Судалгаа: МАН хагас ардчилалтай гэсэн үнэлгээ авав

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

Судалгаа: МАН хагас ардчилалтай гэсэн үнэлгээ авав

Судалгаа: МАН хагас ардчилалтай гэсэн үнэлгээ авав

Дефакто институт болон улс төр судлаачид хамтран “Монголын улс  төрийн намын дотоод ардчиллын индекс”-ийн судалгааны дүнг өнөөдөр /2019.09.04/ танилцууллаа. Судалгааг Дефакто институт, тус институтын Гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан болон МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн ахлах багш, доктор Э.Гэрэлт-Од, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор Б.Эрдэнэдалай нар хийжээ.

Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллыг бий болгох,  гишүүд сонгогчдын саналыг сонсон хүлээж авдаг, үйл ажиллагаа, санхүүжилт ил тод нээлттэй намыг бий болгох зорилгоор энэхүү судалгааг 2018 оноос хойш хийж буй. 2018 онд судалгаанд зургаан улс төрийн нам оролцож байсан бол энэ жил судалгааны арга зүй, аргачлалыг улам боловсронгуй болгон чанарын судалгааны аргачлалаар 2019 оны 4-6 сарын хооронд хийжээ. Судалгаа хийсэн цаг хугацаа буюу тавдугаар сард Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нийт 32 улс төрийн нам хамруулах зорилгоор хүсэлт явуулсан ч МАН, АН, МАХН, Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/, Эх орон нам, Иргэний зориг, ногоон нам, Монголын ногоон нам, Үнэн ба зөв намууд оролцжээ. Намуудын оролцоо, өрсөлдөөн, төлөөлөл, санхүүжилт ба ил тод байдал гэсэн дөрвөн чиглэлээр намуудад 0-100 хүртэл оноогоор үнэлж, 0-30 хүртэлх оноотой бол “ардчилалгүй”, 31-60 оноотой бол “хагас ардчилсан”, 61-100 оноотой бол “ардчилсан” гэсэн ангилалд хувааж, үнэлжээ. Гэхдээ энэ судалгааг хийх үеэр УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгууль болохоор товлогдож, бэлтгэл ажил хангагдсан байсан учраас судалгаанд хамрагдсан гишүүдийн оролцоо идэвхжсэн байж болзошгүй гэж судлаачид онцоллоо. Мөн судалгааг гишүүдээс авахаар төлөвлөсөн боловч Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намуудын гишүүнчлэл шинэчлэгдээгүй, зарим нь намаасаа гарсан, өөр намд орсон гэх мэт бодит бус байсан учраас гишүүдийг хамруулах боломжгүй байсан учраас судалгааны өөр аргачлал ашиглажээ.

Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс-2019:

Улс төрийн намИндексАнгилал
1Монголын ногоон нам66Ардчилсан
2МАХН66Ардчилсан
3Ардчилсан нам65Ардчилсан
4ХҮН63Ардчилсан
5МАН55Хагас ардчилсан
6Эх орон нам47Хагас ардчилсан
7Үнэн ба зөв нам42Хагас ардчилсан
8Иргэний зориг Ногоон нам32Хагас ардчилсан

 

МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн ахлах багш, доктор Э.ГЭРЭЛТ-ОД:

-Улс төр нам иргэдийн сайн дурын эвлэлдэн нэгдсэн байгууллага боловч засгийн эрх барьж, төрийн бодлого тодорхойлдог учраас дотоод ардчилалтай байх, Монгол дахь ардчиллын суурь үзүүлэлт юм гэдгийг ойлгох цаг үе ирсэн байна. Монголын улс төрийн намуудын төлөвшил, өнөөгийн нөхцөл байдал, сонгогчийн боловсрол гээд олон тулгамдсан асуудал байгаа ч дотоод ардчиллыг бий болгох зайлшгүй шаардлагатай байгаа. Тиймээс бид судалгааг хийхэд улс төрийн намуудын дотоод ардчилал хангалтгүй байж ирсэн ч хагас ардчилалтай болж байна.  Улс төрийн намууд нээлттэй, гишүүдийн оролцоог хангаж, төлөөллийн олон хэлбэрийг бүтэцдээ оруулж, мэдээллээ ил тод байлгах ёстой гэсэн энэ хүрээнд судалгааг хийсэн. Үндсэн хуулийн 16.10-т Улс төрийн нам улс орны аюулгүй байдал, хууль, дүрэм журмыг сахиж мөрдөх ёстой гэсэн заалт байдаг ч намууд үүнийг хэрэгжүүлдэггүй. Улс төрийн намын тухай хуульд дотоод ардчилалтай байх боломжийг тусгасан ч  намууд хуулийг дагаж мөрдөх асуудал хангалтгүй байна. Хуулиа хэрэгжүүлэх улс төрийн зориг, эрмэлзлэл намуудад байхгүй байна.

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор Б.ЭРДЭНЭДАЛАЙ:

-Улс төрийн намуудын дотоод ардчиллыг бий болгох, намын гишүүд, иргэдэд намын дотоод ардчилалтай байж чанартай байх, цаашид намууд сайжрах боломжийг бий болгох зорилготой. Судалгааны үндсэн дээр томоохон намууд доторх өрсөлдөөн болон оролцооны хэлбэр төдийлөн сайн биш байгаа бөгөөд намын бодлогыг баримтлаагүй гэсэн үндэслэлээр тухайн гишүүнийг намаас хөөсөн гэх кэйс хүртэл гарч ирсэн. 2020 оны сонгууль ойртож байгаатай холбогдуулан нэр дэвшигчийг тодруулах, намаас нэр дэвших эрхээ авахын тулд намдаа дэнчин өгдөг зэрэг байдал арилахгүй байгаа дутагдлууд байсаар байна.

Дефакто институтын Гүйцэтгэх захирал Д.ЖАРГАЛСАЙХАН:

-Аль ч ардчилсан улсад байдаг бүх төрийн бус байгууллагуудаас ганцхан төрийн бус байгууллага төрийн болж, засгийн эрх барьдаг.  Засгийн эрх авдаг ганц төрийн бус байгууллага ил тод байхгүй бол үүнээс улс орны засаглалын дүр төрх улс төрийн намаас хамаарч байгаа юм. Төрийн бүх эрх мэдлийг авдаг энэ институц өөрөө ардчилалгүй бол энэ улс орны ардчиллыг яаж авч явах вэ гэдэг үүднээс энэхүү судалгааг хийж буй. Улс төрийн намуудыг ил тод байлгахын тулд гишүүд дотроосоо эсвэл нийгэм гаднаас нь шаардах эрхтэй. Өнөөдөр нийгмийг бухимдуулж буй нэг асуудал нь авлигын хэрэг. Үүний хамгийн том жишээ бол 60 тэрбумын хэрэг. 60-аас дээш оноотой намууд байгаа ч хагас ардчилалтай намууд илүү олон байна. Жишээлбэл, эрх баригч нам гэхэд хагас ардчилсан байдалтай байгаа юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж