Монгол Улсын иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Үндсэн хуулиар хамгаалагдсан энэ эрх орон нутагт хамгийн их зөрчигдөж, шударга үнэний төлөө, байгаль орчныг хамгаалах чиглэлээр дуу хоолойгоо хүргэсэн хүмүүс амь насаа ч алдах эрсдэлтэй нөхцөлд байгааг хүний эрхийг хамгаалагчид хэлэв. Монгол Улсад хүний эрхийг хамгаалах хууль бүрэн утгаараа хэрэгжиж чадаж байна уу? гэдэг асуултад хариулт өгөхүйц, шийдэл, гарц гаргалгааг тодорхойлох зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2019.09.04/ Гадаад харилцааны яаманд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх дээрх арга хэмжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, хүний эрхийг хамгаалагчид оролцон, Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж, санал шүүмж зөвлөмж гаргана. Мөн хүний эрхийг хамгаалахад учирч байгаа саад бэрхшээлийг даван туулах арга зам, гарц гаргалгааг хамтдаа эрцгээнэ.
ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧИД АМЬ НАСАА АЛДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА
Эмнести интернэйшнл байгууллагын гүйцэтгэх захирал Б.АЛТАНТУЯА:
-Монголд хүн үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг олон нийт дэмжихгүй эсрэгээрээ хэл амтай хүн гэж үзэх, янз бүрийн байдлаар сэтгэлзүйн дарамт үзүүлэх байдлаар эрх нь зөрчигдөж байна. Хүний эрхийг хамгаалахын төлөө дуугарсан хүнд хөдөө орон нутагт шашны зан үйлээр болон гэр бүл, хамаатан саднаар нь дамжуулан дуугүй болохыг хэлүүлэх, ажлаас хална гэж сүрдүүлэх, гэр бүл үр хүүхдийг нь айлган сүрдүүлэх зэрэг янз бүрийн дарамт шахалт учруулдаг. Ажлаа алдах, шүүхийн хаалга татах, архидан согтууралтанд өртөх тохиолдол маш их. Зарим тохиолдолд томоохон бизнесийн ашиг орлогын эсрэг дуугарч буй хүмүүс маш эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа. Тэдний утсаар ах дүү, гэр бүл, үр хүүхдийг заналхийлэх тохиолдол гарч байгаа учраас хүний эрхийн хамгаалагчид гэж хэн бэ? гэдгийг тусгайлан хуульд тодорхойлох, тэдгээр хүмүүст дэмжлэг хамгаалалт үзүүлэх зайлшгүй шаардлага байна. Жишээ нь, Байгаль орчны чиглэлээр ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл амь насаа алдсан. Энэ хүн байгаль орчныг хамгаалахын төлөө тэмцээд бусдын гарт амь үрэгдсэн үү эсвэл өөр байдлаар хорлогдсон уу гэдгийг судалж үзэх хэрэгтэй. Тодорхой эрх мэдэлтний эрх ашгийн эсрэг сөрөөд амь насаа алдсан хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Харамсалтай нь, тэдгээр хүний эрхийг хамгаалагч хүмүүс эрх ашиг нь зөрчигдөж байна гэдгийг мэдэхгүй, зөвхөн өөрт тохиолдсон зовлон мэтээр ойлгож байгаа нь буруу юм.
Хүний эрх хөгжил төвийн тэргүүн Г.УРАНЦООЖ:
Хүний эрхийг хамгаалагчдын асуудал, тэдний эрх зүйн байдлыг тогтоох хууль боловсруулахад өнөөдрийн зөвлөлдөх уулзалтын гол зорилго оршиж байна. Монгол Улсад хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалсан хууль хэрэгтэй байгаа. Хөдөө орон нутагт байгаль хамгаалах, хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалсан хуулийн орчин байдаггүй. Байгаль орчноо хамгаалах чиглэлээр ажилладаг хүмүүст маш олон талаас дарамт шахалт ирж байна. Төрийн байгууллагууд байгаль хамгаалах чиглэлээр ажиллаж буй хүмүүсийг хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна. Орон нутагт хүний эрхийн хамгаалагчдад маш олон янзын дарамт шахалт ирүүлж, хилс хэрэгт гүтгэж байна. Аялдан дагалдахгүй бол хүч хэрэглэх арга хэмжээг авч хохироох байдалд хүргэж байгаа юм. Тиймээс хүний эрхийг хамгаалагчдыг дэмжсэн тодорхой зохицуулалттай хууль байх ёстой. Ер нь орон нутагт эрх зөрчигдсөн хүмүүс хаана хандах вэ гэдэг нь маш асуудалтай байна. Ийм гомдол мэдээлэл ч орон нутгаас манай байгууллагад их ирдэг.
ХЭҮК-ын гишүүн П.ОЮУНЧИМЭГ:
-Хүний эрхийг хамгаалагчид нэг зүйлийн төлөө тэмцэхэд нөгөө талаас дэмжихгүй нь тодорхой. Эрсдэлийг бий болгож буй хүчин зүйл нь тухайн тэмцэж буй объёкт нь болдог. Тиймээс тухайн хүний эрхийг хамгаалагчийн ажиллах эрх зүйн орчин нь тогтвортой, баталгаатай байснаар хүний эрхийн төлөө тэмцэгчдийн тэмцэл үр дүнд хүрдгийг ойлгох хэрэгтэй. Хүний эрхийг хамгаалагчийн анхны судалгааг 2014 онд хийж УИХ-д илтгэл хүргүүлж байсан. Тус илтгэлд Хууль зүйн байнгын хорооноос тогтоол гаргасан байдаг. Монголд хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хууль байх шаардлагатай гэж үзээд 2016 онд иргэний нийгмийн байгууллагууд олон улсын байгууллагуудтай хамтран ажлын хэсэг байгуулсан юм. Биднээс зүгээс Монгол Улсын иргэн бүрийн эрх нь зөрчигдөхгүй байх, хохирсон хүмүүсийн эрхийг сэргээхэд зөвхөн Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/ биш салбар салбарт хүний эрхийн хамгаалагч нарт хуультай болгож өгөх үүрэгтэй. Хүний эрхийг хамгаалах, хүний эрхийн төлөө дуугарсан хамгаалагчдыг хуулиар хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллагууд уялдаа холбоотой байх нь чухал юм гэлээ.
Дашрамд дурдахад, хоёр өдөр үргэлжлэх энэхүү зөвлөлдөх уулзалтад оролцохоор НҮБ-ын Тусгай илтгэгч Мишель Форст Монгол Улсад дахин айлчлаад байна. Тэрбээр энэ удаа Монголд ажилласан тайлангийнхаа үндсэн дээр ирж байгаа нь энэ юм. Мишель Форст энэ сарын 7-н хүртэл Улаанбаатарт ажиллана. Тэрбээр өмнө ажиллаад Монгол Улсад хууль дээдлэх зарчимд ухралт гарч, иргэний нийгмийн орон зай хумигдах хандлагатай байгаа нь харамсалтай гэх дүгнэлтийг гаргасан юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАТМӨНХ
Холбоотой мэдээ