Монголын эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Тайванийн Чангэнг мемориал эмнэлэг болон Ноордхоффын сангийн хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны 8-сарын 28-30-ны өдрүүдэд Монголын уруул тагнайн эмгэгтэй хүүхэд багачуудад үнэ төлбөргүй мэс засал хийлээ. Энэхүү хамтарсан төсөл нь анх 2010 онд хэрэгжиж эхлээд өдгөө 10 дах жилтэйгээ золгож байгаа ба өнгөрсөн 10 жилийн хугацаанд төслийн хүрээнд нийт 200 гаруй хүүхэд багачуудад инээмсэглэл бэлэглэж, амьдралыг нь өөрчилжээ.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчилгээний багийн тэргүүлэх эмч Г.Аянга энэ оны Уруул, тагнайн эмгэгийн эмчилгээний төслийн уулзалт дээр энэ жилийн хамтарсан мэс заслын явцад шинэ шинэ технологи сургасан Тайваний баг хамт олондоо олон жилийнхээ туршлагаас хуваалцаж, Монгол улсын уруул тагнайн эмгэгийн мэс засал болон өвчтөний асаргаа сувилгааны чадамжинд ахиц гарахад дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлье гэсэн юм. Тайванийн Лин коу Чангэнг мемориал эмнэлгийн мэс заслын хэлтсийн эрхлэгч Луо Лунжоу хэлэхдээ, уруул тагнайн эмгэгийн эмчилгээ олон тасаг хавсарсан мэс засал болдог төдийгүй хүүхэд өсөж томрох явцтай уялдуулан уруулын сэтэрхийг засах, тагнайн цоорхойг нөхөх, буйлны гажгийг засах зэрэг ажилбаруудыг үе шаттай хийдэг. Иймээс эдгээр эмчилгээний үе шат бүрийг мөрдөж эмчлүүлэх нь нэн чухал байдаг. Монголын Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчилгээний багийн анхаарал, халамжийн үр дүнд ирэх жил биднийг дахин ирэхэд энэ жил хагалгаа хийсэн 24 хүүхэд өөртөө итгэлтэй, инээмсэглэл дүүрэн угтана гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Холбоотой мэдээ