"Дипломын төлөө бус өөрийгөө хөгжүүлж, сурч, мэдэхийн төлөө хичээгээрэй"

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

"Дипломын төлөө бус өөрийгөө хөгжүүлж, сурч, мэдэхийн төлөө хичээгээрэй"

"Дипломын төлөө бус өөрийгөө хөгжүүлж, сурч, мэдэхийн төлөө хичээгээрэй"

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.09.02) Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.

Г.Занданшатар: Дипломын төлөө бус өөрийгөө хөгжүүлж, сурч, мэдэхийн төлөө хичээгээрэй

МУИС нь энэ жил 77 дахь хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байгаа бөгөөд нийт 7 бүрэлдэхүүн сургууль, нэг ахлах сургууль, 20 хүрээлэнтэй, 20 мянга гаруй оюутантайгаар 2019-2020 оны хичээлийн жилээ эхлүүлж байна. Өнгөрсөн онд 16 орны 420 оюутан тус сургуульд суралцжээ.

77 дахь хичээлийн шинэ жилийг нээж МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ, “Манай сургуульд энэ хичээлийн жилд 2259 оюутан шинээр элссэн бөгөөд тэдгээрээс 492 нь гадаадын 19 орноос иржээ. Ирээдүйд XXI зууны хөгжлийн хурдны их ачаалал, аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэгдсэн аль ч улс орон, бүс нутагт хөрвөж ажиллах чадвартай хүний нөөцийг бэлтгэн гаргахыг цаг үе уриалан дуудаж байна. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн онд судалгаанд суурилсан их сургуулийг дэмжих үндэсний хөтөлбөр баталсны дагуу Монголын их сургуулиудын менежмент, бүтэц, зохион байгуулалт, санхүүжилт, багшлах хүний нөөц, хөтөлбөр, сургалт, судалгааны орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах гэж буйд талархалтай байна. Дэлхийн нийтийн чиг хандлага салж жижгэрэх бус, нэгдэн нийлэх чиглэл рүү явж байгаа билээ. Шинэ хичээлийн жил МУИС-ийн хувьд судалгаа, сургалтдаа амжилт гаргасан, Ахисан түвшний сургуулиа байгуулсан жил болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ “Монголын ирээдүй бол оюутан, залуус. Та нар дипломын төлөө бус өөрийгөө хөгжүүлж, сурч, мэдэхийн төлөө хичээгээрэй. Орчин цагт дэлхий даяар дипломыг бус хувь хүний авьяас, чанарыг илүүд үзэж байна. Тиймээс хаана ч очсон чадвартай хүнд ажлын байр бий шүү. Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадармой” гээд жил бүрийн хичээлийн шинэ жилийн нээлтээ Нобелийн шагналт эрдэмтдийн лекц илтгэлээр эхлүүлдэгт баяртай байдгаа илэрхийлээд МУИС-иас ирээдүйн Нобелийн шагналтан төрөхийг ерөөв.

Түүнчлэн МУИС нь 2010 оноос эхлэн Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлээс хамгийн өндөр импакт фактортой сэтгүүлд хэвлүүлсэн чансаа өндөр эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулан МУИС-ийн Захирлын нэрэмжит шагнал олгоод 7 дахь жилдээ золгож байна. 2019 оны МУИС-ийн Захирлын нэрэмжит “Шилдэг эрдэм шинжилгээний бүтээл”-ээр МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Биологийн тэнхимийн профессор Базарцэрэнгийн Болдгивийн 36.2 импакт фактортай CELL сэтгүүлд хэвлүүлсэн “Tracking Five Millennia of Horse Management with Extensive Ancient Genome Time Series” өгүүлэл шалгарч цом, 3 сая төгрөгийн шагналыг гардан авлаа.

Мөн энэхүү нээлтийн ажиллагааны үеэр МУИС-ийн Номын сан Монгол Улсын соёлын салбаруудаас анх удаа ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж гэрчилгээгээ гардан авлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн ажиллагааны төгсгөлд тус сургуулийн эрдэмтэн багш нарын бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхов.

Монгол Улсын төрөөс авьяаслаг, бүтээлч, чадамжтай хүний нөөцийг тасралтгүй нэмэгдүүлэх эрх зүйн үндсийг бий болгоход анхаарч ажиллаж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар дараа нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн нээлтийн арга хэмжээнд оролцож, эрдэмтэн багш, оюутан залуустай “Боловсролын шинэчлэл” сэдвээр уулзалт, ярилцлага хийлээ.

Тэрбээр, “Та бүгдээс Монгол Улсын ирээдүй ямар байх нь шалтгаална. Өнөөдрийн тасалсан нэг цагийн лекц, уншаагүй үлдээсэн нэг хуудас хожим хүүхэд багачуудын 100 цагт авах ёстой байсан мэдлэгийг тасална гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Монгол улсын Засгийн газраас багш боловсролыг олон жил тууштай дэмжиж ирсний нэгэн илэрхийлэл нь элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан оюутнуудад олгож буй тэтгэлэг, багшлах дадлагын тэтгэлэг, төрийн сангийн зээл болон бусад төрлийн тэтгэлгүүд болно. Саяхан УИХ-аас “Оюутны хөгжлийн зээл”-ээр суралцан төгссөн 13,000 гаруй иргэдийн зээлийг чөлөөлж, дипломыг олгох тухай асуудлыг шийдвэрлэснийг дуулгахад таатай байна. МУБИС нь багш бэлтгэх хөтөлбөрүүдээ олон улсын магадлан итгэмжлэлийн ASIIN байгууллагаар магадлан итгэмжлүүлж, Боловсролын суурь судалгааны төв, Физикийн хичээлийн багаж үйлдвэрлэдэг – Монозикури төв, Хүүхэд хөгжлийн оношилгооны төв, Хичээл ажиглалтын лабораториуд, Багшийн хөгжлийн төв, Зайны сургалтын төв зэргийг байгуулснаас гадна өөрийн харъяа Ерөнхий боловсролын сургуулийн өргөтгөл, номын сангийн өргөтгөл, Тэрэлж дахь оюутны дадлагын баазын цогцолбор зэргийг барьж байгуулж буй нь сургалт-судалгаа явуулах нэн таатай орчныг бүрдүүлж байгаад баяртай байна. Монгол Улсын төрөөс Боловсролын хуулийг шинэчлэх, дээд боловсролын салбарыг цаашид дэмжин хөгжүүлж дэлхийн хэмжээнд хүргэх талаар бодлогын баримт бичгийг боловсруулан чанартай боловсрол олгох, авьяаслаг, бүтээлч, чадамжтай хүний нөөцийг тасралтгүй нэмэгдүүлэх талаар эрх зүйн үндсийг бий болгох тал дээр ажиллаж байна” гэв.

1951 онд анх Улсын багшийн институт нэртэйгээр байгуулагдаж байсан тус сургууль 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль, бакалавр, магистр, доктор, гадаад оюутан зэрэг нийт 2602 шинээр элсэн суралцаж байна. Нийт 8 бүрэлдэхүүн сургууль, харьяа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийт 450 гаруй багш ажилтан, бакалаврын 11462, магистрын 2314, докторын 757, гадаадын 771 оюутантайгаар энэ жилийн жилийг эхлүүлж байгаа талаараа тус сургуулийн захирал Д.Мандах танилцуулав.

Шинэ мянганы оюутнууд шинэлэг зорилготой байхын чухлыг онцлов 

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн ажил амьдралын гараагаа эхлүүлж байсан Худалдаа үйлдвэрлэлийн их сургуульд очив. Энэ онд түүхт 95 жилийн ой нь тохиож буй тус сургуульд УИХ-ын дарга Г.Занданшатар 1992 онд эрдэм шинжилгээний ажилтнаар тус сургуульд томилогдон ирж, хожим багшлах болсноо эргэн дурсав.

Тэрбээр тус сургуульд шинээр элссэн оюутнуудад тусгайлан баяр хүргээд шинэ мянганы оюутнууд шинэлэг зорилготой байхын чухлыг онцлов. Мөн дээд боловсролын салбарыг бэхжүүлж, дэлхийн хэмжээнд хүргэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж, үүний тулд:

  1. Дэлхий дахинд авьяас, ур чадвар, бүтээлч сэтгэлгээний өрсөлдөөн хүчтэй өрнөж буй энэ үед боловсролын диплом, зэрэг, дэвээс илүүтэй шаардлагатай ур чадвар, мэдлэг эзэмшсэн, авьяаслаг залуучуудыг бэлтгэх, тэднийг дэмжих;
  2. Багшлахуйгаас суралцахуйд түлхүү анхаарч, сурах үйл ажиллагааг дэмжин, сургалтын сайн орчин бүрдүүлэх,  их өгөгдлийн сан бий болгох замаар сургалтын чанарыг эрс өөрчлөх, хариуцлагатай, чадвартай, авьяастай, ёс зүйтэй буюу “зөөлөн ур чадвар”-тай мэргэжилтэн бэлтгэхэд анхаарах;
  3. Их, дээд сургуулиудын чансааг тогтоож, нэгтгэн томруулах замаар дэлхийн хэмжээний их сургуультай болох зорилт тавьж ажиллах, тэдгээрийг төрийн бодлогоор дэмжин, тусгай хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, хиймэл оюун ухаан, инновацийг эрхэмлэж буй цаг үетэй хөл нийлэхийн тулд судалгааны их сургууль болох ёстой. Боловсролын салбарын шинэчлэл задралаас нэгдэл рүү явах цаг ирсэн гэсэн байр сууриа илэрхийлэв.

Тус сургууль нь 1924 онд анх “Хоршооны түр сургууль” нэртэйгээр байгуулагдсан цагаас эхлэн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, хөрвөх чадвартай 40 гаруй мянган мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн гаргажээ.

2017 оноос Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль болон өргөжиж, өдгөө нэг салбар сургууль, 80 гаруй эрдэмтэн багш, бакалавр, магистрын 20 гаруй хөтөлбөрөөр сургалтаа явуулж байна. Түүхт 95 жилийн ойн хүрээнд 2019 оныг “Бүтээн байгуулалт- сэргээн босголт”-ын жил болгон зарласан бөгөөд 2025 онд Монгол Улсын тэргүүлэх их сургууль болох зорилт тавин ажиллаж байгаа талаараа захирал М.Должин хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж