ҮНДСЭН ХУУЛЬ: БАРЬЦАА БА АВЦАА

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

ҮНДСЭН ХУУЛЬ: БАРЬЦАА БА АВЦАА

ҮНДСЭН ХУУЛЬ: БАРЬЦАА БА АВЦАА

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг ид өрнөж байгаа тул ээлжит бус чуулганы хугацааг энэ сарын 30-ныг хүртэл сунгаж, мөн хугацаанд гишүүдийн гадаад, дотоод томилолтыг хязгаарлах захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан. Нэмэлт өөрчлөлтөөр орж ирж буй нэг заалтыг дэмжихэд 57 гишүүний кноп хэрэгтэй тул сандал, суудал, томилгооноос бусад асуудалд “алга” болчихдог гишүүдийг захиргаадаж ажлыг нь хийлгүүлэхгүй бол “гэрийн даалгавар”-аа хийж дуусахад хэцүүхэн болж мэдэхээр.

Үндсэн хуулийн өөрчлөлт өнөөгийн үнэмлэхүй олонхид оногдсон түүхэн хариуцлага, гэрийн даалгавар нь. Цаашдаа өнөөдрийн парламент шиг  нэг намын үнэмлэхүй олонхиос бүрдсэн УИХ бүрдээ ч үү, үгүй ч үү. Массын хандлага, байгаа байдлыг нь харахаар Ж.Батзандангаас ч галзуучуудыг сонгож мэдэхээр.

 Гэхдээ Ардын намын автортай, өнөөдрийн гол сэдэв болсон Үндсэн хуулийн өөрчлөлт маргаашийн Монголын явах замын чиглэлийг заах учраас “нуухыг нь авах гээд бас нүдийг нь сохолчихож” боломгүй. Тэгэхээр ёстой л долоо хэмжиж нэг огтлох асар их хариуцлагыг Ардын нам үүрч байгаа. Арын алдааг нь ч давхар үүрнэ гэсэн үг.  

Эхний хэлэлцүүлгийн дундуур, баяр наадмын дараахан гэнэт саналаа хүргүүлсэн Ерөнхийлөгч Х.Баттулга уг нь Үндсэн хуулийг батлах эрхгүй, саналын эрхтэй субъект юм. Гэвч, хулгай, хууль бус асуудалтай УИХ, үнэмлэхүй олонх Ерөнхийлөгчид барьц олгосоор. Ерөнхийлөгч Х.Баттулгатай “барилдах”-ад тун эвгүй, барьц өгдөггүй гэдгийг Ерөнхий сайд асан С.Баяр “Жар хоног, жарны бутархай”-даа ч онцолсноос харвал Үндсэн хуулийн өөрчлөлтөд “ганц дайчин” ганцаардахгүй бололтой. ЖДҮ, жаран тэрбум “ялтай” парламентынханд өгөө их, хэн нэгэнд тэднээс авах авцаа ч бий л байх.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд хамгийн их маргаантай байгаа асуудал нь тогтолцоо. Дээр нь гишүүдийн тоо, хугацаа, шүүхтэй холбоотой асуудалд үнэмлэхүй олонх дотроо ч, УИХ, Ерөнхийлөгч хоорондоо ч тохироонд хүрч чадахгүй учраас түрдээ “хойш” тавьчихаад байгаа. Хэрэвзээ гишүүдийг 108 болгохыг дэмжихгүй бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүхэлд нь дэмжихгүй гэж ордны Зүүн жигүүрийнхэн реакцилж байгаа гэх.

Ямар ч байсан өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон, шүүхтэй холбоотой зохицуулалтын асуудлаар хуульчид зангиатайгаа жагссан. Гэхдээ энэ бол зөвхөн тэдэнтэй холбоотой, тэдний эсэргүүцэх асуудал биш юм. Хүн бүхэнд хамаатай шүүхийн асуудал Үндсэн хуулийн гол өөрчлөлт, гол маргаантай сэдэв. Цаашдаа Монголд Улсад хараат бус шүүх байх уу, үгүй юу, хүний эрх үү, даргын эрх үү гэдгийг шийдэх учраас.

Ардын намын анхны боловсруулсан шүүх засаглалтай холбоотой өөрчлөлт хуульчдаас “эрхий хуруу” авч байсан бол Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналыг “Гуя дагаж хүзүү ч биш байжээ. Хүзүүнээс ч илүү аймаар төслийг Ерөнхийлөгч өргөн барьчихжээ” хэмээн хуульч О.Мөнхсайханаас эхлээд олон хуульч шогширцгоосон билээ.

Гээд, Үндсэн хуулийн төслийг баталчихаагүй байгаа болохоор бас чиг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан саналыг дэмжээд батлах боломж байна. Өөрөөр хэлбэл, шүүх засаглалын эрх мэдлийг Үндсэн хуулиар бэхжүүлэх тухай асуудал нь хэн нэгэн эрх мэдэлтнээс хараат биш шүүхийн тухай. Үүнийг дэмжихийг УИХ-ын гишүүдээс хүсч буй.

Ядаж шүүх засаглалтай холбоотой анхны есөн заалт байг гэхэд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг заах, Шүүхийн сахилгын хороог байгуулах, Шүүхийг тойргоор байгуулж болох гурван заалтыг дэмжээд өгөөч ээ гээд байгаа хэрэг.

Үндсэн хуулийн 49.5-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын Дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно" гэсэн санал бол чухамдаа нэг хүний “хонгил” үүсэх эрсдэлээс хамгаалсан,шүүх дэх улс төрийн нөлөөллийг багасах заалт гэдгийг хуульчид анхааруулаад байна.

Эцэст нь, “Хүн юу тарина түүнийхээ үр шимийг хүртдэг” гэсэн үгтэй. Энэ өнцгөөс харвал УИХ-ын гишүүд Үндсэн хуулийг өөрчлөлтийг яаж хийнэ, хэзээ нэгэн цагт түүнийгээ үр дүнг амсана. Гол нь үр шим ээ юу, үйл лайгаа юү гэдгийг цаг хугацаа харуулах биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж