Ж.Дэлгэрсайхан: "Саарал жагсаалт"-д орвол бүх салбарт эрсдэл үүснэ

Хуучирсан мэдээ: 2019.09.03-нд нийтлэгдсэн

Саарал жагсаалт

Ж.Дэлгэрсайхан: "Саарал жагсаалт"-д орвол бүх салбарт эрсдэл үүснэ

Ж.Дэлгэрсайхан: "Саарал жагсаалт"-д орвол бүх салбарт эрсдэл үүснэ

Монгол Улсын Үндэсний зөвлөл мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хийсэн ажлаа сая наймдугаар сард Ази, Номхон далайн бүсийн хурлаар тайлагнасан.  Ирэх аравдугаар сард тус тайлангийн дүн гарч Монгол Улс аравдугаар сард ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орох эсэх асуудал шийдэгдэнэ. Хэрэв Монгол Улс  "Саарал жагсаалт"-д орвол бидэнд ямар эрсдэл тулгарах талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Монгол Улс саарал жагсаалтад орох эсэхээ шийдвэрлүүлэх тайлангаа Австралид хамгаалаад ирлээ. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцооны хүрээнд олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага ФАТФ-ын зөвлөмжүүдийг нь манай улс хэр биелүүлсэн гэж та харж байгаа вэ?

Дэлхийн улс орнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, үйл ажиллагааг хангаж ажиллах чиг үүрэгтэй ФАТФ гэж байгууллага байдаг.Тус байгууллагаас 40 зөвлөмжийг хэрэгжүүлэхийг улс орон болгоноос шаарддаг юм. Энэ нь үндсэндээ тухайн улс оронд мөнгө угаах болон терроризмын ажиллагаа явахаас урьдчилан сэргийлж байгаа зүйл. Монгол Улс ФАТФ-ын Ази номхон далайн бүсийн байгууллагын гишүүн. 2016 онд ФАТФ-ын үнэлгээгээр манай улс нэлээд томоохон анхаарал татсан нөхцөл байдалтай тулгарсан.

-Ямар?

-Өөрөөр хэлбэл мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хийх ажил их байгааг сануулсан гэсэн үг. “Саарал жагсаалт”-нд орно гэдэг нь  40 зөвлөмж бүхий стандартын биелэлт, хэрэгжилт хангалтгүй дүнтэй гарсан байна гэсэн үг. Уг 40 зөвлөмжийн 20 орчмыг нь манай улс хэрэгжүүлээгүй учраас хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэсэн. Үүнээс хойш  Монгол Улс саарал жагсаалтад орохгүйн тулд нэлээд анхаарч ФАТФ-ын зөвлөмжийн дагуу тодорхой арга хэмжээнүүдийг авсан. Тухайлбал, өнгөрсөн онд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэхээсээ илүүтэй бараг тэр чигт нь шинэчилсэнтэй дүйцэхүйц хууль болсон.Нэлээд олон зохицуулалт тусгасны хамгийн том зохицуулалт нь ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл байгуулагдсан. Ингэснээр бидний хувьд томоохон ахиц дэвшил гэж үзэж болно.

Мэдээж ФАТФ-ын зөвлөмж тус бүрийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд тодорхой цаг хугацаа шаардагдана. Иж бүрэн хангалттай хэрэгжүүлсэн гэсэн ойлголтод хүрэхийн тулд цаашид хууль эрхзүйн орчин, тогтолцооны шинэчлэлтүүд шаардагдах болов уу гэж харж байна.  Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд манай улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг харахад чамлахааргүй үр дүнтэй. Энэ удаа саарал жагсаалтаас мултрах боломж бий гэж би хувьдаа дүгнэж байна. Гэхдээ бүрэн хэвийн бололгүйгээр хяналтын тодорхой түвшинд үлдэх байх.

-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн орчин тодорхой хэмжээгээр бүрдсэн гэж ойлгож байна. Тэгвэл хэрэгжилт нь хэр байгаа бол?

-Хууль эрхзүйн орчноо манай улс чадлынхаа хэмжээнд сайжруулсан. Үндэсний зөвлөл байгуулагдсан нь мөнгө угаах, терроризмтой тэмцэх үйл ажиллагааг манай улс үндэснийхээ хэмжээнд цогцоор нь олж харж байгаагийн илрэл. Бүхий л талын оролцоо чухал гэдгийг хууль эрхзүйн суулгаж өгсөн нь Монгол Улс мөнгө угаах, терроризмын эсрэг үндэснийхээ хэмжээнд тэмцэх хамтын ажиллагаа чухал гэдгийг харуулж байгаа юм. Учир нь мөнгө угаах, терроризмтой тэмцэх үйл ажиллагаа улс орны хэмжээний бүхий л санхүүгийн болон санхүүгийн бус гэсэн бүхий л талуудын оролцоотой хэрэгждэг. ФАТФ-ын 40 зөвлөмжид банк санхүүгийн байгууллагаас гадна банк санхүүгийн бус мөртлөө бизнесийн санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг олон байгууллагын үйл ажиллагааг хамруулсан байдаг. Тиймээс мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцоонд харилцагчаа таньж мэдэх гэдэг бол хамгийн суурь ойлголт. Тиймээс банк, банк бус, хуульч, нотариат, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч гээд салбар бүрт харилцагчаа таньж мэдэх үйл ажиллагааны журам заавар, зохицуулалтад ахиц гарахад төв банкны оролцоо мөн шаардагдана.

 -Хэрэв манай улс саарал жагсаалтад орвол банк санхүүгийн салбарт олон эрсдэлийг дагуулах байх. Үүнээс гадна бусад эрсдэлийн талаар яривал?

-Мөнгө угаах, терроризмтой тэмцэх үйл ажиллагааг банк санхүүгийн салбар тэр дундаа Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны үүрэг гэж өнөөг хүртэл ойлгож ирсэн. Энэ утгаар нь саарал жагсаалтад орвол банк санхүүгийн салбарт дарамт ирэх, нөлөөлөл нь тус салбарт гарна гэсэн өрөөсгөл ойлголт нийгэмд бий. Саарал жагсаалтад орвол банк санхүүгийн салбарын үйл ажиллагаагаар нөлөөлөл дамжих нь тодорхой. Дам болон урт хугацааны нөлөөлөл Монгол Улсад бүхэлд нь мэдрэгдэнэ. Бизнесийн бүхий л салбар иргэн, аж ахуй байгууллагад эрсдэл үүснэ. Тухайлбал, Монгол Улсын гадаад, дотоод мөнгөн урсгалууд хязгаарлагдана. Манай улс руу орж ирэх валютын урсгал хязгаарлагдах, дотоодын байгууллагууд гадаад зах зээл рүү төлбөр тооцоо хийх нөхцөл байдал хязгаарлагдах, төр болон хувийн хэвшлүүд гадаад зах зээлээс мөнгө санхүүгийн эх үүсвэр татах боломж нь мөн хязгаарлагдана. Үүнээс гадна Монгол Улсын зээлжих зэрэглэлд нөлөөлнө.

-Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага ФАТФ нь ОУВС-тай хэр хамтын ажиллагаатай вэ?

 –ФАТФ дэлхийн нөлөө бүхий гүрнүүдийн санаачилгаар бий болсон.Одоогоор  37 гишүүн улс, хоёр олон улсын байгууллагыг хамарсан ийм байгууллага. Гишүүн орнуудаас нь бид нааштай санал авч байж саарал жагсаалтад орохгүй байх боломжтой. ФАТФ Олон улсын валютын сан, Дэлхийн банктай нягт хамтын ажиллагаатай ажилладгийн хувьд зөвлөмжөө боловсруулах мөн  хэрэгжилтийн үнэлгээний стандартуудыг мөрдүүлэхдээ ОУВС, Дэлхийн банктай  харилцан хамтын ажиллагаатай ажилладаг гэж ойлгож байгаа. Энэ утгаараа ОУВС ФАТФ-ын үйл ажиллагаатай нягт уялдаатай бөгөөд тодорхой хэмжээний нөлөөтэй гэж ойлгож болно. Гэхдээ саарал жагсаалтад орох эсэх нь ОУВС-тай хамааралтай бус. Учир нь ФАТФ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцдэг байгууллага.

-2019 оны хувьд төсөв, санхүүгийн сектор, бодит эдийн засагт тоон болон чанарын олон эерэг өөрчлөлт ажиглагдсан жил болж байна. Үүнийгээ дагаад макро орчин тогтворжиж, бизнесийн үйл ажиллагаа идэвхжих хандлагатай болсноор уул уурхайн бус секторт ч сэргэлт гарч байгаа. Тэгвэл эдийн засгийн дээрх өсөлт саарал жагсаалтын эсрэг хамгаалалт болж чадах уу?

-ОУВС-гийн удаа дараагийн дүгнэлтүүд Монгол Улсын эдийн засаг өсөлттэй, хөтөлбөр төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа гэдгийг илэрхийлээд байгаа нь Монгол Улсын санхүүгийн нөхцөл байдал эдийн засаг, төр засгийн удирдлагын санаачилгатай байдлыг харуулах уу гэвэл харуулна. Гэхдээ эдийн засгийн өсөлт болон мөнгө угаах, терроризмтой тэмцэх гэдэг ойлголт хоёр нь харьцангуй ангид үнэлэгдэнэ. Тийм учаас шууд эдийн засаг өсөлттэй, эерэг байгаагаар бид саарал жагсаалтаас гарах боломжтой гэж ойлгох боломжгүй.

-ФАТФ-ын саарал жагсаалтад орсон улсуудын гол алдаа нь юу байв. Бид тэр алдааг нь давтахгүйн тулд юундаа анхаарах шаардлагатай байна вэ?

– ФАТФ-ын саарал жагсаалтад орсон хэдхэн улс байдаг. ФАТФ-ын хар жагсаалтад Умард Солонгос, Иран зэрэг цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа орон багтдаг. Тэдгээр улсуудын гаргасан алдааг нийтлэг байдлаар нь харвал үндэсний хэмжээнд энэхүү эрсдэлийг үнэлэх тогтолцооны асуудлыг үл ойшоосон, үндэсний хэмжээний тогтолцоог бүрдүүлэх тал дээрээ алдсан байдаг. Тэгэхээр манай улс энэ чиглэлд анхаарах нь зүй ёсны хэрэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж