ОХУ-аас авах 100 тэрбум рублийн зээлийг УБТЗ-д зарцуулах хүсэлт тавьжээ
ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын хүрээнд 10 чухал баримт бичигт гарын үсэг зурсан талаар Ерөнхийлөгч Х.Баттулга хэвлэлийнхэнд мэдээллээ. Тэрбээр " Өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, олон асуудлаар ажил хэрэгч, нөхөрсөг нээлттэй санал бодлоо солилцож, чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа. Түүхэн уламжлалт дайчин нөхөрлөл, цаг хугацааны сорилтоор шалгагдсан Монгол Улс, ОХУ-ын харилцаа итгэлцлийн үндсэн дээр хөгжиж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэж байгаад бид баяртай байна. Энэхүү ялалт бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бататгаж, хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийг гагнасан ариун үйл хэрэг юм.
Манай хоёр орны ард түмэн энхийн бүтээн байгуулалтын цаг үед ч, дайны халуун өдрүүдэд ч хамтдаа тулалдаж явсан анд нөхөд билээ. Дайны талбарт мөр зэрэгцэн тулалдаж явсан Зөвлөлт, Монголын цэрэг дайчдын байгуулсан хүндтэй гавьяаг бид хойч үедээ мөнхжүүлэн үлдээх ёстой юм. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амь хайргүй тэмцсэн Монгол, Зөвлөлтийн дайчдын түүхэн гавьяаг үүрд дурсах болно.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа дахин нэг шат ахиж, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрлээ. Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээг хугацаагүйгээр болгон байгуулж, сая гарын үсэг зуран баталгаажууллаа" гээд "Манай хоёр орны цэрэг, техникийн уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж байна.
Монгол Улсад цэрэг, техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлчийг сунгах тухай хоёр орны Засгийн газар хоорондын протоколыг шинэчлэн байгуулсныг тэмдэглэхэд таатай байна. Ирэх онд болох Аугаа их орны дайны ялалтын 75 жилийн ойн баярт урьсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгыг талархан хүлээн авч байгаа"-гаа уламжлав.
Ерөнхийлөгч Х.Баттулга "ОХУ-ын Засгийн газраас бидний хүсэж байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг "Улаанбаатар төмөр зам" хамтын нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, эрчим хүчний салбарт Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхлоо мөн илэрхийллээ. 2008 оны зургаадугаар сард Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Транзит тээврийн гэрээ нь энэхүү боломжийг бидэнд нээсэн билээ. Бид алс Дорнодын Зарубина боомтыг эзэмшдэг, ОХУ-ын Беско компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж дуусгаад байна.
Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтийг ОХУ дэмжинэ гэдэгт итгэж байна. Эдийн засаг, хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх үүднээс ОХУ-аас оруулах хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, Монголын экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж мөн үзлээ.
Оросын Засгийн газар Худалдааны төлөөлөгчийн газраа дахин нээж байгаад талархаж байна. Монголын тал ч мөн Худалдааны байгууллагаа Владивостокт нээхээр төлөвлөж байна. Цаашид Монгол, Оросын ирээдүйн хамтын ажиллагааг тодорхойлсон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Энэ зорилгоор өндөр түвшинд хамтарсан Ажлын хэсэг байгуулж, өргөн хүрээнд судалгаа хийх саналтайгаа мөн илэрхийллээ" гэв.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа
Хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөж байсан ч хэлэлцээгээр ярих байсан бүх сэдвээ хоёр Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалтаар ярьсан тул шууд баримт бичигт гарын үсэг зурахаар тохиролцсныг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар хоёр орны найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зурав.
Мөн энэ үеэр хоёр орны гадаад харилцаа, батлан хамгаалах, гааль, үнэт цаас зэрэг хамтын ажиллагааны 8 баримт бичигт гарын үсэг зурсныг дэлгэрэнгүйгээр хүргэе.
1. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар терроризмтай тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улс, ОХУ Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
2. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкинтой Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
3. Монгол Улсын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг, ОХУ-ын Цэрэг техникийн хамтын ажиллагааны холбооны албаны нэгдүгээр орлогч захирал А.А.Бойцов нар Монгол Улсад цэрэг техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчилгээг сунгах тухай Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурлаа.
4. Монгол Улсын Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт, ОХУ-ын Холбооны гаалийн албаны даргатай Монгол, Оросын улсын хил дээрх Хиагт, Алтанбулаг олон улсын автозамын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн Ерөнхий газар ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын протокол болон Монгол Улсын Гаалийн Ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөөнд тус тус гарын үсэг зурав.
5. Монгол Улсын АМГТГ-ын дарга Х.Хэрлэн ОХУ-ын Росгеолог ХН-ийн захирал Сергей Горьков нар хоёр байгууллагын хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
- "Монгол Шуудан" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, ОХУ-ын Орос шуудан Холбооны төрийн нэгдсэн үйлдвэрийн Ерөнхий захирал Николай Подгузов нар хоёр байгууллагын стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав.
- "Эрдэнэс Монгол" ХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, ОХУ-ын Россети НХН-ийн Ерөнхий захирал Павел Левинский нар хоёр байгууллагын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
8. "Ди Би Эм Ассет менежмент" үнэт цаасны компанийн захирал Д.Болормаа, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн Ерөнхий захирал Кирилл Дмитриев нар хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт хийж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путин нар Ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд уулзаж байна. Уулзалт нийт 45 минут үргэлжилнэ. Уулзалтын дараа хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Бид мэдээллийг шууд дамжуулах болно.
В.Путин Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг угтан авсан юм. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Хоёр улсын Төрийн тэргүүн нар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийх юм. Үүний дараа албан ёсны хэлэлцээ хийж, айлчлалын хүрээнд яригдсан асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийхээр товлосон. ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг 270 гаруй хэвлэл сурвалжилж байгаа юм.
Түүнчлэн В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар Их тэнгэр цогцолборт Халх голын ялалтын 80 жилийн ойн зоог барих юм.
Айлчлалын хүрээнд 11 баримт бичигт гарын үсэг зурна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг албан ёсоор угтах ёслол Сүхбаатарын талбайд яг одоо болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордны өмнө ирж Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
Төрийн ордонд хүрэлцэн ирмэгц ОХУ-ын Төрийн тэргүүн Баганат танхимд зочилж Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, хоёр орны Ерөнхийлөгч нар дурсгалын гэрэл зураг авахуулна.
В.Путиныг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа Төв талбайд болно
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2019.09.02/ үдэш тусгай үүргийн онгоцоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэн юм. Түүний албан ёсны айлчлал өнөөдөр/2019.09.03/ эхлэх бөгөөд Халх голын ялалтын 80 жилийн ойн баярт уригдсан тэрбээр манай улсад дөрөв дэх удаагаа айлчилж буй нь энэ юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.09.03/ 13.00 цагт Сүхбаатарын талбайд болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Их эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч “Хүндэт зочин”-ы дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын гэрэл зураг татуулах юм байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар 40 орчим минут ганцаарчилсан уулзалт хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхана.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөнө. Түүний айлчлалыг 270 гаруй хэвлэл сурвалжилж байна.
Холбоотой мэдээ