А.Гантулга: Эхлээд сэтгэлтэй нь “ажилладаг”

Хуучирсан мэдээ: 2015.07.31-нд нийтлэгдсэн

А.Гантулга: Эхлээд сэтгэлтэй нь “ажилладаг”

"Алдар” спорт хорооны боксын дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат А.Гантулгатай ярилцлаа.

Наадмын өмнө Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртэж, дараа  нь “Дайчин алдар-1” медалиар  энгэрээ мялаасан танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. 

-Шагналын хур буу­сан сайхан жил байна, сай­хан наадлаа. Ганц миний хичээл зүтгэл биш боксын спортод бэлт­гэсэн шавь нарын маань амжилт, тэдний хөлс, хүч хөдөлмөр намайг энэ зэрэгт хүр­гэ­лээ. Түүнээс биш би ямар рингэн дээр зодол­дож байгаа биш. Миний заасан, хэлсэн ярьс­ныг тэд маань гаргаж үзүүлж байна. “Алдар” спорт хорооны хамт олон, боксын спортыг хүн­дэлдэг, дэмждэг, ойлгодог төр засаг, түмэн олон­доо баярлаж байна.

Гэхдээ гавьяатын сураг  2009 оноос эхлэн  дуулдаж, таны шавь Н.Төгсцогтыг  гавьяат тамирчин болох үед бүр ч  хүчтэй яригдаж  байгаад чимээ алдарсан. Танд юу бодогдож байв?

– Тэр яах вэ дээ, намайг сайн ажилла гэсэн юм байгаа биз. Ямар ч байсан ажил үйлс маань  өөдрөг сайхан явж ирлээ. Манай тамирчид боксын улсын аваргад хоёр удаа түрүүллээ,  Өсвөрийн эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аваргаас  миний шавь Ц.Энхжаргал хүрэл медаль хүртлээ. Б.Чинзориг маань  гурван тэмцээнд оролцож хоёр алт, нэг хүрэл медальтай ирсэн. Түүнээс хойш ч зөндөө үйл явдал боллоо.  Армийн дэлхийн аваргаас манайхан нэг алт, нэг хүрэл медальтай ирсэн. Олон улсын тэмцээн болгоноос, ер нь оролцсон бүх тэмцээнээсээ   медаль түүсэн дээ. Тамирчдаа тэмцээн алгасахгүй оруулахыг хичээж, түүний төлөө зүтгэж байна. “Химийн цом”-д  Б.Чинзоригийгоо явуулсны дараа Хятадад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр эмэгтэй тамирчнаа бэлтгэл сургуулилтыг нь  базааж урд хөрш рүү мордууллаа.  Т.Болортуул 48 кг-ийн жинд, , Г.Оюун-Эрдэнэ 57 кг-д тоглоно. Ирэх сарын 20-доор эрэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнтэй. Түүнээс өмнө Улсын шигшээ багийн тамирчидтай хамт Эрдэнэт үйлдвэрийн “Олимп” бааз дээр цугларалтад гарах байх. Тэднийг тэмцээнд нь явуулчихаад наймдугаар сарын 25-30-нд Улаан-Үдэд болох “Монгол туургатан” наадамд 2-3 хүүхэд бэлтгэж явуулна. Үргэлжлүүлээд ирэх аравдугаар сард болох Армийн тоглолтод оролцох  долоон тамирчнаа бэлтгэнэ, ихэнх нь шинэ хүүхдүүд байгаа. Болж өгвөл тэднийгээ есдүгээр сард болох тэмцээнд сорилго маягаар оруулчих санаатай байна. Гэхдээ энэ жил гол  тамирчид маань Армийн тэмцээнд оролцож чадахгүй болсон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн давхцсан учраас өнгөрсөн жилийн Армийн аварга болсон Б.Чинзориг маань хүртэл энэ жил өнжихөөс аргагүй болчихлоо.

Ингэхэд гавьяат дасгалжуулагч болж бай­гаагаа хэнээс анх сонсов. Тэр үед хаана байсан бэ?

-Наадмын өмнөхөн Хайлаарт  гурван улсын  хамтарсан бэлтгэлд очсон. Тэнд байхад хүмүүс мессэж ирүүлэхэд нь итгээгүй. Аль 5-6 жилийн өмнөөс л байсхийгээд гавьяат болно, болох гэж байна гэж ярьдаг, хэлдэг байсан. Тийм болохоор тоглож байна гээд тоогоогүй. Сүүлд нь Говьсүмбэрийн  боксын дасгалжуулагч,  Г.Төгсбаяр найз  маань ирээд тэврээд баяр хүргэсэн. Хамт байсан гавьяат  дасгалжуулагч Ё.Төмөрбат багш маань бас  үнсч байна. Тэгээд л үнэн юм байна гэж бодсон. Хайлаараас долдугаар сарын 9-ний шөнө Улаанбаатарт ирж, 10-ны өглөө гавьяатын цол, тэмдгээ авсан. Хамгийн гол нь төрөөс шагнал  авах, авахгүйдээ  биш шүү дээ. Миний ганц зорилго сайн тамирчин бэлтгэх, олимп, дэлхийд өрсөлдөх ширэн бээлийтнүүдийг  гаргах, энэ хүсэл маань удахгүй биелэгдэх байх.

Тантай уулзсаных Н.Төгсцогтын тухай асуухгүй өнгөрч боломгүй. Мэргэжлийн бокст орсноос хойш холбоотой байгаа юу?

-Зургадугаар сарын сүүлчээр ирэхэд нь уулз­сан. Намайг  Хайлаараас ирэхэд буцчихсан байсан. Төгсөөгийн  мэргэжлийн бокс руу орох асуудал хүнд шийдвэр байсан. Надад бол  тийш нь оруулалгүй гар дээрээ авч “Алдар”-ын тамирчин болгох хүсэл их байсан. Тийм болохоор өөрт нь зөндөө хэлсэн. Нэг шулуудсан л бол зүтгэчихдэг зантай  болохоор  би дийлсэнгүй. Өөрөө “Амжилтад хүрнэ” гэж хэлж байгаа л бол тэр чадна. Зан чанарын хувьд ч тийм л хүүхэд байгаа юм. Дээшилнэ үү гэхээс доошлохгүй шүү. Өөртөө тэгж зорилго тавьж, зүтгэж чаддаг сайн тал бий.

Хэдэн настай таны шавь болж байв?

-79 дүгээр сургуулийн сурагч, 13 настай жаахан хүү  миний шавь болж, түүнээс хойш  уйгагүй бэлтгэл хийсэн. “Олимпийн гараа”, “Тэмүүлэл” тэмцээнд орж анхныхаа мөнгө, хүрэл медалийг авч, дараа нь өсвөрийн улсын аварга, залуучуудын улсын аваргад дараалан түрүүлсэн. Их мэдрэмжтэй  хүүхэд байсан, өсвөрийн улсын аваргад түрүүлсний дараа  Сахад болдог хүүхдийн наадамд оролцож хүрэл медальтай ирэхдээ  “Багш аа, гадаадын тамирчид чинь биднээс илүү юм байдаггүй юм байна шүү дээ. Болох юм байна” гэсээр ирсэн. Тэгэхэд нь “Би чамд хэлдэг шүү дээ, хэн ч байсан адилхан эхээс гарсан, адил зорилготой хүмүүс байгаа. Хамгийн гол нь хэн ухаантай, хэн өөртөө зорилго тавьж өөртэйгээ ажиллаж байгаа нь гардаг, ялдаг юм шүү дээ, миний хүү” гэсэн. Тэгж явж ирсний дараа  мань хүн их урамшиж,  бэлтгэлээ ч  сайн болгосон. 2009 онд насанд хүрэгчдийн улсын аваргаар 48 кг-ын жинд  түрүүлсэн.Дараа нь ОХУ-д болсон тэмцээнээс хүрэл медаль, намар нь Гуаньжуд болсон тэмцээнд хүрэл медаль  хүртэж тэр эрчээрээ Миланд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн рүү явсан. Тэндээс “Эхний учраа ширүүхэн болох нь ээ, багш аа” гэсэн мессэж ирүүлсэн, би зөрүүлээд тактикийн талаас нь зөвлөгөө өгсөн. Тэгээд туслах оноогоор хожсон. Түүний дараа “Бусад нь болчих байх аа, хуучин хүмүүс” гээд нэлээд тайвширчихсан байсан. Үнэхээр ч  2011 оны Бакугийн дэлхийн аваргын алт, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга, ОХУ-ын боксчин Миша Алояныг  Төгсөө маань  илт давуу ялсан. Өмнө нь тоглоод үзчихсэн, арга барилыг нь мэдэж байна гэдэг том давуу тал байсан. Дэлхийн хоёр удаагийн аваргыг буулгаж авч байна гэдэг  дэлхийн энтэй тамирчин болсны баталгаа болсон. Тэгж 17-хон насандаа од болсон хүн шүү дээ, манай Төгсцогт.  17  насандаа  дэлхийгээс медаль авсан түүх манай боксын спортод байхгүй. Түүн шиг 20 насандаа олимпоос медаль авсан хүн ч ховор. Гэхдээ хар залуугаас нь од болгочих  хэцүү  юм.

– “Од”-ын өвчнөөр өвчилсөн гэж үү?

-Тэгэхгүй яах юм бэ.  Хүн болгон сайн байна, мундаг гээд байхаар залуу хүн зүгээр байхгүй биз дээ.

Азийн наадмаас мань эр жаахан юм бодож ирэх шиг болсон. Тэр нь  мэргэжлийн бокс руу   ороход нөлөөлсөн гэж ойлгосон?

-Тэрэн дээр би юм ярихгүй байгаа шүү дээ. Өөрт нь бол “Хохь  нь” гэж л хэлсэн. Олимп, дэлхийн аваргын медальтай хүн гэдэг чинь аливаа тэмцээн, уралдаанд хянамгай байж, дүгнэлт хийж байх хэрэгтэй. Ямар тамирчид байдаг билээ. Би нэг жин өгсч орж байгаа шүү гэдгээ дотроо бодож байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл тийм юм бодохгүй, бэлтгэл сургуулилтаа хаячихаад эрчээрээ давхиж ороод л. Гэхдээ Солонгосын тэр тамирчныг хожсон л доо.  Үнэндээ бол  эхний хоёр раундад тэнцүүхэн тоглож, гуравдугаар раундад илүүрхсэн. Эхний хоёр раундад илүүрхсэн бол шууд хожих байсан. Тэгэхээр тэмцээн зохион байгуулж байгаа улс орны хувьд аргагүй. Хэрэв манайд тэмцээн болж Төгсцогт шиг тэнцүүхэн тулаан  хийж байгаа тохиолдолд ялалтыг өөрийнхөө тамирчинд өгөхийг бодно биз дээ. Тиймээс тэрэнд юм бодох хэрэггүй, тэгж байснаас харин илүү хичээж, амжилт үзүүлэхийн төлөө явах ёстой. Тэр талаас нь  би нуулгүй  хэлэхэд  Төгсцогтыг зэмлэсэн.

Танаас асуухгүй байж болохгүй бас нэг асуулт бол дүү Х.Энхдэлгэрийн нэрээр тэмцээнд оролцож ирсэн учраас сонирхогчийн бокст тоглох эрхээ хасуулсан  Х.Энх-Амарын тухайд та ямар бодолтой байна?

-Тэр  бол хэсэгхэн хугацааны асуудлаас болсон зүйл. Нэг талаас хүүхдийн гэнэн зан, нөгөө талаас тэрийг нь нягталж үзээгүйн  алдаа.  Тэглээ гээд  ямар өөрөөсөө түлхэлтэй  биш. Бэлтгэл сургуулилтаа хийгээд явж л байгаа. Гэхдээ удахгүй шийдвэр  гарах байх. Мэргэжлийн бокст авъя гэж санал тавьсан хүмүүс бий. Тэр болгоныг дагуулж хүүхэд “алаад” яахав. Тэрний оронд хажуудаа байлгаж бэлтгэлийг нь таслахгүй хийлгэе, залуу хүний хувьд ирээдүй бий гэж харж байгаа.

Ингэхэд та боксын спортод хэдэн жил зүтгэж байна.  “Алдар” спорт хороогоор  анх овоглосноос хойш тэндээс хаашаа ч яваагүй байх аа?

-Энэ спорт руу ороход хоёр ах маань нөлөөлсөн. Тэд маань бокс тоглодог байсан юм. Би 1984 онд 14 настайгаасаа боксоор хичээллэсэн. Тухайн үед “Хүч” спорт хороон дээр Х.Жамган багшийн удирдлагад  долоо хоног бэлтгэл хийгээд “Олимпийн гараа”-д орж алтан медаль авч байлаа. Дараа нь У.Мөнх-Эрдэнийн багш гавьяат дасгалжуулагч Д.Батмөнхийн удирдлагад 1985 онд 6-7 сар хичээллэсэн. Багш маань Чех рүү явснаар би   “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ш.Магван багшийн удирдлагад 1997 он хүртэл бокс тоглосон. Багшийнх манайх хоёр Чингэлтэй уулын ар, өвөрт  байсан юм. Намайг бэлтгэлээ тасалчихаар багш маань уул даваад орилоод ороод ирдэг байлаа.  Би 1997 оноос  багшийнхаа зөвлөснөөр дасгалжуулагчийн ажилд шилжсэн. Тэгэхдээ “Алдар”-аас хаашаа ч яваагүй. Одоо эмэгтэйчүүдийн боксын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа. ОУХМ Б.Энхтайван бид хоёрт өглөө, оройн ээлжийг хариуцуулж бид армиас эхлээд хамтдаа 10 жил “Алдар”-ыг дасгалжуулах ажлын гарааг эхэлж байсан юм. Түүнээс хойш би “Алдар”-аас хаашаа ч яваагүй. Тамирчин болсноос эхлээд өнөөдрийг хүртэл 30 жил Монголын бокст зүтгэж байна. Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн аль нэгээр  нь дагналгүй бүгдийг  дасгалжуулж, орсон тэм­цээн болгоныхоо эхний гурван байраас мултарч үзсэнгүй.

Боксчин  байхдаа үзүүлсэн амжилтаасаа сонирхуулаач?

-Улсын аваргаас хоёр хүрэл,  гурван мөнгөн медаль хүртсэн. Залуучуудын аваргаас мөн хоёр хүрэл авсан. АНУ-д 1997 онд болсон Мухамед Алийн нэрэмжит  сонирхогчдын боксын тэмцээнд оролцож   медальтай ирж байлаа. Жижиг тэмцээнүүдэд гаргасан амжилт нэлээд бий. Тэр болгоныг хэлээд  яах вэ. Харин  Мухамед Алийн нэрэмжит тэмцээнээс медаль авснаа би ховор аз гэж боддог.

Дасгалжуулагчийн тактик, гол арга барил юу вэ гээд асуучихвал  нууц уу,  эсвэл?

-Тамирчидтайгаа хэр зэрэг тулж ажиллахаас бүх зүйл шалтгаална. Багш хүн миний бодож байгаагаар бэлтгэл сургуулилтаа хийлгэхээс гадна хүүхдүүдийнхээ дотоод сэтгэлийг нээх ёстой. Гол үүрэг нь энэ. Хүүхэд дотроо юу бодож явааг гаргаж, нээхээс амжилтын оргилд хүрэх, хүрэхгүй зэрэг бүх зүйл шалтгаална. Хүний дотоод сэтгэл агуу зүйл. Тиймээс миний ганц боддог, анхаардаг зүйл тамирчны сэтгэл зүй. Манай тамирчид  зуны улиралд долоо хоногт таван удаа бэлтгэл хийдэг. Өвөл бол  зааландаа гуравхан удаа орох эрхтэй байдаг.

Бөхчүүд нутаг, ус гэж их ярьдаг. Боксынхон  харин тэгж сүйд болдоггүй. Та аль нутгийнх вэ?

-Аав, ээж минь Сүхбаа­тар аймгийн Уулбаян сумын уугуул болохоор би тэр нутгаар овоглодог.

Нутгийнхаа нэрийг гаргасан  боксчид  хэр олон бэ?

-Манай сумаас бокс тоглодог хүн надаас өөр байхгүй. Харин хурдан морьд бол байгаа. Аймгийн төвөөс бол ОУХМ М.Отгонбаатар, Б.Ганбаатар нарын нэгэн үе бокст нөлөөтэй сайн  тамирчид төрж гарсан. Мөн Ангараг, Мөнхжаргал гэж сайн  боксчид байлаа. Тэднийг ид  гарч ирж байх үед   Г.Ганхуяг багш очиж ажиллаж байсан юм.Түүнээс хойш залгамж чанар тасарсан. Саяхнаас тэмцээнд баг ирээд байдаг болсон байна лээ.

Олимпийн эрх авах том тэмцээнүүд хаяанд ирж байна. Дасгалжуулагчийн нүдээр харахад найдаж харж байгаа ямар тамирчид байна?

-Боксыг таах хэцүү. Найдлага тавьж байсан тамирчид хоосон ирж, “битүү морьд” медаль авчирсан тохиолдол алийг тэр гэхэв. Тэгэ­хээр урьдчилж хэлэх хэрэг­гүй. Харин тамирчдаа ялгалгүй, аль нэгийг нь онцлохгүйгээр  бүгдийг нь жигд сайхан бэлтгэж, сэтгэлзүйг нь сайхан болгоод явуулчих хэрэгтэй. Хэн нь ямар амжилт үзүүлэхийг харъя. Ирэх аравдугаар сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн эрх авч  эхэлнэ дээ.

Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-“Алдар” спорт хорооны бүх бие бүрэлдэхүүн,  084 дүгээр ангийн хамт олон, ээж, аав, миний найдвартай ар тал болсон ханьдаа баярлалаа. Та бүхний  минь зүтгэлийн үр шим гарлаа гэдгийг сонины хуудсаар дамжуулж  хэлье. Монголын бокс мандтугай.

Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх сурвалж:  "Зууны мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж