Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлаар тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр болжээ.
АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс зургадугаар сард МАН-тай Засгийн газарт хамтран ажиллах гэрээгээ цуцлах шийдвэр гаргасан.
Энэ дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг кабинетийнхаа бүрэлдэхүүнд багтсан МАН-ын зургаан сайд, долоон дэд сайдыг чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлэх гэж байна. Ерөнхий сайд уг тогтоолын төслөө өнөөдөр 13.00 цагт өргөн мэдүүлнэ гэж байсан ч 16.00 цаг хүртэл хойшилжээ.
УИХ-ын ээлжит бус чуулганы эхний хуралдааныг наймдугаар сарын 03-ны өдрийн даваа гаригийн 09.30 цагт эхлүүлэхээр товлосон билээ.
ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
1. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудал;
2. Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
3. Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
4. Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
5. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;
6. Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр заажээ.
Ч.БОЛОР