Улсын драмын эрдмийн театр/УДЭТ/-ын уран бүтээлчид О.Элбэгтөгсийн “Надтай үлдээч” зохиолыг ерөнхий найруулагч, СТА А.Чингүн жүжиг болгон тайзнаа амилуулж, тус жүжгийн гол дүрд СТА Б.Шинэбаяр, залуу жүжигчин Д.Асардарь нар тогложээ. Жүжиг энэ сарын 6-нд үзэгчдийн хүртээл болно. Энэ намрын тоглолтынхоо салхийг хагалан үзэгчдэд хүргэхэд бэлэн болсон "Надтай үлдээч" жүжгийн талаар өнөөдөр /2019.09.04/ уран бүтээлчид мэдээлэл хийлээ.
ТОВЧХОНДОО ХАЙР ДУРЛАЛЫН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ЖҮЖИГ
Тус жүжгийн ерөнхий найруулагч, СТА А.Чингүн “Энэ жүжгийг бодит амьдралаас сэдэвлэсэн. Товчхондоо хайр дурлалын эрх чөлөөний тухай жүжиг. Хайр дурлалын үнэ цэнэ, гэр бүлийн тухай, хайрыг хэрхэн олж чанга атгахын тухай, хайрыг хэрхэн үнэн бодитоор мэдэрч, зөвийг олохын тухай энэ жүжигт өгүүлж байгаа. Техник технологи хөгжих тусам хүмүүс хэтэрхий эрх ашиг руу тэмүүлэх болсон байна. Бид хайр дурлалын эрх чөлөөний тухай дуугарахын тулд хайрыг боож хааж байгаа зүйлийн тухай дуугарна. Өнөөдөр хайр дурлалын эрх чөлөөг юу боогоод байна вэ? Өнгө, хэлбэр, сошиал ертөнц. 50-иас доош насны хүмүүс бүгд виртуал ертөнцөд амьдарч байгаа. Гуравдагч нүүр царайтай байна.
Би гэж нэг хүн, бусдад харуулдаг нэг хүн, гар утсанд дахиад нэг хүн байна. Гурван өөр ертөнц дотор амьдарч байна. Жүжгийн гол дүрд СТА .Шинэбаяр, залуу жүжигчин Д.Асардарь нар тоглоно. Б.Шинэбаяр туршлагатай залуу уран бүтээлч, Д.Асардарийн хувьд шинэ залуу уран бүтээлч. Энэ хоёр уран бүтээлч орчин үеийн залуучуудын өнгө төрхийг тодорхойлж чадахуйц өөрсдийн араншин, характертай. Мөн МУГЖ Б.Жаргалсайхан, Г.Урнаа, соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүх, Ц.Баясгалан, М.Тогтохжаргал Э.Тодгэрэл болон залуу жүжигчин Б.Золжаргал, Ц.Жаргалсайхан нар энэ уран бүтээлд өнгө нэмнэ” гэв.
"Учрах ёстой хувь тавилан гэж байдаг бол уулс нурж, далай ширгэсэн ч учрах л ёстой” дээрх үгс “Надтай үлдээч” уянгын драмын жүжгийн гол санаа юм. Тус жүжигт залуу хосуудын хайр дурлал, гэр бүлийн үнэ цэнийн талаар өгүүлэх аж.
…Хосбаяр, Анужин нар хоёр жил үерхэж хамт амьдарсан хосууд. Харин тэд ялихгүй нэг хэргээс болж түр хугацаагаар хоёр тийшээ болсон байлаа. Яг энэ үед Хосбаяр санамсаргүй тохиолдлоор Нандин бүсгүйг гэртээ авч ирж хонуулснаас болж ээдрээт явдлын эх үүсвэр тавигдах аж. Улмаар Нандингийн гэр бүлийнхэн Хосбаярыг буруугаар ойлгож олон нийтийн цахим сүлжээнд түүний нэр хүндийг унагасан бичлэг тавьснаас болж Хосбаяр гэрээсээ ч толгойгоо цухуйлгах аргагүй хүнд байдалд орно. Энэ явдалтай зэрэгцэн Анужин Хосбаяртай учраа олохоор гэрт нь ирсэн ч Нандинтай таарсан нь дарин дээр давс нэмсэн хэрэг болох нь тэр. Нэг үгээр хэлэхэд Хосбаярын амьдрал, нэр хүнд, хайр сэтгэл нэг мөсөн баларч гүйцнэ. Эцсийн мөчид Анужин Хосбаяр нар ойлголцох болов уу? Хэн нь хэндээ "Надтай үлдээч" гэж чин сэтгэлээсээ хэлэх бол…
Э.БУРАМ
Холбоотой мэдээ