Улс төрийн халууны хэм өндөрслөө

Хуучирсан мэдээ: 2015.07.31-нд нийтлэгдсэн

Улс төрийн халууны хэм өндөрслөө

Ирэх долоо хоногоос Төрийн ордонд гишүүд морилж, улс төрийн халууны хэм өндөрсөх бололтой.

Баяр наадмын өмнө босгож ирээд, сураг алдсан Засгийн газрын асуудал даваа гаригаас олны анхааралд орж ирнэ. Улс орны байгаа байдлаа бодохоор засаг төрөөрөө оролдох тоогүй хэрэг ч Ардчилсан намын босгосон овоог ухаж төнхөхөөс аргагүй байдал нэгэнт үүсчээ.

Наадмын өмнө АН-ын Гүйцэтгэх зөвлөл Засгийн газарт МАН-тай хамтрах гэрээгээ цуцлах шийдвэр гаргаж, үүнийг намын бүлэг нь өөгшүүлснээр сар орчмын хугацаанд Засгийн газрын зарим ажил хаашаа, яаж шийдэгдэх нь бүрхэг байсаар ирлээ.

МАН-ынхан энэ асуудалд “Засгийн газар нь өөрсдөө мэд, дуртай бол сайд нар чөлөөлөх асуудлаа өргөн барь” гэсэн хариу бариад орхисон бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимынхаа МАН-ын зургаан сайд, долоон дэд сайдыг чөлөөлөх тухай тогтоолын төслийг өргөн барих сурагтай байсан ч албан ёсны мэдээллээр бол хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болжээ.

Зарим эх сурвалжуудын хэлснээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын дарга З.Энхболд нар өнөөдөр өдрийн тал шахам уулзаж, ярилцсан бололтой.

Улс төр дахин бужигнах нь. Зургуугийн зургаан яамны ажил дахин назгайрах уу?, Дахиад халаа сэлгээ эхлэх үү? Асуулт олон байна.

Анхнаасаа Үндсэн хууль зөрчсөн нөхцөл байдал харагдаж, Засгийн газар нь сайд нарын асуудлыг өргөн бариагүй байхад УИХ ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлынхаа хамгийн түрүүнд зоочихсон байсныг харахад Монголын улс төр угаасаа хэдэн алхмын цаадах хороо найруулаад хутгачихсан байдгийн илрэл гэхээс өөр юу гэх билээ. Төрийн тэргүүнийхээ үгийг сонсдоггүй засагтай, нам бүлэглэлд толгойгоо мэдүүлсэн төртэй байхыг монголчууд хүсээгүй.

Шадар сайдаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарыг томилно ч гэх шиг. Инээд, уур, бухимдал төрүүлсэн халуун зуны улс төр эхэлжээ, дээгүүр.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж