Монгол, Оросын дипломат харилцаа дээд түвшинд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2019.09.04-нд нийтлэгдсэн

Монгол, Оросын дипломат харилцаа дээд түвшинд хүрлээ

Монгол, Оросын дипломат харилцаа дээд түвшинд хүрлээ

Монгол, Зөвлөлтийн цэргүүд Халх голын байлдаанд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 2-3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ нь Кремлийн тэргүүний хувиар Монголд хийсэн гурав дахь айлчлал боллоо.

Айлчлалаар Монгол Улс ОХУ-тай байгуулсан байсан Стратегийн түншлэлийн харилцаагаа шат ахиулж Найрсаг иж бүрэн стратегийн түншлэлд хүргэв. Тодруулбал, Монгол Улс хамгийн дээд түвшний харилцааг хойд хөрштэйгээ байгууллаа. Монгол Улс Хятад улстай  Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай бол Орос, Энэтхэг, Япон, АНУ-тай Стратегийн түншлэлийн харилцааг байгуулсан байсан юм.

Харилцаа Найрсаг иж бүрэн стратегийн түншлэлд хүрснээр бүхий л салбарт хамтран ажиллах улс төрийн шийдвэр гарлаа гэж ойлгож болох нь. Хамгийн гол нь гаргасан шийдвэрүүдээ ажил хэрэг болгож, харилцан ашигтай төсөл хэрэгжүүлж чадах уу гэдэг эргэлзээ дагуулж буй юм. Учир нь дөрвөн жилийн өмнөх айлчлалаар хоёр тал хос төмөр замтай болохоос эхлээд олон гоё төсөл хэрэгжүүлэхээр зурсан ч хэрэгжсэн нь үгүй.

Энэ удаагийн айлчлалаар талууд 10 гэрээнд гарын үсэг зурсны дийлэнх нь эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсний зэрэгцээ уламжлалаа сэргээж уул уурхайн салбарт хайгуулын чиглэлээр хамтран ажиллахаар болов.

Мөн “Эрдэнэс Монгол” ХХК, “Россети” ХК-ийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг зурсан нь Зүүн хойд Азийн орнуудыг хамарсан цахилгаан эрчим хүчний нэгдсэн систем бий болгох санаачлагыг гаргасан Монгол Улсын хувьд хойд хөрштэй хамтрах эхний алхмаа тавилаа гэж тодорхойлж болох юм.

Хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн 2018 онд 1.8 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх жилүүдийнхээс өссөн хэдий ч Монголын экспорт 0.5 хувийг эзэлж байна. Айлчлалаар энэ асуудлыг Монголын төрийн тэргүүнээс эхлэн УИХ-ын дарга хөндсөн ч экспорт хийхэд гол тээг болж буй татвараа бууруулах тухайд Оросын тал хөндсөнгүй. Мөн айлчлалын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар ОХУ-ын төрийн тэргүүнд хандан 100 тэрбум рублийн зээл хүссэн. Уг зээлийг Орос, Монголын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх, Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барих, эрчим хүчний салбарт зарцуулахаа мэдэгдсэн.

ОХУ- ын төрийн тэргүүн зээл олгох асуудалд тодорхой байр суурь илэрхийлээгүй ч дэд бүтцийн салбарт ямагт дэмжлэг үзүүлж ирснийг онцлоод уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтцийн салбарт шинэ төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээ онцолсон юм.

Энэ тухай хоёр улсын төрийн тэргүүнүүд ганцаарчилсан уулзалт хийснийхээ дараа айлчлалыг дүгнэж мэдээлэл хийхдээ мэдэгдсэн. Эл мэдээллийг одоо хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

ОХУ-ын Засгийн газраас бидний хүсч байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг Улаанбаатар төмөр замын дүрмийн санг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбар, Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхлоо илэрхийллээ. ОХУ өөрийн алс дорнодын бүс нутагт далайн боомт ашиглах боломжийг хангаж, Монгол Улсын далайд гарах боломжийг нээж өгч байгаад талархал илэрхийлж байна. 2018 оны зургадугаар сард Монгол, Оросын Засгийн газар хооронд байгуулсан транзит тээврийн гэрээ энэхүү боломжийг бидэнд нээсэн. Бид алс дорнодын боомтод шинээр терминал барих асуудлыг судалж ТЭЗҮ-ийг бэлэн болгоод байна. Евро Азийн эдийн засагтай орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг ОХУ дэмжинэ гэдэг итгэлтэй байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх үүднээс ОХУ-аас оруулах хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, Монголын экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзлээ. ОХУ-ын Засгийн газар Худалдааны төлөөлөгчийн газраа дахин нээж байгаад талархаж байна. Монголын тал ч мөн худалдааны төлөөлөгчийн Владивосток хотноо нээхээр төлөвлөж байна. Эдгээр шийдвэрийн үр дүнд хоёр улсын  эдийн засгийн харилцаа идэвхжих ёстой гэж  үзэж байна. Цаашид бид Монгол, Оросын ирээдүйн хамтын ажиллагааг тодорхойлсон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Энэ зорилгоор өндөр төвшинд хамтарсан Ажлын хэсэг байгуулж, өргөн хүрээнд судалгаа хийх саналтай байгаагаа илэрхийллээ. ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан болон Монгол Улсын хөгжлийн банк хооронд рубль төгрөгийн хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулахаар тохирч, санамж бичиг байгууллаа. Хоёр талын харилцаанд олон жил шийдэж чадахгүй байсан Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгийн эхний үе шат болон Улаанбаатар төмөр замтай холбоотой онцгой албан татварын асуудлыг шийдвэрлэх төвшинд хүрснийг мэдэгдлээ.

Хоёр орны харилцааг Найрсаг, Иж бүрэн стратегийн түншлэлийн төвшинд хүргэснээр хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээгдэж байгааг дахин онцлон тэмдэглэе. Урилгыг минь хүлээн авч Монгол Улсад айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин танд дахин талархал илэрхийлье.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин:

ОХУ бол Монгол Улсын гадаад худалдааны чухал түнш юм. Өнгөрсөн жил гадаад худалдааны эргэлт 21 хувиар нэмэгдсэн бол энэ оны эхний долоон сарын байдлаар дахин 10 хувиар нэмэгдсэн байна. Гэхдээ бид өмнө хийдэг худалдааны түүхэн амжилтаа гүйцэхийн төлөө илүү урагшаа тэмүүлж, нягт хамтран ажиллах боломж хоёр талд бий гэж харж байна.

Дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарт шинэ төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ. Энэ ажлыг худалдаа эдийн засаг, шинжлэх техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс хариуцна. Энэхүү төслүүдийг санхүүжүүлэх асуудлыг Орос, Монголын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санд хариуцуулах бөгөөд энэ санг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг Оросын шууд хөрөнгө оруулалтын сан Монголын түншүүдтэй хамтран энэ ажлын хүрээнд гарын үсэг зурсан. Тус сангийн хөрөнгө оруулалт голчлон үндэсний валютаар хийнэ гэдгийг тэмдэглэсэн. Монгол Улсын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд Орос улс олон жил тусламж үзүүлж ирсэн. Далан жилийн өмнө УБТЗ хамтарсан үйлдвэрийг нээсэн. Өнгөрсөн жил тус нийгэмлэг ачаа тээврийн дээд амжилтыг тогтоосон. Оросын төмөр замын  компаниудын дэмжлэгтэйгээр галт тэрэгний хөдөлгөөний зохицуулах шинэ дэвшилтэд автомат систем энэ онд ашиглалтад оруулсан нь Монголын төмөр замын нэвтрүүлэх чадварыг улам нэмэгдүүлнэ. Оросын төмөр замчид замын зүтгүүрийн паркийг шинэчлэх, тээврийн шинэ чиглэлүүдийг барихад Монгол түншүүддээ тусламж үзүүлэхэд бэлэн.

ОХУ нь уламжлал ёсоор Монгол Улсын  эрчим хүчний найдвартай нийлүүлэгч мөн. Роснефть компани Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний ихэнх хэсгийг хангаж байна. Мөн Оросууд Монголын цахилгааны гол эх үүсвэр болох ТЭЦ-IV-ийг засварлахад гол дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд шинэчлэлийн үр дүнд тус станцын хүчин чадал үлэмж нэмэгдэнэ. Дашрамд хэлэхэд, өчигдөр тус станцын шинэчлэлийн эрчим хүчний блокийг ашиглалтад оруулсан. Монгол Улсад цөмийн шинжлэх ухааны төв байгуулах саналыг Оросын тал судалж байна.

Албан ёсны хэлэлцээг цуцалж 10 баримт бичигт гарын үсэг зурав

Айлчлалын хүрээнд хоёр тал 11 баримт бичигт гарын үсэг зурна гэдэг мэдээлэл цацагдаж байсан ч Ерөнхийлөгч нарын өргөтгөсөн уулзалтын дараа төлөвлөгдсөн байсан албан ёсны хэлэлцээ цуцлагдаж хоёр орны Засгийн газар хооронд 10 баримт бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллахаар болсон юм.  Үүнд:

1. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин нар,

2. Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн хоорондын хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров нар,

3. Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Станиславович Орешкин нар,

4. Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай Засгийн газар хоорондын протоколд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг, Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны нэгдүгээр орлогч захирал Андрей Артурович Бойцов нар,

5. Монгол-Оросын Улсын хил дээр Хиагт-Алтанбулаг олон улсын авто-замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон ОХУ-ын Холбооны Гаалийн алба хоорондын протоколд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Холбооны гаалийн албаны дарга Владимир Иванович Булавин нар,

6. Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөөнд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Холбооны гаалийн албаны дарга Владимир Иванович Булавин,

7. Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар болон Оросын Холбооны Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэг /төрийн өмчит компани/ хоорондын хэлэлцээр”-т Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн, Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Сергей Николаевич Горьков нар,

8. "Монгол Шуудан" ХК болон Оросын Холбооны Улсын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоорондын Стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрт“Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, ОХУ-ын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэрийн ерөнхий захирал Николай Радиевич Подгузов нар,

9. Эрдэнэс Монгол ХХК болон Оросын Холбооны Улсын “Россети” олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт “Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Россети” олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Павел Анатольевич Ливинский нар,

10. “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон Оросын Холбооны Улсын Шууд хөрөнгө оруулалтын сан хоорондын харилцан ойлголцлын хэлэлцээрт “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ний захирал Д.Болормаа, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Александрович Дмитриев нар тус, тус гарын үсэг зурлаа.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж