Сийлбэрээр ашиг олохгүй ч үнэ цэнээ алдахгүй

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

Сийлбэрээр ашиг олохгүй ч үнэ цэнээ алдахгүй

Сийлбэрээр ашиг олохгүй ч үнэ цэнээ алдахгүй

Хичээлийн шинэ жил эхэлж, хүүхдүүд эрдэм номдоо шамдах боллоо. Энэ үед эцэг эхчүүдийн өмнө тулгардаг нэг асуудал бол гэрийн даалгавар хийлгэх. Гэрийн даалгавар хийхийн тулд хүүхдүүд эхлээд тэвчээртэй сууж сурах хэрэгтэй. Үүнд сийлбэрийн урлаг туслах гэнэ. Энэ тухай хүүхдийн Урлан бүтээх төвийн уран сийлбэрийн багш Б.Батцоожтой ярилцлаа.


-Сийлбэр сурснаар хүүхдэд ямар ач тустай, хэрхэн яаж нөлөөлдөг вэ?

-Сийлбэр бол Монголын ардын уламжлалт урлаг. Энэ урлагаар дамжуулаад хүүхдийг хөгжүүлж бас хүмүүжүүлж болно. Одоо эцэг, эхчүүд хүүхдээ сууж сургамаар байна гээд байгаа шүү дээ. Тэвчээртэй байж, анхаарлаа төвлөрүүлэн, хөдөлмөрлөж сурахад сийлбэрийн урлаг тусалдаг. Суулгаж сурахын тулд эхлээд хүүхдийн сонирхлыг нь татаж, өдөөх ёстой. Манай сийлбэрийн дугуйланд суралцдаг хүүхдүүд зургаа зураад, сийлбэр хийх аргаа сураад ирэхээр өөрийн эрхгүй сонирхоод эхэлдэг. Оюун ухаанаа шингээж, цаг заваа зориулан, гараа гарган хийсэн хөдөлмөр нь бүтээл болоод ирэхээр хүүхдүүд баярладаг, урамшдаг, улам гоё сайхан хийх гэж тэмүүлдэг. Сүүлдээ 1.40 цаг хүүхдүүдэд хангалтгүй санагдаж, ангиас гарч өгөхгүй шүү дээ. Багш аа, одоо жаахан суучихья гэдэг. Би бүр заримдаа тэднийг хөөх аятай юм болно. Сийлбэрт хүүхдүүд тэгж дурладаг.

-Мужаан, сийлбэрчин гээд байдаг, юугаараа ялгаатай вэ?

-Уг нь бол нэг төрлийн мэргэжил. Адилхан модоор юм хийнэ. Мужааны ажлыг илүү нарийн чимэглээд, урлагжуулаад ирвэл сийлбэр болчихож байгаа юм. Сийлбэр бол хамгийн эрүүл урлаг. Яагаад гэвэл, бүх зүйлээ модоор хийдэг учир байгаль үнэртдэг. Ямар ч хоргүй, эрүүл орчинд бид ажилладаг. Манай ангид гаднаас хүн орж ирээд ямар гоё байгаль үнэртэж байна вэ гэдэг. Хүүхдүүдэд үүнийг тайлбарлаад ирэхээр тэд сийлбэрт дуртай болж эхэлдэг. Сүүлийн үед эцэг эхчүүд манай хүүхдээд сургах их хүсэлтэй болсон. Өвөө, эмээ нар ач зээгээ дагуулаад ирдэг. Сууж сургах гэсэн юм, хөдөлмөрийн амтыг  ойлгуулмаар байна, чөлөөт цагаа зөв өнгөрөөхөд нь тусалмаар байна гэдэг. Миний хувьд зорьж ирсэн бүх хүүхдийг хамруулахыг хичээдэг. Эмэгтэй хүүхдүүд хүртэл ирдэг шүү.

-Танай дугуйланд явлаа гэхэд хүүхэд юунаас эхэлж сурах вэ, сийлбэр хийж сурахын тулд хэр их хугацаа хэрэгтэй вэ?

-Бид найман тахилтай цацлага хийхээс эхэлдэг. Үүнийг хийхийн тулд эхлээд цаасан дээр эскиз зургаа гаргана. Дараа нь түүнийг модон дээр буулгана. Тэгээд анхны сийлбэрийн багажаа барьж эхэлнэ дээ. За эндээс л зөв сууж эхэлдэг. Сийлбэрийн багаж бол жижигхэн хутга шүү дээ. Тэгэхээр бусаддаа яаж төвөг болохгүй, гэмтээхгүй байдлаар суух вэ гэдгээс эхлээд төвлөрөх, нямбай, тэвчээртэй байх гээд сэтгэхүй болоод гараа зэрэг ажиллуулж сурна. Тэгээд цааш нь морь, үлгэрийн баатрууд сийлнэ. Пороро, тобот хүртэл сийлээд дүүдээ өгнө шүү дээ. Хүүхдүүдэд сийлбэр заахдаа би давхар Монгол ёс, уламжлал сургахыг боддог. Үндэсний хээ угалз, уран зураг, сийлэх утга учрыг тайлбарлаж өгнө. Тухайлбал, монголчууд сүүний дээжээ цацлаар өргөдөг, цацал есөн нүдтэй байдаг, нүдний цацлын тоогоор буян дууддаг гэх мэт. Одоо айл болгон арслантай авдар тавьдаг болсон байна. Арслан гэхэд эр, эм гээд хосоороо байх ёстой. Хээ, угалз, өнгийг өөрөө сэтгэж авдар дээрээ хослуулж зурна. Үүний тулд түмэн наст, алхан, өлзий гээд л хээ, угалзыг мэддэг болно гээд сийлбэрийг Монгол ёс, уламжлалтай хослуулж заахыг хичээдэг.

-Цацлага хийнэ гэхээр амьдралд хэрэгтэй эд хийж сурдаг юм байна. Ер нь үүнийгээ улам цааш нь гүнзгийрүүлж, сийлбэрээр амьдралаа явч явах нь хэр их байдаг вэ?

-Тэгэлгүй яах вэ, Бидний зорилго бол энэ. Хүнд сурсан зүйл хэзээ ч илүүддэггүй. Ядаж л гэртээ эвдэрсэн сандлыг алх бариад хадчих хэмжээний эвтэй болгох гэж л үзэж байгаа юм. Тиймээс бид дугуйландаа аль болох аж ахуйд ойр зүйл хийлгэхийг хүсдэг. Цацлага хийлгэхээс эхлээд хэвийн боовны хэв, таваг хүртэл хийлгэнэ. Хүүхдүүд хийсэн бүтээлээ цагаан сараар эмээ, өвөөдөө бэлгэлэдэг. Тэдэнд үүнээс илүү бэлэг гэж юу байх вэ, ачаа дагуулаад хүрээд ирдэг. Надад ийм гоё бэлэг гараараа хийж өглөө. Багшдаа баярлалаа гэдэг. Эмэгтэйчүүдийн баяраар хүүхдүүд ээждээ сарнай сийлж, доор нь нэрийг нь бичиж бэлэглэнэ. Хатаж, гандана, хаяна гэж байхгүй. Насан туршийн дурсгал болж байгаа юм л даа. Сийлэхдээ хүүхэд ээжийгээ л бодож байгаа шүү дээ. Сэтгэл зүрх, оюун ухаанаа шингээж, бяцхан гараараа урлаж байна гэдэг хамгийн сайхан. Ийм бэлэг хүүхдээсээ авсан ээж ямар азтай вэ гэж би боддог. Ер нь хүүхдийн хувьд нэг дэх багш ээж, аав байдаг. Тэгшхэн зурсан нэг зураасыг ямар гоё зураа вэ гэж урам өгч, хажуунаас нь тэтгэх хүмүүс бол эцэг, эх. Бурамаар тэжээхээр урмаар тэжээ гэж үнэн шүү.

-Та эмэгтэй хүүхдүүд бас сийлбэрээр суралцдаг гэж ярьсан. Сийлбэр хийхэд хүйсийн ялгаа гэж байх уу?

-Сүүлийн үед охидууд сийлбэр сурах хүсэлтэй болжээ. Би ч эхэндээ гар хуруу нь эвдэрчихнэ, хүч хүрэх болов уу гэж боддог байлаа. Угаасаа намайг бага байхад манай дугуйланд дан хөвгүүд суралцдаг байсан. Хөвгүүдийн л хийдэг ажил гээд бодчихсон. Гэтэл одооны хүүхдүүд илүү нээлттэй, дайчин болсон байна. Өөрсдийн хүсэл сонирхлоор ирж байна. Эмэгтэй хүүхэд сийлбэр хийхдээ илүү нарийн, торгон мэдрэмжтэй, нямбай байдаг байхгүй юу. Сийлбэр сураад, амжилттай яваа, амьдралаа залгуулж байгаа хэд хэдэн эмэгтэй шавь надад бий. М.Жаргалмаа, Н.Өүлүн, Д.Уранбилэг гээд шавь нар маань Монголдоо төдийгүй гадаадын улс орнуудад үзэсгэлэн гаргаж, тэмцээнд оролцож байна. Манай урлангийн нэг давуу тал бол хүүхэд бүртэй ажилладаг. Шавь төвтэй сургалттай. Үүгээрээ давуу талтай. Миний гол баримталдаг зарчим бол багш хүн зөвхөн хичээлээ заагаад байх биш тухайн сурагчийн аав, найз нь байхыг эрмэлздэг. Хүүхдүүд илүү нээлттэй, дотно байдаг. Манайд бас хүйсийн ялгаа байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч явдаг. Ангийн бусад хүүхдүүдэд хэлж, ойлгуулдаг учир тэд дундаа ороод, найзлаад явчихдаг. Нэг удаа манай шавийн ээж ирж уулзаж байсан. Хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй гэж ичээд нийгэм дунд ордоггүй байлаа. Өөртөө итгэлгүй, бүрэг ичимхий, хаалттай байсан. Гэтэл одоо дугуйландаа явах гэж яардаг боллоо. Өөрийгөө жирийн хүүхэд шиг бодож байна. Илүү нээлттэй, яриасаг болсон гээд баярлаж байв. Энэ чинь л бидний зорилго шүү дээ. Хүүхэд бүрийг бие хүн болж, зөв төлөвшихөд нь урлагаар дамжуулж нөлөөлж чадаж байна гэдэг багш хүний бахархал.

-Сийлбэр хийгээд амьдралаа авч явж байгаа шавь нар олон байдаг гэлээ, ер нь сийлбэрийн үнэлэмж Монголд хэр байна вэ?

-Сийлбэр бол тэтгэвэрт гардаггүй мэргэжил. Насан туршдаа ная хүрсэн хойноо ч сийлбэрээ хийгээд сууж байна. Уртай хүмүүсийн үнэлэмж сайн байдаг. Яагаад гэвэл оюунаа шингээж, нүдний ураар, гараа гарган бүтээж байна. Тэгэхээр бүтээл гэдэг үүднээс үнэлэмж сайн, үнэ цэнээ алдана гэж байхгүй. Яах вэ, нөгөө талаас сийлбэр бас хасах урлаг. Эргэлт хийнэ, ашиг олно гэхээс илүү нэг бүтээл гаргах гэж маш их цаг зав, хөдөлмөр гаргадаг. Гэтэл одоохондоо Монголд үнэлэмж нь тийм өндөр биш. Харин гадны улс орнуудад их сайн үнэлдэг. Тиймдээ ч манай сийлбэрчид урд зүг рүү их явж байна. Өвөр-Монгол, Хятадаас тэднийг урьж байна. Арваад жилийн өмнө гэхэд Өвөр-Монголд морин хуур хийх битгий хэл ховор харагддаг байсан. Гэтэл одоо бараг айл бүр морин хууртай, захын хүн морин хуур урладаг болсон байна. Бүр атаархмаар. Үүнийг мэдээж манай сийлбэрчдээс л сурч байгаа шүү дээ. Ингээд бодохоор гоё, сайхан бүтээлүүдээ бид гадагш алдаад байна.

-Та өөрөө яагаад сийлбэр сонирхох болсон бэ, багадаа бас дугуйланд явдаг байсан юм уу?

-Тийм ээ, би багадаа одоо ажиллаж байгаа урлан бүтээх төвдөө суралцдаг байсан. Манайх дархны удамтай. Би Архангай аймгийн Цахир сумын харьяат. Хуучин Далайчойнхор вангийн хошууны Тожил дархны удмын үр. Удам бас нөлөөлдөг байх. Би гуравдугаар ангиасаа эхлээд зураг зураад эхэлсэн. Тэгээд долдугаар ангид ороход манай аав хүүхдийн Урлан бүтээх төвд сийлбэрийн ангид н.Цогтбаяр гээд багшид хүлээлгэж өгч байлаа. Тухайн үед би жаахан дурамжхан байсан удалгүй л дуртай болж, сонирхох болсон. Түүнээс хойш 20 гаруй жил сийлбэртэй амьдралаа холбожээ. Энэ чиглэлээр урландаа багшлаад 15 жил болж байна.

-Хорь гаруй жил сийлбэр хийж байгаа хүний хувьд Монголын сийлбэрийн урлаг хэр хөгжиж байна гэж та хардаг вэ?

-Ер нь бол их хурдацтай хөгжиж байгаа. Гэхдээ зарим тохиолдолд хангалтгүй санагддаг. Залуу уран бүтээлчид их л дээ. Даанч амьдрал ахуйгаа залгуулахын тулд мөнгөний хойноос их явах болж. Аргагүй л дээ. Би ч гэсэн заримдаа мөнгө олохын тулд уран бүтээлээ хойш нь тавих шалтгаан гаргаад л байна. Бид бол дунд үеийнхэн. Бидний дараагийн үе маш эрчтэй гарч ирж байна. Тэднийг дэмжих хэрэгтэй. Миний дотроо бодож явдаг нэг зүйл байдаг. Монголд сүүлийн үед цэцэрлэг, сургууль ихээр барьж байна. Гэтэл ямар ч үндэсний хэв шинжийг харуулсан чимэглэл, уур амьсгал алга. Нөгөө л шар, цэнхэр будгаараа жил болгон давхарлаад буддаг. Тэгээд хүүхдийн талбайн хэсэгтээ гаднаас үнэтэй хөшөө авч ирээд тавьчихдаг. Уг нь үүнийг Монгол барималчин хийж чадна, сийлбэрчин чимэглэж, зураачид хээ угалзыг нь зурж, мужаан модон тоглоомыг нь хийж чадна шүү дээ. Урлагийн, мэргэжлийн хүмүүсээ ер дэмжихгүй байна. Ядахдаа өнгө, дизайныг нь асууж, хамтарч болно доо. Хуучин цагийн байшин барилгад Монгол дүр, төрх шингээж өгдөг байсан. Одоо хар л даа. Манай хүүхдийн урлан бүтээх төвийн ханан дээр Монгол хээ угалз байдаг. Жишээ нь Өвөр-Монголыг хар л даа. Хятадын хэсэг гэдэг мөртлөө Монгол ёс, уламжлалаа ямар сайхан хадгалж чадаж байна. Өнгөрсөн жил намайг Өвөр-Монголд урьсан. Сургуулийн 10 метр ханан дээр Чингисийн сургаалийг утга санааг нь гаргаж, сийлүүлмээр байна гээд. Хүүхдийг эрдэм ном сурахад нь чиглүүлж, уриалсан бичиг байсан. Би үүн дээр ажилласан юм. Эскизийг нь гаргаж, Чингисийн сургаалийг сийлсэн. Сургуулийн хананд ийм их ач холбогдол өгч байна. Монгол ёс заншлыг урлагаар дамжуулж хүүхдийг хүмүүжүүлж байна шүү дээ. Тэгэхээр бидэнд бодох зүйл их байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж