Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Төрийн тэргүүн нар хоёр орны найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зурсан. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хэлсэн үгийг хүргэе.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийсэн яриа хэлэлцээр ажил хэрэгч болсон. Бид асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэж, олон улсын болон бүс нутгийн хэмжээнд шийдвэрлэх талаар ярилцсан. Яриа хэлэлцээрийн түвшинд хоёр орны эдийн засгийн харилцаанд анхаарал хандуулсан нь ойлгомжтой" гэдгийг тодотгоод олон жилийн турш уламжлал болсон найрамдалт харилцаа маань цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх бодит эх суурь болсон гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
Цааш хэлсэн үгэндээ "Монгол Улс нь ОХУ-ын гадаад худалдааны чухал түнш юм. Манай улсын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онд 21 хувиар нэмэгдэж, мөн энэ оны долоодугаар сарын байдлаар 12 хувь нэмэгдээд байна. Түүнчлэн цаашид өмнөх амжилтаа нэмэгдүүлж, хоёр орны худалдааны салбараа улам өргөжин хөгжүүлэх боломж бий гэж үзэж байна. Дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт өргөн хүрээнд хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэхүү ажиллагааг Засгийн газрын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны комисс хариуцаж байна. Энэхүү төслүүдийг санхүүжүүлэх асуудлыг Орос, Монголын Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санд хариуцуулах бөгөөд энэ санг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг ОХУ-ын хөрөнгө оруулалтын сан нь Монголын түншүүдтэй хамтарч гарын үсэг зурсан. Тус сангийн хөрөнгө оруулалт ихэвчлэн үндэсний валютаар хийгдэнэ гэдгийг онцлон тэмдэглэе.
Монгол Улсын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд Орос улс олон жилийн турш тусламж үзүүлж ирсэн. Орос улс төмөр замын дэмжлэгтэйгээр галт тэрэгний хөдөлгөөний зохицуулах шинэ дэвшилтэд автомат системийг энэ онд ашиглалтад оруулснаар Монголын төмөр замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг улам нэмэгдүүлнэ. Оросын төмөр замчид нь Монголын төмөр замын зүтгүүрийн паркийг шинэчлэх, тээврийн шинэ чиглэлийн замуудыг барихад тусламж үзүүлэхэд бэлэн байна.
ОХУ нь Монгол Улсад уламжлал ёсоор эрчим хүчний найдвартай нийлүүлэгч мөн. “Ростех” компани нь Монголд газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний ихэнх хэсгийг хангаж байна. “Ростех” компани нь Улаанбаатар хотын IV Цахилгаан станцын шинэчлэлд тусламж үзүүлж байгаа ба шинэчлэлийн үр дүнд тус станцыг хүчин чадал улам нэмэгдэнэ. Ташрамд хэлэхэд өчигдөр тус станцын эрчим хүчний блокийг ашиглалтад оруулсан.
Яриа хэлэлцээрийн явцад хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны сэдвийг хөндлөө. Манай хоёр улсын хооронд шинжлэх ухаан, соёл, спортын салбарын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Орос, Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээ тогтмол зохион байгуулагдаж байгаа. Боловсролын салбарын хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж байна. Орос улс зарим мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд Монгол Улсад тусламж үзүүлдэг. Батлан хамгаалах, терроризмтой тэмцэх асуудлыг дэлгэрэнгүй ярилаа. Уг салбарын хамтын ажиллагаа нь Аз тивийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй гэж үзэж байна. Энэ оны наймдугаар сард цэргийн хамтарсан сургуулилт амжилттай болж өнгөрсөн гэж энд дурдах нь зүйтэй. Хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх нь дамжиггүй.
Орос, Монгол, Хятад гурван улсын хамтын ажиллагааны шугамыг хөгжүүлж, тухайлбал энэ хүрээнд дээд хэмжээний уулзалт өнгөрсөн зургаадугаар сард болсон. Евро Азийн хамтын ажиллагааг өргөжүүлэх Монгол Улсын эрмэлзлэлийг дэмжиж байна. Манай айлчлалын хөтөлбөр шахуу байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга биднийг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлье. Удахгүй нээлтээ хийх гэж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад хүрэлцэн ирэх ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийг ойр дотноор хүлээн авахдаа таатай байх болно” гэв.