-Чөлөөт нислэгийн ДАШТ-ий хугацаат нислэг буюу F1C ангилалд Монголын баг мөнгөн медаль авлаа-
Чөлөөт нислэгийн ДАШТ-ээс Монголын баг мөнгөн медаль авлаа. Налайх дүүргийн Дархан ноёны худаг хэмээх газар болж буй чөлөөт нислэгийн ДАШТ-ий үндсэн гурван төрлийн сүүлийнх болох хугацаат нислэг буюу F1C ангилалын тэмцээн өнөөдөр болж, багийн дүнгээр БНХАУ 3951 оноогоор түрүүлж, Монгол 3873, Их Британи 3872 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртлээ. Энэ ангилалд 19 орны 47 тамирчин өрсөлдсөнөөс 19 нь эхний 7 нислэгийг амжилттай хийж, финалд өрсөлдөх эрхийг авсан. Манай тамирчдаас ОУХМ Э.Эрдэнэбат финалд өрсөлдөх эрхийг авсан бөгөөд шийдвэрлэх нислэгүүд маргааш өглөө 09.00 цагт болох аж.
Өчигдөр болсон резинэн хөдөлгүүрт буюу F1B ангилалд ОУХМ М.Гонгор түрүүлж, нисэхийн спортын анхны дэлхийн аварга цолыг эх орондоо авчирч байсан бол өнөөдөр багийн анхны мөнгөн медиалийн болзол хангаад байна. Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд ОУХМ Э.Эрдэнэбат, ОУХМ Т.Хишигбат, спортын мастер Э.Намдүү нар багтжээ.
Чөлөөт нислэгийн ДАШТ маргааш багийн бүх төрөл багтсан багийн "Миксмэн” тэмцээнээр үргэлжилж, өндөрлөнө. Тэмцээний хаалтын ажиллагаа ням гаригт 18.00 цагаас Цонжин болдог Чингисийн хөшөөнд болно.
Хугацаат нислэг буюу F1C ангилалд мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын баг тамирчид. Шигшээ багийн дасгалжуулагч Ж.Адилбиш, тамирчид ОУХМ Э.Эрдэнэбат, ОУХМ Т.Хишигбат, спортын мастер Э.Намдүү.
Нисэх спортын анхны дэлхийн аварга ОУХМ Мижиддоржийн ГОНГОР.
Тэмцээний албан ёсны сайт: http://ffmongolia2015.mn
Ч.БОЛОР