Монгол Улсын Засгийн газар, МЭХ хамтран "ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ" олон улсын эмэгтэйчүүдийн чуулга-уулзалтыг энэ сарын 17-18нд Төрийн ордонд зохион байгуулахаар ажиллаж байна.
Энэхүү чуулганд зочин илтгэгчээр Швед Улсын Гадаад Харилцааны Яамны хүчирхийлэл, хүний наймаатай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Per-Anders Sunesson оролцож, өөрийн орны туршлагаасаа хуваалцах юм.
Пер-Андерс Сунессон нь хуульч мэргэжилтэй, Швед болон олон улсад 20 гаруй жил нийгэм, эрүүгийн чиглэлд, ялангуяа хохирогч, хүүхдийн эрх, хууль тогтоомж, халамжийн тогтолцоо зэрэг асуудалд анхаарал хандуулж ажилласан. Тэрээр 2016 оны 5-р сараас Швед Улсын Гадаад Харилцааны Яамны хүчирхийлэл, хүний наймаатай тэмцэх асуудал эрхэлсэн сайдаар томилогдсон бөгөөд энэхүү үүрэгт ажлаасаа өмнө “Гэр бүл, нийгмийн хэлтэс”-ийн дарга, “Эрүүл мэнд, нийгмийн асуудал эрхэлсэн яам”-ны ерөнхий захирлын албан тушаал хашиж байсан. Мөн 2009-2012 оны хооронд Шведийн бүхий л эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн ажилтан, нийгмийн үйлчилгээнд хяналт тавих хэлтсийн захирлаар ажиллаж байсан төдийгүй “Хууль зүйн яам”-нд олон жил ажилласан туршлагатай нэгэн юм.
Энэхүү чуулганд мөн Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн Зүүн Өмнөд Азийн бүсийг хариуцсан суурин төлөөлөгч Др.Гвендолин Пэн хүндэт зочноор оролцоно.
"Илүү сайхан ирээдүйн төлөө" олон улсын чуулга уулзалтад ОХУ, БНХАУ, ӨМӨЗО, АНУ, Казакстан, Швед, БНСУ, Энэтхэг, Буриад, Халимаг, Тува, Якут, Япон зэрэг 10 гаруй улс орны төлөөлөгчид оролцохоор мэдээллээ хүргүүлээд байна.