Сум, дүүргийн Засаг даргыг иргэд сонгохгүй

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

LiveСум, дүүргийн Засаг даргыг иргэд сонгохгүй

Сум, дүүргийн Засаг даргыг иргэд сонгохгүй
21 : 56
2019-9-4

Сум, дүүргийн Засаг даргыг иргэд сонгохгүй

Чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, санал хураалаа. Тухайлбал,

Төслийн  гуравдугаар зүйлийн 11 дахь заалт буюу 57 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн эхэнд “Хүн амын их хэмжээний төвлөрөл бий болсон нутаг дэвсгэрийг улсын зэрэглэлтэй хот гэж үзэж нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж гэж тооцон эрхзүйн байдлыг нь хуулиар тогтооно” гэж нэмэх санал гаргасан УИХ-ын гишүүн О.Содбилэг дээрх саналаа татав.

Төслийн  гуравдугаар зүйлийн 12 дахь заалт буюу 59 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулах:

“2.Монгол Улсын нутаг дэвсгэрийн өөрөө удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн ИТХ мөн.  Сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна. сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн   тоо, тэдгээрийг иргэд сонгох журмыг хуулиар тогтооно” гэсэн төслийн заалтыг гишүүдийн 87.9 хувиар дэмжсэнгүй.

Төслийн гуравдугаар зүйлийн 12 дахь заалт заалт буюу 59 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулах:

“2.Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн  нутаг дэвсгэрийн ИТХ,  баг хороонд Иргэдийн нийтийн хурал байна. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно” санал гаргасан ажлын хэсэг, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Төрийн байгуулалтын байнгын хороон дэмжсэн саналыг хэлэлцлээ.  Гишүүд үг хэлж дууссаны дараа уг саналаар санал хураалт явуулах байтал УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн санал хураалтыг хойшлуулах горимын санал гаргасныг гишүүд дэмжсэн юм.

Үргэлжлүүлэн төслийн 3 дугаар зүйлийн 12 дахь заалт заалт буюу 59 дүгээр зүйлийн гурав дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулах:

“3.Аймаг, нийслэлийн төлөөлөгчдийн хурал нь сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дөрвөн жилийн хугацаагаар томилогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ” гэсэн төслийн заалтыг хуралдаанд оролцсон нийт 62 гишүүний 43 нь  буюу 69.4 хувиар дэмжсэнгүй.

Үргэлжлүүлэн төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу 60 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах:

“2.Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд, баг хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлд заасан журмаар дахин нэг удаа дэвшүүлж Ерөнхий сайд томилно гэсэн төслийн заалтыг хэлэлцэхээс түр хойшлуулах саналыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гаргасныг санал хураалтаар дэмжив.

 Төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу 60 дугаар зүйлийн гурав хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах:

“3.Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгож, аймаг, нийслэлийн Засаг дарга 15 хоногийн дотор батламжилна. Сум, дүүргийн Засаг даргыг сонгуулийн журмын хуулиар тогтооно.” гэсэн төслийн заалтыг гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Дараа нь төслийн 3 дугаар зүйлийн 13 дахь заалт буюу 60 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах:

“2.Сумын Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд хуулиар тогтоосон журмын дагуу сонгож, аймгийн Засаг дарга 15 хоногийн дотор батламжилна Дүүргийн Засаг даргыг сонгох, эсвэл томилох журмыг хуулиар тогтооно” гэсэн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын гаргасан саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх уг саналыг дэмжсэнгүй.

Үргэлжлүүлэн төслийн 57 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт дор дурдсанаар нэмэх.

“3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ” гэж санал гаргасан ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн саналын дагуу гишүүд байр сууриа илэрхийлэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил дээрх саналыг ажлын хэсэг дээр дахин нухацтай авч үзэх шаардлагатай байна гэсэн горимын санал гаргасны дагуу хэлэлцэхээс хойшлууллаа.

Дараа нь төслийн 4 дүгээр зүйлийн гэж тус тус гэсний өмнө 62 дугаар зүйлийн нэгдэх хэсгийн асуудлыг бие дааж шийдвэрлэнэ гэснийг асуудлыг шийдвэрлэх гэж нэмэх ажлын хэсгийн саналыг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Бие дааж шийдвэрлэнэ гэдгээр нь явуулах саналыг дэмжиж байна” гэсэн юм. Ингээд санал хураалт явуулахад 77.4 хувиар уг санал дэмжигдсэнгүй.

Үүгээр чуулганы нэгдсэн хуралдааныг хаалаа.

 

 

 

20 : 17
2019-9-4

Х.Нямбаатар: Хот тосгодод эрх мэдэл өгөх хэрэгтэй

Чуулганы хуралдаанаар нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна.

Төслийн гуравдугаар зүйлийн 11 дэх заалт буюу 57дугаар зүйлийн 2 дахь хэсгийн доор дурдсанаар өөрчлөн найруулах:

“2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрхзүйн үндсийг хуулиар тогтооно. Хот тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ” гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн ажлын хэсгийн гаргасан саналыг хэлэлцлээ. Уг саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 66 гишүүний 62 нь буюу 93.9 хувиар санал дэмжигдлээ.

Уг саналттай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан гол асуудлын нэг нь хотын асуудал. Ялангуяа хурцаар тавигдаж байгаа асуудал нь Эрдэнэт, Дархан хот хоёр. Эрдэнэтийг Эрдэнэ хот гэж ард түмэн нэрлэж ирсэн. Орхон аймаг гэж хэлэх нь маш цөөхөн. Эрдэнэтэд амьдарч буй 100 мянган иргэн хот гэж нэрлүүлье гэхдээ зөвхөн нэр төдий биш захиргаа, удирдлага төсвийн өөрийн гэсэн статустай болохыг хүсэж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийн хугацаанд би ажлын хэсэгт орж ажилласан. Мөн энэ асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр хэдэнтээ саналаа хэлсэн хэдий ч хүлээж авсангүй. Эрдэнэтийн иргэдтэй уулзалт хийх үеэр 1992 оны Үндсэн хуулийг баталсан АИХ-ын депутатууд “Наад нөхөд чинь органик хуулиар гээд зальдана шүү. Тэгж хэлээд 1992 оны Үндсэн хуулиар Эрдэнэт хотыг аймаг болгосон” гэж захиж байна. Өнөөдөр 21 дүгээр зуун болчхоод байхад том бүтээн байгуулалт бий болсон хотыг хот гэж хэлэхгүй байгаад гайхаж байна. Иргэд өөрсдөө хот гэж нэрлээд байхад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хот гэж оруулахгүй байгаа нь маш сул тал. Ядаж улсын чанартай хот гэж Үндсэн хуулийн өөрчлөлтөд статусыг нь заамаар байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход хамгийн чухал заалт бол тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хот, тосгоны эрх зүйн үндсийг тогтоохтой холбоотой заалтууд байгаа. Улсын Их Хурлын гишүүдийн хамгийн олон зарчмын зөрүүтэй санал гаргасан заалт. Миний хувьд бас зарчмын зөрүүтэй санал гаргасан. Эдгээр саналыг ажлын хэсэг нэгтгээд нийтээрээ хүлээн зөвшөөрөхүйц оновчтой томьёолсон гэж үзэж байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэж заасан. Ажлын хэсгийн саналд “тосгон”-д засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлж болохоор, мөн уг асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэхээр заасан байна. Өмнөх хэлэлцүүлгүүдийн турш миний яриад байсан тосгонд амьдарч байгаа иргэдийн эрх ашиг зөрчигдөж, төрийн үйлчилгээнээс хоцордог. Тухайлбал Хатгал тосгоны иргэдийн хувьд зарим төрийн үйлчилгээг авахын тулд сумын төв рүүгээ 30 орчим км явж байж авах, орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө хуваарилалт, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэлт, түүнээс буцаад хуваарилалт хийх зэрэг олон асуудлууд энэ саналаар шийдэгдэх юм гэж харж байна.

 УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Үндсэн хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтүүд дээр ач холбогдол өндөртэй заалтын нэг. Бид сүүлийн 28 жил улсын төсвийг зөвхөн засаг захиргаа нутаг дэвсгэрийн чиг үүрэгт нь хуваарилж ирсэн. Хүн амын төвлөрөл бөөгнөрөл үүссэн хот тосгодод хот нийтийн аж ахуйг эрхлэхэд нь огтоос төсөв хуваарилж байгаагүй. Дээр нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн зарим чиг үүргийг нь шилжүүлж өгөөгүй. Өнөөдөр 330 сумын төв хүн амын төвлөрөл үүссэн хэрнээ хот нийтийн үйл ажиллагаа явуулах чиг үүрэггүй төсөвгүй. Цаашид бид бусад суурин соёл иргэншилтэй орны жишгээр хөгжье гэвэл хот тосгодод тодорхой эрх мэдлийг шилжүүлэх засаг захиргаа нутаг дэвсгэрийн зарим чиг үүргийг өгөх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой өөрчлөлтүүдийг хийсэн шиг бид хийх хэрэгтэй. Ялангуяа тосгодтой аймгуудад асуудал маш их бий. Удирдлага, зохион байгуулалтыг тодорхой болгох шаардлага амьдралаас урган гарсан. Засаг захиргааны чиг үүргийг орон нутаг руу шилжүүлэх хэрэгтэй. Жишээ нь Сэлэнгэ аймгийн хувьд 17 сум, зургаан тосгонтой. Түнхэл тосгон гэхэд 3044 хүн амтай, Номгон тосгон 2000, Тэрх тосгон 3000 гаруй хүн амтай. Энэ мэтчилэн хүн амынх нь төвлөрөл бусад аймгийн сумуудтай адилхан. Тосгодын иргэд төрийн үйлчилгээг авахад хүндрэл их гардаг. Түнхэл тосгонд хүн нас барлаа гэхэд заавал ч үгүй  23 км явж байж нас барсны гэрчилгээг нь авдаг. Суман дахь төрийн үйлчилгээг тухайн тосгоны иргэд адилхан хүртэх ёстой. Энэ нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгааг бид зайлшгүй энэ өөрчлөлтөөр засах ёстой. Ялангуяа төсөвтэй холбоотой ямар ч эрх мэдэл тосгодод байх. Тосгонд ажлын албанд ажилладаг хүн байлаа гэхэд Улаанбаатар хот руу сургалтад суухаар явбал бас л 20-30 км явж байж сумынхаа Засаг даргаас томилолтын бичгээ авдаг. Тосгоны захирагч нь хүртэл сумынхаа Засаг даргаас томилолт авдаг. Ийм л чирэгдэл болсон шат дамжлага тосгодод бий.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Байнгын хороон дээр санал гаргаж энэ саналыг хасъя гэсэн санал оруулсан. Одоогийн хэрэгжиж буй Үндсэн хуулийн заалтад нэмж байгаа зүйл их бага байна гэж харж байна. Одоогийн хуулинд байгаа өгүүлбэр дээр улсын болон орон нутгийн зэрэглэлтэй гэж тодотгол л нэмж байгаа. Энэ хийсэн тодотгол оновчгүй. Одоогийн хуульд маш тодорхой оруулсан байгаа шүү дээ. Илүү санаа ороод байна гэхээр зарим гишүүд хэлээд байгаа юм гэмгүй л юм байна шүү дээ гэж. Үндсэн хууль бол гэм хоргүй заалтуудын цуглуулга биш. Бүх усыг нь шахаж байж нэг ч илүү үг оруулахгүй хийх ёстой.

Хотыг бэхжүүлмээр байна. Хот тосгодыг чиг үүргийг шилжүүлж болно. Гэхдээ тэр тухайн өгөх гээд байгаа засаг захиргааны нэгжүүдтэйгээ ядаж нэг зөвлөлддөг байж байж эрхийг нь шилжүүлэхгүй бол болохгүй. Монгол орон бол зөвхөн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид  хуваагдана. Одоо энэ заалт ингээд явах юм бол сая Л.Мөнхбаатар гишүүний хэлж байгаагаар бол тосгод сум болох юм байна. Ингээд Монгол улс даяар энд тэнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжүүд нэмэгдэх юм байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход хамгийн чухал заалт бол тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хот, тосгоны эрх зүйн үндсийг тогтоохтой холбоотой заалтууд байгаа. Улсын Их Хурлын гишүүдийн хамгийн олон зарчмын зөрүүтэй санал гаргасан заалт. Миний хувьд бас зарчмын зөрүүтэй санал гаргасан. Эдгээр саналыг ажлын хэсэг нэгтгээд нийтээрээ хүлээн зөвшөөрөхүйц оновчтой томьёолсон гэж үзэж байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэж заасан. Ажлын хэсгийн саналд “тосгон”-д засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлж болохоор, мөн уг асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэхээр заасан байна. Өмнөх хэлэлцүүлгүүдийн турш миний яриад байсан тосгонд амьдарч байгаа иргэдийн эрх ашиг зөрчигдөж, төрийн үйлчилгээнээс хоцордог. Тухайлбал,  Хатгал тосгоны иргэдийн хувьд зарим төрийн үйлчилгээг авахын тулд сумын төв рүүгээ 30 орчим км явж байж авах, орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө хуваарилалт, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэлт, түүнээс буцаад хуваарилалт хийх зэрэг олон асуудлууд энэ саналаар шийдэгдэх юм гэж харж байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

Хот гэдэг үгэнд манай зарим гишүүд тун цааргалж ханддаг. Энэ асуудал өмнө нь хэдэнтээ л хөндөгдөж байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг нарийн тооцвол бараг 35 хувиасаа хэтэрчихсэн шүү. Зарим улс Үндсэн хуульдаа хотын нэрийг нь хүртэл маш тодорхой заачихсан байдаг. Үүнтэй адилхан ядаж өнөөдөртөө Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот байна гээд Үндсэн хуульдаа заачихвал буруудах зүйл огт байхгүй. Хүн ам, хөрөнгө санхүүгийн төвлөрөл Дархан, Эрдэнэт рүү чиглэж байж тэнд бие даасан бодлого, үйл ажиллагааг явуулж чадвал Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулахад том түлхэц болно.

18 : 20
2019-9-4

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой өөрчлөлтийг хэлэлцэж байна

Чуулганы үдээс хойших хуралдаанаа үргэлжилж байна. Төслийн гуравдугаар зүйлийн долоо дахь заалт буюу 43 дугаар зүйлийн 1 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулах:

“1.УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавилбал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно” гэж төслийн заалттай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэхэд, УИХ-ын гишүүн Х.Баделхан, С.Бямбацогт нарын гишүүд дээрх саналыг хэлэлцэхээс хойшлуулах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэнээр хойшлууллаа.

Дараа нь Төслийн гуравдугаар гуравдугаар зүйлийн долоо дахь заалт буюу 43 дугаар зүйлийн 1 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулах:

“1.УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавилбал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно” гэсэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын гаргасан саналыг мөн дээрх заалттай хамтад нь хэлэлцэхээр болж хойшлууллаа.

Үүгээр Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ.

Төслийн нэгдүгээр зүйлийн найм дахь заалт буюу 50 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нэмэх:

Баг, хорооны иргэдийн нийтийн хурал нь тухайн нутаг дэвсгэрт хамаарах асуудлаар хуульд заасан эсвэл сум, дүүргийн ИТХ-аас олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргана” гэсэн төслийн заалтыг гишүүдийн 71.2 хувиар дэмжсэнгүй.

Дараа нь төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу жардугаар зүйлийн 4 дэх хэсэг нэмэх:

“4.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар чөлөөлж, огцруулна. Сум, дүүргийн Засаг даргыг огцруулсан бол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилно” гэсэн төслийн заалтыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй саналаар санал хураахад хуралдаанд оролцсон 65 гишүүний 48 нь буюу 73.8 хувиар дэмжсэнгүй.

Төслийн 3 дугаар зүйлийн 11 дэх заалт буюу 57 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах:

“2.Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрхзүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно” гэсэн Төрийн байгуулалтын хорооны дэмжээгүй төслийн заалтаар санал хураахад гишүүдийн 81.8 хувиар санал дэмжигдсэнгүй.

Төслийн гуравдугаар зүйлийн 11 дэх заалт буюу 57дугаар зүйлийн 2 дахь хэсгийн доор дурдсанаар өөрчлөн найруулах:

“2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрхзүйн үндсийг хуулиар тогтооно. Хот тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ” гэсэн ажлын хэсгийн гаргасан саналыг хэлэлцэж байна.

Уг саналттай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.

 

17 : 07
2019-9-4

Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох санал дэмжигдсэнгүй уналаа

УИХ-ын ээлжит бус чуулганаар төслийн гуравдугаар зүйлийн дөрөв дэх заалт буюу гучдугаар зүйлийн хоёрдох хэсгийг “Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг УИХ-ын гишүүд  болон аймаг, нийслэлийн ИТХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хурлаас сонгоно, Ерөнхийлөгчийн сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэж өөрчлөх санал гаргасан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын саналын томьёоллыг хэлэлцлээ. Уг саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй.

Гишүүд дээрх зарчмын зөрүүтэй саналын дагуу үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулахад гишүүд дэмжсэнгүй.

Үргэлжлүүлэн гучингуравдугаар зүйлийн дөрөв дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулах,

“4 Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэсэн УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төслийн заалтыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Гишүүдээс өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, Ерөнхийлөгчийн төсөл, санал АН-аас 30 гаруй санал өгсөн. Үүний дундаас хоёр нь өргөн баригдаагүй заалт байсан учраас хүлээж авах боломжгүй. Бусад ирүүлсэн заалтуудыг нь хэлэлцээд ихэнх заалтууд нь хуулийн төслийн хэлэлцүүлэгт орсон байгаа. Өөрөөр хэлбэл холбогдох санал бүр дээр тусгагдсан. Ерөнхийлөгчтэй холбоотой гурван заалт орсон. Засгийн газрыг эмхлэн байгуулахтай холбоотой заалтуудыг хэлэлцэхээс түр хойшлуулсан. Үндсэн хуулийн цэц дээр мэдээлэл өгөхөд үндсэн хуулийн долоон өөрчлөлтийн бүгдэд нь хэрэг үүсгэчихсэн байгаа юм билээ. Бид нэгийг нь үлдээсэн. Энэ нь УИХ дахь намын бүлгүүдээс дэд даргатай байна гэсэн заалт аль ч улсын парламентад байдаг учраас үүнийг хэвээр нь үлдээж бусад зургаан заалтуудыг өөрчилж оруулсан. Бүх заалтууд судалгаатай” гэдгийг тодотголоо.

Уг заалтыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон нийт 66 гишүүний 57 нь дэмжиж  86.4 хувиар санал дэмжигдлээ.

Дараа нь төслийн гуравдугаар зүйлийн зургаа дахь заалт буюу 39 дүгээр зүйлийн хоёрдох хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулах

“2 УИХ-д олонх болсон нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг, бусад тохиолдолд УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлсэн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид тав хоногийн дотор УИХ-д оруулна гэсэн төслийн заалтыг хэлэлцэн дэмжлээ. Энэ үеэр гишүүд хэлсэн үгэндээ ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороо дахин нарийвчлан томьёолж, хуульзүйн үр дагаврыг нь тооцоолж найруулаарай гэдгийг захив.

Үргэлжлүүлэн төслийн гуравдугаар зүйлийн зургаа дахь заалт буюу 39 дүгээр зүйлийн гурав дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулах

“Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэсэн төслийн заалтаар санал хураахад гишүүдийн 86.4 хувиар дэмжлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

16 : 10
2019-9-4

50 хүрсэн иргэнийг, 6 жилийн хугацаагаар Ерөнхийлөгчөөр сонгоно

Үдээс хойших ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга Ёс зүйн хорооны даргыг чуулганы хуралдаандаа ирээгүй гишүүдийн нэрсийг нь дуудах үүргийг өгчээ. Энэ дагуу Ёс зүйн хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хуралдаа орж ирээгүй байгаа гишүүдийн нэрийг дуудсанаар гишүүдийн ирц бүрдэв.

Үдээс өмнөх чуулганаар хэлэлцсэн УИХ-ын  гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь нараас төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “2.Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчлөн найруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн саналаар санал хураахад хуралдаанд оролцоход гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Санал гаргасан УИХ-ын М.Оюунчимэг цөөнхийн төлөөллөөр үг хэллээ. Тэрбээр “Энэ заалтад манай гишүүд үндэслэлтэй хандаасай гэж хүсч байна. Гурван гишүүн хоцорч орж ирлээ. Одоо гишүүдийн ирц бүрдэж байгаа учраас санал хураалтыг хүчингүй болгож дахин явуулж өгнө үү. Монголын ирээдүйг алсаар харсан учраас Ерөнхийлөгчийн насны босгыг 50 гэж оруулж ирсэн” гэлээ.  

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

Энэ санал бол Үндсэн хуулийн  нэмэлт, өөрчлөлтийн хамгийн чухал саналуудын нэг. Монгол Улс ард түмнээс сонгогдог ерөнхийлөгчтэй. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч, мөрийн хөтөлбөр дэвшүүлж сонгогддог. Хоёр дахь удаагаа намаасаа нэр дэвших эрх авахын төлөө сонгогдсон Ерөнхийлөгч бүхэн улстөрждөг. Мөн Засгийн газрын ажил руу ордог, хууль хяналтын байгууллагуудаа хөдөлгөдөг. Дахин сонгогдохын төлөө үе үеийн ерөнхийлөгч нар  үе үеийн Засгийн газрын тэргүүнүүдтэй муудалцдаг, хууль хяналт болон бусад байгууллагуудад нөлөөлж байсан гашуун түүх өнгөрсөн 27 жил давтагдсан. Дандаа муу хүн сонгогдсон гэж бодохгүй байна. Дахин гарахын тулд дээрх асуудлуудыг байнга гаргадаг. Энэ чөтгөрийн тойргийг таслахын тулд ерөнхийлөгчийн насны босгыг нэмэгдүүлж, бүрэн эрхийн хугацааг нь зүргаан жил болгох нь зөв.

Үүний дараа өмнөх санал хураалтыг хүчингүйд тооцож дахин санал хураахад 64 гишүүн оролцсоноос 59 нь буюу 92.2 хувиар  “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж өөрчлөн найруулах саналыг дэмжлээ.

 

13 : 36
2019-9-4

“Ерөнхийлөгчийн насны хязгаарыг У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрт зориулж тогтоосон”

Чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зармын зөрүүтэй саналуудыг хэлэлцэж байгаа.

Төслийн гуравдугаар зүйлийн дөрөв дэх заалт буюу 30 дугаар зүйлийн хоёрдох хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулах

“2.Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн төслийн заалтаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 64 гишүүний 75 хувиар уг заалтыг дэмжсэнгүй.

Дараа нь төслийн гуравдугаар зүйлийн дөрөв дэх буюу 30 дугаар зүйлийн хоёрдох хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулах

“2.Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан,  Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь нарын гаргасан саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн.

Уг саналтай холбогдуулан гишүүд үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Я.САНЖМЯТАВ:

Үндсэн хуулийн алдааг засаж зөв болгохын төлөө ажиллаж байгаа ажлын хэсгийнхэнд баярлалаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөд АН төрийн төлөөх санаагаа, ард түмний төлөөх бодлоо суулгаж чадаагүй нь харамсалтай. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналуудаас 80 орчим хувь нь хасагдсан гэсэн мэдээллийг өгч байгаа. Энэ хуулийн гол асуудлуудад МАН хариуцлагаа хүлээх ёстой шүү. Санал хураалтад 57 гишүүн оролцох босго тавиад хуулийг явуулчих болов уу гэтэл гаднаа 15 орчим гишүүн байна. Ямар нэг байдлаар бойкот хийгээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулахгүй байгаа учраас МАН онцгой анхаарах ёстойг зөвлөе.

УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ:

50.55 гэсэн тоо нь ойлгомжгүй байна. Хэлбэрийн, агуулгын, чанарын өөрчлөлт гэж бий. Хэлбэрээрээ Ерөнхийлөгчийн насыг 50 эсвэл 55  болгох нь ямар ч ашиггүй. Хөгшин байх нь ухаантай, залуу нь тэнэг гэсэн үг биш. 45 насыг анх оруулахдаа Манай монголчууд ахуйгаа мэдэж оруулсан байдаг юм. Хүч тамир, ажиллах чадвар, ачаалал даах чадварыг нь бодож оруулсан нас. Энэ заалтыг оруулж ирсэн эмэгтэйчүүд тэтгэврийн нас гэхгүйгээр 45 гээд хуучнаар нь оруулаад ирээч. Ерөнхийлөгчийн насны босгыг 50, 55 байх гэж оруулж ирж байгаа нь У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрт зориулсан тоо. Анх 55 гэж оруулахад нь У.Хүрэлсүхийн нас хүрэхгүй учраас 50 болгож оруулсан. Ингэж улстөржиж болохгүй. Дэлхий дээр залуу ерөнхийлөгчид олон бий.

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:

Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр насны хязгаарыг тодорхой ажил мэргэжлүүдэд оруулж ирсэн. Хуулийн өөрчлөлтийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, тухайн хувь хүний төлөвшлийг дээшлүүлэх зэрэгт бодит алхмууд гаргасан ийм өөрчлөлт байгаасай гэж хүсч байна. Аливаа асуудал хувь хүний ёс зүйтэй л шууд холбоотой. Гоё хууль тогтоомжтой болгох өөрчлөлт хийлээд гээд хувьд хүнд чиглэсэн өөрчлөлт байж чадахгүй л бол нийгмийн төлөвшлийн асуудалд ахиц дэвшил авчрахгүй. Нийгэм төлөвшиж чадаагүй, ёс зүйг нь шийдэж чадахгүй байгаа тохиолдолд тодорхой болзол шалгуурууд байх ёстой. Монголын төрд тодорхой ажил мэргэжил болоод мэдлэг боловсролын шалгуур тавигддаггүй гурван албан тушаал бий. Энэ нь баг хорооны Засаг дарга, УИХ, Ерөнхийлөгч. Нийгмийг манлайлах гэж байгаа хүмүүст шалгуур тавих шаардлага зүй ёсоор байна.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа  УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь нарын гаргасан санал буюу “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан,  Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн саналаар санал хураалт явуулах байсан ч чуулганыг завсарлуулж үдээс хойш 15 цагт хуралдахаар тогтлоо.

12 : 43
2019-9-4

Саналаа хойшлуулахыг хүссэн ч дэмжсэнгүй

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар төсөлд дахь “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх, төрийн албан хаагчид тавих шалгуур нь хүнлэг ёс, урьд нь эрхэлж байсан ажлын үнэлэмж байна.Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно” гэж өөрчлөх санал гаргасан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэж байна. Уг саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат уг саналаа өмнөх заалтуудтай хамт хойшлуулах санал гаргасан ч  санал хураалт хураалт явуулахад гишүүд дэмжсэнгүй. Тус саналын томьёололтой холбогдуулж гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь Д.Эрдэнэбат гишүүний гаргасан саналыг дэмжсэнгүй.

11 : 31
2019-9-4

Н.Учрал: Залуусын боломжийг хаах хулгайн заалт оруулж ирлээ

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.04/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.

УИХ-ын өнгөрөгч Баасан гаригийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дахь төрийн албан хаагчидтай холбоотой заалтыг хэлэлцээд  цаг орой болсон тул санал хураалт явуулалгүйгээр чуулганы хуралдааныг хаасан. Тиймээс одоо чуулганы хуралдааны эхэнд дээрх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулна.

Тодруулбал, төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсгээс гаргасан юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:

Энэ заалтын санал хураалтыг түр хойшлуулаад дараагийн асуудлыг хэлэлцье гэсэн горимын санал гаргав.  Уг горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.БЯМБАЦОГТ:

Төрийн албатай холбоотой заалт УИХ-ын 62 гишүүний  өргөн барьсан төсөлд байгаа. Засгийн газрын хуралдаан болж байгаа учир гишүүдийн ирц дутуу байна. Дараагийн асуудлыг хэлэлцье хэмээв. С.Бямбацогт гишүүний горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:

 Манай намын бүлэг 23.1 дэх заалтаар завсарлага авъя. Дараагийн асуудлыг хэлэлцээд явъя. Бид өдрийн ундны цагаар байр сууриа нэгтгэчхээд үргэлжлүүлье гэсэн саналтай байна.

Үүгээр дээрх заалтаар санал хураалт явуулахыг хойшлуулав.

Үргэлжлүүлэн  төсөл дахь “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно” гэсэн заалтаас шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх гэдгийг төслөөс хасах саналыг УИХ-ын гишүүн Н.Учралын гаргасан зарчмын зөрүүтэй уг саналтай холбогдуулж гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Ж.ГАНБААТАР:

Үндсэн хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байгаа. Гэхдээ хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ төрийн алба, төрийн бус алба гэж ялгаварлан гадуурхах нь зохисгүй. Төрийн албан хаагчдын  ар амьдрал нь баталгаатай, орон сууцтай болох боломж нь өндөр байгаа. Гэтэл бусад хувийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн амьдрал нь яг хэвээрээ. Ийм байдлаар хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ ялгаварласан заалт Үндсэн хуульдаа оруулахыг эсэргүүцэж байна. Үндсэн хууль бол шударга, тэгш зарчмын баримтлах ёстой. Хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хангасан заалт оруулж болохгүй. Төрийн албан хаагчдад зориулсан хууль хангалттай байгаа. Гагцхүү хуулиа биелүүл. Үндсэн хуулиараа 250 мянган хүнийг дархлаатай болгож болохгүй.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ:

Төрийн жинхэнэ албан хаагч шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх гэдгийг төслөөс хасах саналыг дэмжихгүй байна.

УИХ-ын гишүүн Д.ХАЯНХЯРВАА:

Төрийн жинхэнэ албан хаагч шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх гэдгийг хасах гэдэгтэй  санал нэгдэхгүй байна. Төрийн алба гэлтгүй аливаа ажил эрхэлж л байгаа бол тодорхой шат дамжлагыг дамжин дэвшиж байж мэргэжлийн , мэргэшсэн болдог. Зарим гишүүд асуудал хуульдаа бус хүндээ байгааг  хэлж байна. Миний хувьд бол асуудал хууль, хүн хоёрынхоо аль алинд нь байхгүй, харин намдаа л байна. Сонгуулиас сонгуулийн хооронд гарч ирсэн нам нь төрийн албыг бужигнуулдаг. Яам, Тамгын газар жижигхэн нэрийн өөрчлөлт хийснийгээ бүтцийн өөрчлөлт гэдэг нэрийн дор төрийн албан хаагчдыг халдаг, сольдог байдал хэрээс хэтэрсэн. Төрийн албан хаагчдын төрд итгэх итгэл нь алдарсан. Ажил төрөлдөө идэвхтэй зүтгэлтэй байх сэтгэлийн гал нь хэдийнээ унтарсан. Өдөр хоногийг яаж өнгөрөөх үү, яавал энэ тушаал дээрээ байж хэдэн төгрөгийн цалин авах уу гэдэг ийм л сэтгэлтэй болсон. Энэ нь төрийн албан хаагчдын буруу биш. Гагцхүү намууд, улстөрчдийн буруутай үйл ажиллагаа өнөөдөр төрийн албыг ингэж доройтуулсан. 

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:

Би нэг тойрог төлөөлөхөөсөө илүү үеийнхээ залуусыг төлөөлж үг хэлэх ёстой гэж ойлгодог. Мерит гэсэн гаднынхан үгийг манайхан буруу орчуулдаг. Манайхан орчуулахдаа шатлан дэвших чадахуйн зарчим гэж уянгын халилттайгаар орчуулсан. Энэ уянгын халилттай үгийг  2017 онд Төрийн албаны тухай хуульд оруулахад нь ч би бас хэлж байсан. Энэ үгийг Төрийн албаны шинэчилсэн  хуульд оруулснаар Монголын олон мянган залуусын ирээдүйн хаалгыг хаалаа гэж тухайн үед хэлж байсан. Одоо тэгвэл Үндсэн хуульдаа энэ үгийг хулгайгаар оруулах гэж байна. Мерит гэдэг бол мэдлэг, ур чадварын тухай ойлголт. Ур чадварт нь суурилж  ажилд томилдог зарчмыг мерит зарчим гэдэг. Барууны орнуудад ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд нь суурилж, ур чадварын шалгуураар нь цалин хөлсийг нь нэмдэг тогтолцоонд шилжсэн.  Түүнээс биш өдөр бүр нэг зүйлээ хийхийг хэлдэггүй юм. 30 жил ажиллачхаад  оймсонд мөнгөө хийх хүртлээ ялзарчихсан. Ийм байхад төрийн албанд юунд найдах юм бэ. Мэдлэг чадвартай олон залуус төрийн албан гадна үлдэж байна.Тэднийг ажилд оруулж төрийн албанд салхи оруулах цаг нь болсон.

Ингээд уг зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Н.Учрал гишүүний саналыг дэмжсэнгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж