Энэтхэгийн далай дахь Францын Реюньон арлаас олдсон онгоцны далавчны хэсгийг "Boeing" корпорацийн мэргэжилтнүүд судалж байна. Тэд олдсон зүйл 2014 онд сураггүй алга болсон "Malaysia Airlines" компанийн агаарын хөлөгт хамаатай эсэхийг тогтоох ажээ.
Америкийн "Boeing" корпораци Франц руу өөрсдийн мэргэжилтнүүдийг илгээж, Энэтхэгийн далайн арлаас олдсон онгоцны далавчны хэсгийг судлах ажилд туслахаар болжээ. Тэд онгоцны далавч механик ачааллаас болж тасарсан уу, эсвэл дэлбэрэлтийн улмаас болсон уу гэдгийг нарийн тогтоох ба энэ нь ослын шалтгааныг тодруулахад чухал нөлөө үзүүлэх юм.
Реюньон арлаас олдсон энэхүү онгоцны хэсгийг Малайзын онгоцных мөн эсэхэд шинжээчид бүрэн хариу өгч чадахгүй байгаа бөгөөд тэд Францын Батлан хамгаалах яамны зэвсгийн лабораторид наймдугаар сарын 5-наас эхлэн судалгаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ.
Сануулахад, "Malaysia Airlines" компанийн "Boeing 777" агаарын хөлөг 2014 оны гуравдугаар сарын 8-ны шөнө Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд нисч байгаад хөөрснөөсөө хоёр цагийн дараа радарын дэлгэцээс алга болсон юм. Онгоцонд 227 зорчигч, багийн 12 гишүүн явсан билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР