АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт твиттер хуудастаа Хятадын эрх баригчдад хандан Шинжаан дахь дарангуйллаа зогсоохыг уриалаад, олон улсын хууль тогтоомжийг зөрчиж байна хэмээн шүүмжлэн жиргэсэн билээ. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн мягмар гаригт Хятадын Гадаад хэргийн яамнаас АНУ-ын засаг захиргаанд Шинжаантай холбоотой асуудлуудыг ашиглан, тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг уриалжээ.
Шинжаан-Уйгарын өөртөө засах орны талаарх АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн дээрх жиргээтэй холбоотой асуултад өнгөрсөн мягмар гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хариулт өгсөн байна.
Тэрбээр “Майк Помпео Хятад улсыг буруутгах зорилго бүхий үгсээ давтаж байна. Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байна” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр Шинжаанд явуулж буй үйл ажиллагаа нь терроризмтой тэмцэж, угсаатны бүх бүлгийг дэмжин, тогтвортой байдлыг хадгалах зорилготой хэмээн онцолсон байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн тавдугаар сард, Шинжаанд хоригдож байсан уйгар иргэд болон одоо хоригдож буй хүмүүсийн төрөл төрөгсдийг хүлээн авч уулзсан билээ.
Энэ уулзалтын дараа тэрбээр ислам шашинтай иргэдийг үндэслэлгүйгээр шоронд хорьж, залхаан цээрлүүлж байгаа харгис үйл ажиллагаагаа зогсоохыг Хятадын эрх баригчдаас шаардаж байв.
Шинжаанд хоригдож байсан Михригуль Турсун Майк Помпеотой уулзахдаа хүүхдээс нь салган давчуу тасалгаанд 60 эмэгтэйн хамт хорихдоо 24 цагийн турш цахилгаан гүйдэлд цохиулж, зодох зэргээр эрүүдсэнийг ярьжээ. Өдгөө Шинжаанд нийтдээ нэг сая орчим ислам шашинтай иргэдийг хуулийн үндэслэлгүйгээр бөөнөөр хорьж буйн ихэнх нь уйгарууд, мөн казах, киргиз, тажик угсаатнууд ч бий аж.
Майк Помпео сэтгүүлчддэд хэдэн зуун мянгаар тоологдох ислам шашинтай иргэд хоригдож байгаа нь “баталгаатай” гэж ярьжээ.
Хятадын эрх баригчид уйгаруудаас коран судрыг нь хурааж авах, Исламын шашинд хориотой архи уух, гахайн мах идэх зэрэг үйлдлийг албадан хийлгэж байсныг АНУ-ын төрийн департмент болон бусад хүний эрхийн байгууллагууд баталсан аж.
Төрийн департмент өнгөрсөн онд гаргасан хүний эрхийн сүүлийн тайландаа Шинжаанд болж буй үйл явдлыг оруулжээ. АНУ-ын төрийн департментын төлөөлөгч Майкл Козак “Өнөөдөр дэлхий дахинд нүүрлээд байгаа хамгийн ноцтой хүний эрхийн зөрчлүүдийн нэг” гэж хэлсэн байна.
Хятадын эрх баригчид Шинжаанд хүний эрх зөрчиж байгаа тухай мэдээллийг үгүйсгэж, үүнийгээ Исламын терроризмаас сэргийлэхийн тулд иргэдэд боловсрол олгох ажиллагаа гэж нэрлэдэг аж.
Хятадын баруун хойд хязгаарын Шинжаанд амьдардаг исламын шашинтай уйгарчуудын асуудал нь хэзээд Хятадын “шүдний өвчин“ байсаар ирсэн бөгөөд уйгар үндэстнийг Хятадын соёлд уусгах бодлого улам хэрцгий болж байгаа талаар өнгөрсөн долдугаар сард ВВС агентлаг мэдээлж байв. Энэхүү бодлогын дагуу тус улсад амьдарч буй мянга мянган уйгарыг “албадан боловсрол олгох төв” нэртэй хорих байранд аваачин хүчээр хятад хэл, соёлыг ухуулдаг байна.
Сүүлийн үеийн тандалт судалгаагаар нялх уйгар хүүхдүүдийг хүчээр гэр бүлээс нь салгаж, итгэл үнэмшил, үндэс угсаа, эх хэлийг нь мартуулан, хятад хэл соёлоор хүмүүжүүлж байгаа нь нотлогджээ.
Хятадад сүүлийн гурван жил шашны хэт даврах үзэл гаргасан гэх шалтгаанаар хэдэн зуун мянган уйгар болон бусад үндэстний цөөнхүүдийг “албадан боловсрол олгох төв” нэртэй хорих байранд хорьж “түгжжээ”. Тэднийг ийнхүү ямар нэгэн дарамт шахалтаар албадан хорьж, хүчээр хятад соёл заан, тархийг нь угаадаг байна.
Эх сурвалж: ВВС, XINHUA, FRANCE PRESS
Холбоотой мэдээ