмээн нэрлэсэн Дэвид Парнам гэгч залуу Британийн хатан хаан болон бусад хүмүүст хоргүй цагаан нунтаг бүхий захидал илгээсний улмаас 12 жилийн хорих ял сонссон байна.
Тэрбээр Английн хатан хаан II Елизавета руу "Алиалагч нар ирж явна" хэмээх үг бүхий хаягтай захидал илгээжээ. Дэвид Парнам шүүхэд “Исламын шашинтнуудыг үзэн яддаг Ерөнхий сайд Тереза Мэй болон хэд хэдэн ширээт ламд мөн нунтаг бүхий захидал илгээсэн” гэж мэдүүлсэн байна.
Хуучин Бэйлигийн Төв шүүх өдгөө 36 настай IT технологийн системийн шинжээч Парнамыг хүн алах сэдэл агуулж, хорт болон тэсэрч дэлбэрэх бодисыг хуурамчаар үйлдсэн зэрэг 15 үндэслэлээр буруутгажээ. Тэрбээр дээрх хэргүүдэд гэм буруутай болохоо хүлээсэн ч юу бичиж, хэдийд хэрхэн хатан хааны ордон руу илгээснээ санахгүй байгаагаа мэдэгдсэн аж.
Парнам цагаан нунтаг бүхий захидлуудаа 2016 оны зургадугаар сараас 2018 оны зургадугаар сарын хооронд илгээжээ. Үл мэдэгдэх бодистой захидлыг Хатан хаан II Елизавета руу илгээсний дараа хими, биологи, цацраг туяа, цөмийн гэсэн олон шалгалт хийгдсэн байна. Мэргэжилтнүүд хэдэн цагийн турш уг бодисын найрлагыг тодорхойлохыг оролдсоны эцэст хоргүй болохыг нь тогтоожээ.
Түүнээс хэдхэн цагийн дараа тухайн үеийн Ерөнхий сайд Тереза Мэй болон Английн сүмийн хоёр хамба лам мөн ийм бодис бүхий захидал хүлээн авсан байна. Дугтуйд мөн цагаан өнгийн нунтаг бодис байсан бөгөөд хаяг дээр "алиалагч ирж явна" гэсэн үг оруулсан байжээ. Парнам Английн Дотоод хэргийн яам, Английн банкинд хүртэл цагаан нунтагтай захидал илгээсэн байна.
Өнгөрсөн 2018 оны гуравдугаар сард гэхэд Парнам 300 гаруй захидлыг улс төрчид болон шашны удирдагч тэргүүтэй хүмүүст хаяглан илгээжээ.
Эх сурвалж: THE GUARDIAN
Холбоотой мэдээ