Г.Ганбат: Тагнуулынхан хариуцлага тооцно гэж хэлсэн байсан

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

Г.Ганбат: Тагнуулынхан хариуцлага тооцно гэж хэлсэн байсан

Г.Ганбат: Тагнуулынхан хариуцлага тооцно гэж хэлсэн байсан

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Монгол Улсад айлчлахынх нь өмнө сөрөг мэдээлэл жиргэсэн Ц.Уянга, Г.Ганбат нарын долоон иргэнийг хууль хяналтын байгууллагаас дуудаж, цахим хаягийг нь хаасан тухай нийгмийн сүлжээнд мэдээлж буй.   Тухайлбал, Г.Ганбат, Ц.Уянга нарыг Тагнуулаас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдах болсон бол сошиалд Элийрэгч нэрээр жиргэдэг Ц.Уянгын фэйсбүүк хаягийг 30 хоногийн хугацаатай хаасан гэх мэдээлэл бий. Энэ асуудлыг бид иргэн Г.Ганбатаас тодруулахад “Энэ явдал есдүгээр сарын 2-ны орой 22.30-22.40 цагийн хооронд болсон. Манай гэрт өөрсдийгөө Тагнуулын ажилтнууд гэж танилцуулсан хоёр хүн ирээд явснаас хойш дахин надтай холбогдоогүй. Тэд намайг гэртээ байхгүй үед ирсэн. Тухайн үед манай гэрт эхнэр, хоёр охин байсан. Миний жиргээнүүдийг хэвлээд барьчихсан байсан гэнэ лээ. Манай эхнэрт хэлэхдээ Путиныг янз бүрээр бичээд дипломат харилцаанд саад учруулсан учраас хариуцлага тооцно гэсэн байна лээ. Бичиг баримтаа ч үзүүлээгүй гэсэн. Үнэнээр нь шалгавал камерт ирсэн хүмүүсийн дүрс мэдээж үлдсэн байгаа. Миний хаягийг хаагаагүй. Болд Товуу гэх ахын хаягийг хакердчихсан” гэлээ.

Харин Ц.Уянгын хувьд цахим хуудастаа “Дахиад Цагдаагийн ерөнхий газраас сая залгаж байна. Ирж байцаалт өг гэнээ. Юун байцаалт гэтэл Тагнуулын ерөнхий газраас гомдол гаргасан. Путины айлчлалтай холбоотой муу юм бичиж Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэнээ. Яг юу гэсэн юм гэтэл Яадын бэ, Оросын автономит эрспублик болъёо гэсэн байна. Ядаж зөв бич гэнээ. Хүн харин ч шүтээд байхад юу вэ? Уучлаарай, ажлын цаг дууссан байна, би одоо очихгүй гэсэн чинь танай цонх гэрэлтэй байна, бид гадаа чинь байна гэнэ. Манай улс одоо бүр сошиалд юу бичих бичихгүйг цагдаа, тагнуулаараа заалгадаг болж байгаа юм уу” хэмээн бичжээ.

Цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд бид мэдээлэл авахаар холбогдох хүмүүст хандахад "Шалгаж байна" гэсэн юм.

Тэгвэл Харилцаа холбооны зохицуулах газрын мэргэжилтэн Т.Батболдоос бид нэр бүхий жиргээч нартай холбоотой гомдол байгууллагад нь ирж, цахим хаягийг нь хаасан уу гэсэн асуултад хариулт авлаа. Тэрбээр “Манайх ямар нэгэн хаяг хаагаагүй. Хаах ч эрх байхгүй. Хэрэв хэн нэгэн иргэний цахим хаяг хаах хүсэлт ирвэл бид уг хүсэлтийг дүгнээд Facebook, Twitter компани руу уламжилж явуулдаг. Энэ дагуу тухайн компаниуд Олон нийтийн сүлжээнд баримтлах журмын дагуу шалгаж, хаах эсэхээ шийддэг. Манайд Оюуны өмчийн газар, Цагдаагийн Ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба, Хар тамхитай тэмцэх албанаас хүсэлтүүд ирж байсан. Харин Тагнуулын газраас хүсэлт ирж байгаагүй” гэв.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
10
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж