"Алтан тариа" компани гурилынхаа үнийг килограмм тутамдаа 80-100 төгрөгөө нэмжээ.
Үүнийг дагаад бусад гурилын үйлдвэрүүд ч нэг килограмм тутамд 50-100 төгрөгөөр үнээ нэмсэн гэх мэдээлэл байна.
Гурилын үнэ нэмэгдэж байгаа нь энэ жил ургац алдах байх гэсэн төлөв байдалтай холбоотой бололтой. Дотоодын гурилаас гадна импортын гурилын үнэ ч өссөнийг худалдаачид онцолж байна.
Гурилын үнэ килограмм тутамдаа 50-100 төгрөгөөр нэмэгдсэнээр дотооддын үйлдвэрүүдийн 25 килограммтай гурилын үнэ 23 мянган төгрөг болжээ. Харин импортын "Алейка" гурил 25 кг нь 25 мянган төгрөгөөр худалдаалагддаг байсан бол 27 мянган төгрөг болж нэмэгджээ.
ҮХААЯ-наас үйлдвэрүүд гурилынхаа үнийг ямар ч үндэслэлгүй нэмсэн гэж үзэж байгаа гэнэ. Тодруулбал, өнгөрсөн жилийн ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих санд авсан 30 мянган тонн буудай агуулахад хадаглагдаж буй. Энэ буудайны нөөцийг оролцуулаад аравдугаар сар хүртэл дотооддын гурилын хэрэгцээгээ бүрэн хангах буудайны нөөц байгаа тухай яамныхан хэлж байна.
Д.УУДАМ