Замаас болж эвдэрсэн автомашины хохирлыг хэнээс нэхэмжлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

Замаас болж эвдэрсэн автомашины хохирлыг хэнээс нэхэмжлэх вэ?

Замаас болж эвдэрсэн автомашины хохирлыг хэнээс нэхэмжлэх вэ?

Энэ зун хур бороо их орсноос нийслэлийн хэмжээнд 104 автозам их бага хэмжээгээр эвдэрчээ. Замын эвдрэл гэмтэл нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчимд шууд нөлөөлдгөөс гадна тээврийн хэрэгслийн эд анги эвдрэх шалтгаан болдог байна. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар  замын эвдрэл гэмтлийг тойрч гарахын тулд эсрэг урсгал руу орох, эгнээ байр өөрчлөх гэх мэт үйлдлийг хийх үедээ мөргөлдөж, шүргэлцэн зам тээврийн осол гаргадаг аж.

Жолоочийн ур чадварыг замын эвдрэл гэмтлүүд шалгадаг гэх явган яриа бий. Гэвч замын эвдрэл тээврийн хэрэгсэл эвдрэх гол шалтгаан болдгийг автозасварын төвүүдийн инженер, засварчид  хэлж байна. Бид энэ талаар зарим авто засварын  газруудаар орж, сурвалжиллаа.

Нийслэлийн Баянгол дүүргийн  V хорооны нутаг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн автобусны буудал хүртэлх зам дагуу авто машины томоохон засварын төвүүд үйл ажиллагаа явуулах аж. Тухайлбал, Deluxe авто центр , Ub auto servise, Autovision servise, Autocare center гэх мэт. Эдгээр авто засварын төвүүд нь мэргэжлийн инженер, засварчидтай. Зарим төвд нь автомашин орох зайгүй ачаалалтай байхад зарим нь 2-3 машинтай байх аж. Авто засварын төвүүдээр үйлчилгээ авч буй автомашины дийлэнх нь  Prius  болон land 100, 200 байлаа.

Автомашины эвдрэл гэмтэл нь ихэвчлэн ямар  шалтгаанаас болж гарч буйг автомашины инженер, технекийн ажилчдаас тодруулсан юм.

Авто замын эвдрэл гэмтлээс болж тээврийн хэрэгслийн явах эд анги эвдрэх, цахилгаан автомашины тэнхлэг тохиргоо алдагдаж, засвар хийх шаардлагатай болдог байна. Харин жолооч нарын буруутай үйлдлээс болж мотор доголдох зэрэг хүнд гэмтэл гардгийг мэргэжилтнүүд хэллээ.

ЗАМЫН ЭВДРЭЛ, НҮХНЭЭС БОЛЖ АВТОМАШИНЫ ТЭНХЛЭГ ТОХИРГОО АЛДАГДДАГ

Deluxe авто центрийн инженер Л.БАТТҮШИГ: 

-Манай засварын төв америк, япон, солонгос бүх төрлийн автомашины үзлэг оношилгоо, засварыг хийдэг. Тус бүр мэргэжлийн инженер, механикийн ажилтнуудтай. Манай төвөөр үйлчлүүлж буй жолооч нарын тээврийн хэрэгслийн явах эд анги нь ихэвчлэн гэмтэж байна. Мөн тэнхлэг тохиргоо алдагдах, тульк, амаржин муудаж байна. Ер нь замын эвдрэл гэмтлээс л  болж машины эд анги муудаж, эвдэрч байна гэж бид харж байгаа. Машины дугуй, обуд хагарч, тэнхлэг тохиргоо алдагдсан тохиолдол их, ийм шалтгаанаар жолоочид их үйлчлүүлдэг. Тухайн нүхийг тойрох гэж байгаад боржур мөргөсний улмаас машиных нь эд анги гэмтэх нь их. Харин мотор эвдрэх, хороп муудах зэрэг нь жолоочийн буруу үйлдлээс болсон байдаг. Машиныхаа тос маслыг буруу хийснээс болж мотор доголдох, эвдрэх гэх мэт хүнд гэмтэл гарна.

Autovision servise төвийн механик ажилтан Ц.МЯГМАРДОРЖ: 

Манай төвөөр үйлчлүүлж буй автомашины дийлэнх нь япон цахилгаан хөдөлгүүртэй. Ер нь машины эвдрэл ихэвчлэн замын эвдрэл гэмтлээс шалтгаалдаг. Ядахдаа л ус зайлуулах шугамгүй. Үүнээс болж борооны ус, үер туулахад л  машины эд анги эвдэрдэг. Ялангуяа гарны болон босоо тулк, явах эд анги их амархан гэмтэнэ. Цахилгаан автомашины хувьд тэнхлэг тохиргоо нь их алдагдана. Жишээ нь зөвхөн амартозитор муудахад бусад эд анги нь ч бас муудна. Гэтэл тэр бүх эвдрэл гэмтлийг жолоочид нэг дор засуулж, эд ангийг нь солих санхүүгийн боломж муутай. Хэсэгчлэн засвар хийлгэх нь их.

Prius auto servise засварын газрын механик ажилтан н.БАТ-ЭРДЭНЭ: 

Улаанбаатар хотод зам маш муу. Үүнээс л болж автомашинууд эвдэрч байна. Ихэвчлэн муу замаар зорчдогоос болж л машиных нь тэнхлэг тохиргоо, явах эд анги нь эвдэрсэн байдаг. Prius автомашины тухайд цахилгаан мотор, батерей, явах эд анги, тэнхлэг тохиргоо нь алдагдаж байна. Ер нь машины нэг л эд анги эвдэрсэн бол бусдадаа нөлөөлнө. Замын эвдрэлээс болж машины явах эд анги гэмтэж, дуу орно. Дуугүй машин гэж байхгүй. Ийм асуудлаар манай засварын төвд жолооч нар их  ханддаг. Ер нь жолоочийн буруугаас болж  мотор хоропны эд ангиуд эвдэрсэн байдаг.

Ub auto servise төвийн инженер Н:  /нэрээ хэлэхийг хүсээгүй/

-Улаанбаатарт хотын зам муу, энд тэндгүй нүх байдгийг монголчууд мэднэ. Замын эвдрэл гэмтлээс л болж автомашины явах эд анги, тэнхлэг тохиргоо алдагддаг. Ялангуа prius  автомашины тэнхлэг тохиргоо их алдагддаг. Дугуй нь хавагнахад л машины явах эд ангид өөрчлөлт ордог. Машины эвдрэл гэмтэлд он залуу, хуучин нөлөөлөх боловч хотын замын нүх, ус зайлуулах шугамгүй зэрэг гадны хүчин зүйлсээс шалтгаалж байна. Мөргөлдөх, мотор эвдрэх нь жолоочийн буруутай үйлдэлд хамаатай гэлээ.

Жолооч нарын хувьд хотын зам хавар, зун, намрын улиралд хамгийн их бартаатай, хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байдаг аж. Учир нь цас хайлах, усархаг борооны улмаас зам дээр нүх дайралдах нь их гэнэ. Түүнийг нь мэдэлгүйгээр хөдөлгөөнд оролцох үеэр автомашиных нь дугуй хагарч, хавагнах, явах эд анги гэмтэх, обуд сэвтэх, хагалах зэрэг эвдрэл их гардаг аж.

Улаанбаатар хотын автозамд хөдөлгөөнд оролцоход хэр аюулгүй байдаг болон тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн асуудлаар жолооч нарын байр суурийг сонирхсон юм.

УЛААНБААТАРЫН ЗАМ ХАВАР, ЗУН, НАМРЫН УЛИРАЛД  ХАМГИЙН ИХ БАРТААТАЙ

Иргэн Г.ЗОЛБАЯР: 

Улаанбаатар хотын автозам өмнөх жилүүдтэй харьцуулахад сайжирсан. Гэвч сэргээн засварлалт нь маш муу. Замын хөдөлгөөнд оролцож байхад гэнэт том нүх таарч дайрснаас болж машины эд анги эвдрэх шалтгаан болж байна. Тасганы овооны зам тааруухан, хөдөлгөөнд оролцоход түвэгтэй. Автозам нь муу, цууралт нүхнээс болж машины эд анги эвдрэх, дуу орох гэх мэт эвдрэл үүссэнээс болж засуулах, шинэ эд анги авах гээд эдийн засгийн гарлага их гардаг шүү дээ. Жил бүр заавал машины явах эд ангийг нь солиулах, засварлах шаардлагатай болж байна. Би prodo 120 маркийн авто машинтай. Одоогоор дөрвөн наклод, моторын тос, масло солиулж байна. Дунджаар 500 мянган төгрөг болох бололтой. Хотын зам ихэвчлэн хавар, намрын улиралд  зорчиход хүндрэлтэй, их бартаатай байдаг. Цас хайлсны дараа болон олон хоног үргэлжилсэн борооны дараа нүх дайрч орох тохиолдол их гардаг.

Иргэн А.УУГАНБААТАР: 

Автомашины эвдрэл гэмтэл, явах эд анги ихэвчлэн хотын зам тааруухнаас л болдог. Төв замаар зорчиход ямар ч асуудалгүй боловч захын хороолол болон хороолол дундын зам их муу. Үүнийг огт тоохгүй орхичихсон юм шиг санагддаг. Засварлах шаардлагатай. Өргөө кинотеатрын зам их нарийхан, эвдрэлтэй  хөдөлгөөнд оролцход хэцүү шүү дээ. Ер нь замын нүхнээс болж машинд эвдрэл гэмтэл гардаг.  Зам дээр гүнзгий нүх байгаа нь мэдэгддэггүй, гэнэт л дайрдаг. Үүнээс болж  гупер, обудаа сэвтүүлэх, дугуй хавагнах,  явах эд анги, тэнхлэг тохиргоо нь алдагддаг. Ялангуяа бороо орсны дараа ийм асуудал байнга л тулгардаг. Миний хувьд prius 20 маркийн машинтай болохоор дээрх тэнхлэг тохиргоо алдагдах нь их. Зам нь сайхан чанартай бол машинд ямар ч эвдрэл гарахгүй шүү дээ. Машины эдэлгээ автозамаас л шалтгаалдаг.

Иргэн Н.АРИУНБОЛД: 

Миний хувьд ихэвчлэн I хорооллын арын замаар хөдөлгөөнд оролцож 21 дүгээр хороолол руу ордог. Тэр хэсгийн зам ашиглалтад ороод тийм ч олон жил болоогүй бас л шинэ зам шүү дээ. Гэтэл эвдрэл их, энд тэндгүй нүх үүссэн. Авто зам ус бороо даахгүй стандарт хангахгүй байна. Ерөнхийдөө төв замаар  хөдөлгөөнд оролцоход ямар ч асуудалгүй. Харин захын хорооллуудын зам орхигдсон. Зорчиход маш асуудалтай.

Иргэн М.ЧИНЗОРИГ: 

Улаанбаатар  хотын зам найдваргүй. Замын нүх хаа сайгүй. Нөхөөс хийж байгаа харагддаг ч нэг зуны борооны ус даахгүй л байна. Улам л гүнзгий болчихдог. Модны 2 орчмын голын замаар хөдөлгөөнд оролцоход л энд тэндгүй нүхтэй таарна. Үүнээс болж суудлын тэрэг амархан эвдэрч гэмтдэг. Зам сайн бол машин эвдрэх нь бага шүү дээ. Зам муу учраас л машин эвдэрч байна. Машинд маань дуу орсон болохоор оношлуулахаар засварын төвд ирээд байна. Ер нь хавар, намрын улиралд хотын зам там болдог. Цас хайлах, борооны дараа нүхнүүд нь их гүнзгий болдог, түүнийг нь мэдэхгүй тойролгүй гарснаас болж prius автомашины хувьд  дугуй хавагнах, тэнхлэг тохиргоо алдагддаг. Засвар үйлчилгээнд дор хаяж л 100-200 мянган төгрөг зарцуулна. Энэ мэтчлэн зардал гардаг ч хохирлоо барагдуулах боломжгүй.

Иргэн Л.САМПИЛ: 

Замын эвдрэлээс болж машинд гэмтэл их гардаг. Энэ жилийн хувьд хур бороо их орсон болохоор замын ганц нэг нүх нь их гүн болчихсон, энэ нь дугуй хавагнуулах, хагарах, гупер хагалах зэрэг эдийн засгийн хохирол их гарна. Хотын төв хэсгээр замын хөдөлгөөнд оролцоход ямар ч асуудалгүй. Харин байрны голын зам болон захын хорооллын замууд орхигдсон санагддаг. Жижиг замууд хаягдаад байна. Тухайлбал, I, X дугаар хороолол дундах зам маш муу. Улаанбаатар хотын зам хавар, намрын улиралд их түвэгтэй болдог. Хавар цас хайлсны дараа болон зун, намар борооны уснаас болж зам их эвдэрч, үүнээс болж зорчиход асуудалтай. Нүх маш их. Миний хувьд Ланд 100 машины явах эд ангийг нь солиулахад дор хаяж гурван сая төгрөг зарцуулж байна гэлээ.

 Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 536.171 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Харин орон нутагт 422.389  тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Сүүлийн жилүүдэд ус зайлуулах шугам хоолойтой зам шинээр баригдах болсон ч одоогоос арав гаруй жилийн өмнө баригдаж, ашиглалтын хугацаа нь дуусах болсон зам нийслэлд цөөнгүй. Жолооч нарын хэлж буйгаар замын эвдрэл гэмтлээс болж автомашин нь эвдэрч, түүнээс болж засварт оруулах шаардлага үүсдэг ч чанаргүй зам барьсан компаниас нэхэмжлэх боломжгүй. Замын нөхцлөөс шалтгаалсан зам тээврийн ослын хохирлыг тухайн зам байгууламжийг хариуцсан байгууллага, аж ахуй нэгж бүрэн хариуцах ёстой аж. Гэхдээ хохирол нөхөн барагдуулсан тохиолдол одоогоор гараагүй байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж