Өрийн төвшин өндөр, шинэчлэлийн үр дүн муу байгаа нь Грекийг тус сангийн авралын гурав дахь багц авагч гэдгээс нь хасахад хүргэлээ хэмээн Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл үзжээ.
Грекийн өрийн ДНБ-тэй нь харьцуулсан харьцаа
Грекийг аврахаар Европын холбооноос явуулж байгаа сүүлийн хөтөлбөрт нь ОУВС оролцох эсэх нь ийнхүү тодорхойгүй болов.
Зээлдүүлэгч нарын Гректэй хийх хэлэлцээрт ОУВС-гийн албан тушаалтнууд оролцох бөгөөд гэхдээ уг сан шинэ хөтөлбөрийн тохиролцоонд хэдэн сарын турш оролцохгүй болж таарлаа. Мөнгө өгч магадгүй ч гэхдээ тэр нь ирэх жилд л бүтэх гэнэ.
Энэ татгалзал Грекийн хувьд мэдэгдэхүйц үр дагавартай. Тухайлбал, 85 тэрбум еврогоор Грекийг аврах хөтөлбөрийг ОУВС дэмжихгүй бол түүнийг бид бас дэмжихгүй гэж Германы улстөрчид хэлж байсан билээ. Үүний хажуугаар, сангийн байр суурь нь Грекийн байдлыг ноцтой болгож байна. Хэрэв сангаас мөнгө наймдугаар сарын 20-ны дотор орж ирэхгүй бол Грек Европын Төв банкинд төлөх 3,2 тэрбум еврогоо шилжүүлж чадахгүйд хүрнэ.
Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас өөрийн СИРИЗА намын депутатуудын эсэргүүцэлтэй тулгарч байгаа учраас шаардлагатай шинэчлэлийг Грект явуулж чадахгүй байдалд ч орж болох юм.
Өнгөрсөн долоо хоногт, аврах хөтөлбөр үр дүнд хүргэхгүй нь тодорхой учир түүнийг зогсоох нь зүйтэй гэсэн шийдвэрийг ОУВС гаргасан билээ. The Financial Times сонинд өгүүлсэн “маш нууц” баримтаар бол Грек шинэчлэлийн бүрэн хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нэг мөр шийдсэний дараа л албан тушаалтнууд хэлэлцээрт орно гэжээ. Хамгийн гол нь Европын зээлдүүлэгч нар өрийн дарамтыг нь хөнгөвчлөх шийдвэрээ тохиролцсон байх ёстой аж. Берлин мэтийн бусад зарим улсын Засгийн газар Грекийн өрийг цайруулахгүй гэж байгаа учир дээрх заалт хамгийн том саадыг учруулж болох талтай.
Долдугаар сарын тохиролцооны аврах төлөвлөгөөг унагахын тулд Германы сайд Вольфганг Шойбле, ОУВС хоёр хуйвалдаж байна гэж Грекийн зарим албан тушаалтнууд сэжиглэж эхэлжээ. Энэ талаар Грекийн Сангийн сайд асан Янис Варуфакис хэлээд, тусламж үзүүлэхээ хаах зорилго бүхий Grexit төлөвлөгөөний эрсдэл хэвээр гэсэн юм. Германы Сангийн сайд Вольфганг Шойблегийн төлөвлөгөөтэй энэ нь зарим талын холбоотой байж болох талтай.
"Шойбле өөрийн төлөвлөгөөтэй. Маш энгийн гэж түүнийгээ надад танилцуулж байсан. Евро бүс тогтворгүй. Ямар нэгэн улс төрийн холбооны төвшин, мөнгөний бодлого байх ёстой. Grexit нь Францын илүү талыг даван өөрийн санаа бодлыг тулгах давуу эрхийг хэлэлцээр дээр өгнө гэж тэр надад ярьж байв. Энэ нь юу гэсэн үг вэ? Төсвийн шийдвэрийн бүрэн эрхийг Парисаас Брюссельд авчирна гэсэн үг юм” хэмээн Варуфикис хэлсэн байна.
Доктор Шойбле, ОУВС хоёр нэгдмэл нэгэн зорилготой гэж тэр нэмэн өгүүлжээ. Одоо гарч буй мэдээллээс харвал, ОУВС нь нэрээ бодож байгаа бололтой. Тиймээс шинэ хөтөлбөрийг өөрчлөхгүй тохиолдолд түүнийг хүлээн авахгүй.
“Сан өөрийн нэр төрийг санаж байх ёстой” хэмээн Кристин Лагард өгүүлснээс харахад захирал өөрөө зөвлөлийнхөө талд байгаа нь илт. Тэр нь Грекийн мөнгө авах боломжийг устгаж буй юм.
Баримтад өгүүлснээр, Грек улс ОУВС-гийн хоёр шаардлагад нийцэхгүй байгаа учир мөнгө олгох боломжгүй аж. Тэр шаардлагад нийцэхийн тулд санхүүгийн тусламж авагч нь шинэчлэл хийх “Институцийн болон улс төрийн ирээдүйтэй”-г харуулах ёстой. Мөн улсын өр нь дунд хугацааны ирээдүйд тогтвортой байх ёстой ажээ.
Эдгээр шаардлага биелэхгүй байгаагаас намар хүртэл юу ч хувирахгүй гэж ОУВС үзлээ. Мөнгө байхгүй бол ямар ч шинэчлэл явуулах чадвар Грект алга байгаа нь уг асуудлыг гүнзгийрүүлж буй. Харин европчууд эхний шинэчлэлийн тайлангүйгээр тусламж өгөх хүсэлгүй байгаа юм. Учир нь Грект итгэл алдраад байна.
Бүх зүйл наймдугаар сарын сүүл рүү тодорхой болно. Хэрэв Грек Европын Төв банкны төлбөрөө өгч чадахгүй бол тэр нь бүрэн хэмжээний дефолт болох юм. Тэр цагт аврах ямар ч хөтөлбөр хэрэггүй болно. Ийм зураглал нь тусламж үзүүлэхээ зогсоох Grexit хөтөлбөрийн биелүүлэх боломжийг өгөх байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР