Эрчим хүчний хүчин чадал 89 мегаваттаар нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.03-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний хүчин чадал 89 мегаваттаар нэмэгдэнэ

Эрчим хүчний хүчин чадал 89 мегаваттаар нэмэгдэнэ

Эрчим хүчний дөрөвдүгээр цахилгаан станц өчигдөр /2019.09.02/ шинэ турбингенератор туршиж, нээлтээ хийлээ. Уг нээлтэд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Алексей Васильевич Гордеев, Элчин сайд Искандер Кубарович Азизов зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

ДӨРӨВДҮГЭЭР ТУРБИНГЕНЕРАТОР АШИГЛАЛТАД ОРЛОО

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК анх 1983 онд байгуулагджээ. Монгол Улсын төвийн эрчим хүчний нийлүүлэлтийн 70 хувийг хангадаг. Үйл ажиллагаа явуулж эхлээд дөрвөн ширхэг турбин суурилуулсан бол 1990 онд хоёр, 2014 нэгийг тус тус нэмжээ. Анхны суурилуулсан турбин 35 жил болж насжилт дууссан учир ийнхүү дөрвөн турбингенераторыг шинэчилж буй юм.

Шинэчлэх, суурилуулах ажилд цаг наргүй зүтгэсэн станцын 1500-аад ажилтны хөдөлмөрийн үр дүн өнөөдөр анхны эргэлтээ хийхэд бэлэн болжээ. Тэд ч мөн нээлт эхлэхийг сэтгэл догдлон хүлээнэ. Нээлтийн эхэнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэллээ. Тэрбээр “2019 оны тавдугаар сард болсон Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 22-р их хурал болсон. Ур хурлаас нийтдээ 67 заалттай шийдвэр гарсны дотор 4-р цахилгаан станцын 1-4-р турбиныг шинэчлэх тухай асуудал тусагдсан юм. Энэ ажил өнөөдөр биелэлээ олоод явж байна. Турбингенератор шинэчилснээр станцын үндсэн тоноглолын үйлдвэрлэлийн чадамж эрс нэмэгдэж, дулаан цахилгаан эрчим хүчний тасралтгүй, найдвартай хангамжийг иргэд, хэрэглэгч нарт хүргэх бүрэн боломж бүрдэж байгаа юм” гэлээ.

Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-ийн дарга Ү.Төмөрхуяг

Дулааны станц бол Монгол Улсын тулгуур үйлдвэр. Манай 4-р цахилгаан станц хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг билээ. Өнөөдөр тус станцын суурилагдсан хүчин чадлыг шинэчлэх, өргөтгөх төслийн ажиллагааны эхний хэсгийг нээж байна.

Энэ дөрвөн турбин шинэчлэгдсэнээр станцын хүчин чадал 89 мегаватаар нэмэгдэж байгаа юм. Ингэснээр ойрын жилүүдэд нэмэгдэх, шинээр бий болох цахилгаан эрчим хүчний хэрэглээний 50 хувийг дангаараа хангах боломж бүрдэж байгааг дуулгахад таатай байна.

Дулааны цахилгаан станц 4 ТӨХК-ний шилжилтийн төслийн анхны турбингенераторын барилга угсралтын ажил амжилттай дуусч, номер дөрвийн туршилтын анхны эргэлт өгөхөд бэлэн боллоо.Уг төсөл дээр ажилласан хоёр оны бүх инженер, мэргэжилтэн, ажилчиддаа амжилт хүсье.

ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Алексей Васильевич Гордеев

Дулааны 4-р цахилгаан станц дээр шинэчлэгдэж байгаа турбинуудыг манай улсаас нийлүүлж байгаад бид туйлын баяртай байна. Энэ бил хоёр орны найрамдалт харилцааг илэрхийлж байгаа хамтын ажиллагаа юм. Бид 4-р цахилгаан станцын турбины шинэчлэлийг бүрэн дуусгаад, цаашид дараагийн шинэчлэх ажлыг гуравдугаар станц дээр хийнэ гэж найдаж байна. Үүн дээр мөн манай турбиныг ашиглаж хамтарч ажиллана гэж бид итгэж байна. Хоёр улсын хамтарсан төслийн багийнхан, ажилчиддаа талархал илэрхийлж байна.

Ингээд “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ний турбин номер дөрвийг ажиллуухад бэлэн болсныг станцын ээлжийн инженер илтгэхэд бэлэн боллоо. Ээлжийн инженер н.Нямдаваа ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөл авсны дараа турбин явуулах удирдлагын товчийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Алексей Васильевич Гордеев нар дарлаа. Шинэчлэгдсэн турбин эргэлтээ авч, эрчим хүчний хангамжийн хүчин чадал нэмэгдлээ.

ДӨРӨВДҮГЭЭР ТУРБИНЫ ХҮЧИН ЧАДАЛ 123 МЕГАВАТТ БОЛЛОО

Үүний дараа турбин цехэд уламжлалт ёсоор шинэ турбин хүлээн авах тууз хайчлах ёслолын арга хэмжээ болсон юм.

Эрчим хүчний станцад турбин, зуухан гэж хоёр цех бий. Турбин бол үндсэн цехүүдийн нэг. Энэ цех нь хамгийн эхний шат дамжлагаар түлш дамжуулдаг.

Товчхон тайлбарлавал, зуухан цехт химийн энергийг дулааны энерги болгох шаталт явагдаж, асар өндөр параметртэй уур үйлдвэрлэнэ. Тэр уураар турбингенераторыг эргүүлж эрчим хүч гаргадаг байна. Ингэж бидний хэрэглэдэг эрчим хүч, дулаан үйлдвэрлэгддэг аж. Тэгэхээр эндээс турбингенератор ямар чухал болохыг мэдэж болно. Шинэ нэмэгдэж буй дөрөвдүгээр турбины хүчин чадал  123 мегаватт юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд 60-80 мегаваттаар өсдөг. Өнөөдөр бид дөрөвдүгээр турбин шинэчлэх нээлтээ хийж байна.

Дараагийн турбин 11-р сард ашиглалтад орно. Ингэснээр 40 мегаватт буюу энэ жилийн шинээр нэмэгдэх хэрэглээний 50 хувийг энэ хоёр турбин хангах юм.

Ирэх онд дахиад хоёр турбин ашиглалтад орно. Үүний үр дүнд шинээр бий болох 90 мегаваттын хэрэглээг хангах хүчин чадал нэмэгдэнэ. Энэ дөрвөн генераторын хүчин чадал нэмэгдсэнээр ойрын 2-3 жил эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах боломж бүрдэж байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АЖИЛДГААРАА БАХАРХДАГ

Турбин цех рүү ороход урдаас халуун уур, бөгчим агаар, маш хүчтэй дуу чимээ угтана. Энд хэдэн цаг байтугай хэдхэн хором байх хэцүү санагдана. Ийм л хэвийн бус нөхцөлд станцын ажилчид хуваарийн дагуу ажилладаг. Турбингенератор шинэчлэгдсэнээр эрчим хүчний нийлүүлэлт тогтвортой, аюулгүй болно. Харин цех дотор ажилладаг ажилчны хувьд ямар нөхцөл бүрдэж буйг Турбин цехийн Баланс доргионы мастер С.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.

-Турбин цехийг шинэчлээгүй байхад ямар бэрхшээл, хүндрэл учирдаг байсан бэ?

-Энэ төхөөрөмж маш өндөр параметрт ажилладаг. Тиймээс найдвартай байдал хамгийн чухал.  Насжилт дуусна гэдэг янз бүрийн эрсдэл гарах боломж бүрдэнэ гэсэн үг. Үүний дагуу шинэчлэх ажил явагдаж байна.

-Турбин цехэд голлох үүрэгтэй мастерын хувьд тоног, төхөөрөмж шинэчлэгдсэнээр та нарын ажилд ямар нөлөө, нөхцөл байдал бүрдэж байгаа вэ?

-Мэдээж хүчин чадал нь ихэснэ, дээр нь харьцангуй сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилагдаж байгаа учир ажиллахад таатай, илүү автомат болсон байгаа. Өөрөөр хэлбэл эрчим хүчний аюулгүй байдал, найдвартай үйл ажиллагаа бүрэн хангах үүргээ биелүүлэх боломж бүрдэж байна.

-Та нар бөгчим халуун, доргио, дуу шуугиантай нөхцөлд ажилладаг юм байна, хэцүү юу?

-Бид энэ орчинд 24 цагийн турш тасралтгүй ажилладаг. Оффист ажиллаж байгаа юм шиг байна гэж юу байх вэ. Мэдээж үйлдвэр юм чинь хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа. Гэхдээ энэ бол бидний хувьд асуудал биш. Бид мэргэжилдээ дуртай.

Эрчим хүчний салбар бусад салбарын хөгжлийн суурь нь болдог. Тиймээс Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байгаадаа бахархаж явдаг.

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ний хүчин чадал ийнхүү 89 мегаваттаар нэмэгдлээ. Цаашид үлдсэн хоёр турбиныг суурилуулах юм. Уг төсөлд ОХУ-ын Уралын турбины үйлдвэр хамтран ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж