Их Дуулга тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд 23 удаа цом хүртээд буй алдарт теннисчин С.Уилльямс Америкийн нээлттэй тэмцээний 100 дахь ялалтаа байгуулж хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр тэмцээний дунд шөвөгт дэлхийн чансааны #13 Хятадын Ван Чиантай тоглож ердөө ганц гэйм алдан 6-1, 6-0 харьцаатай хожсон юм. Энэ ялалт нь Их Дуулга тэмцээний 23, Америкийн нээлттэй тэмцээний 6 удаагийн аварга С.Уилльямсын Америкийн их дуулга тэмцээнд байгуулж буй 100 дахь ялалт болжээ. Дүү С.Уилльямс анх 1998 оны Америкийн их дуулга тэмцээнд оролцох эхний шатанд Австралийн Николь Праттыг 3 сетэд 2-1 харьцаагаар хожсон байдаг.
Америк теннисчин С.Уилльямс Америкийн их дуулга тэмцээнд 9 удаа финалд шалгарснаас 1999, 2002, 2008, 2012, 2013, 2014 онуудад цомыг хүртэж байсан. Өнгөрсөн жил финалд шалгарсан ч Японы залуу теннисчин Н.Осакад хожигдож байсан. Энэ оны Америкийн их дуулга тэмцээнд Хятадын теннисчин хожиж хагас шигшээд шалгарсан түүний дараагийн өрсөлдөгч нь Украйны Е.Свитолина ажээ.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ