ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины албан ёсны айлчлалын үеэр Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх эдийн засаг, уул уурхай, гадаад харилцаа зэрэг салбаруудад нэн тустай чухал баримт бичгүүдэд хоёр тал гарын үсэг зурсан.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас сэтгүүлчид тодрууллаа.
Тэрбээр "Монгол, Оросын хооронд хамгийн суурь гэрээ болох 1993 онд байгуулагдсан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчилж, иж бүрэн түншлэл стратегийн хамтын ажиллагааны түвшинд хүрч байгаагаа энэ гэрээндээ тусгаж, хугацаагүй болголоо. Энэ бол түүхэн хэлэлцээр. 1993 онд байгуулсан тус гэрээ Монгол Улс, ОХУ-ын хоорондын харилцааны гол суурийг тавьж өгсөн эрх зүйн бааз шүү дээ. Энэ нь дандаа өөрчлөгдөөд байхгүй, харилцаа шинэ шатанд гарч ирж байгаа учраас шинэчилсэн. Хэлэлцээр өргөжинө гэдэг нь зүгээр нэг яриа биш. Ард нь мэдээллийн технологи, боловсрол, шинжлэх ухаан, инновацын салбарт хоёр тал нягт хамтран ажиллах талаар тус гэрээндээ тусгаж өгсөн. Үүний хажуугаар нийтдээ 10 гэрээ, хэлэлцээр байгуулагдсан. Үүн дотроо эдийн засгийн ач холбогдолтой олон хэлэлцээр байгуулагдсан.
Жишээлбэл, хоёр орны хооронд худалдаа ярихдаа голдуу бараа материал ярьдаг. Гэтэл орчин үед үйлчилгээний худалдаа гэдэг нь маш том орон зайг эзэлдэг болсон. Улмаар шинэ боломж, шинэ ажлын байр, шинэ орлогын эх үүсвэрийг бий болгодог ийм онцлогтой салбар. Энэ хүрээнд өчигдөр хоёр улсын шуудан холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоорондын "Стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь транзит худалдааг хөгжүүлэхэд хамгийн чухал нөлөө үзүүлэх суурь тавигдлаа. Энэ мэтчилэн өндөр ач холбогдолтой хэлэлцээр айлчлалын үеэр байгуулагдсан.
Хоёрдугаарт, Халхын голын байлдаанд ялсны 80 жилийн ой гэдэг бол томоохон үйл ажиллагаа. Энэхүү ялалтын баярыг зүгээр тэмдэглэх биш хоёр улс төрийнхөө түвшинд үнэлж ирсэн. Энэ нь бидний үнэтэй зүйл юм. Өнөөдөр баяраа хамтарч маш өргөн хүрээнд тэмдэглэж байна. Энэ нь харилцааны сэтгэхүйн суурь орчин байгааг харуулж байна. Суурь, сэтгэхүйн орчныг онцолж ярьж байгаа нь олон сая хүний бие биеэ дэмжих тэр харилцааг илтгэж байна. Энэ бол хоёр улсын хамгийн чухал асуудал" гэдгийг тэрбээр тодотголоо.
Холбоотой мэдээ