Хичээл, сургуулийн бэлтгэлтэй зэрэгцээд иргэдэд мөнгөний хэрэгцээ их байгаа энэ үед махны үнэ бүр долоо хоног тутамд 300-500 төгрөгөөр нэмэгдээд байгааг Нийслэлийн статистикийн газраас гаргасан байна. Бодит байдалд махны үнэ ямар үнэ ханштай байгааг сурвалжлахаар бид хотын төвд байрлах “Баянзүрх” захаар орсон юм. Сургуулийн насны гурван хүүхдээ дагуулан яваа нэг эмэгтэй “Миний охин хичээлийн эхний өдрүүдэд дэвтэр бараг хэрэг болохгүй дээ. Өнөөдөр ээжийнх нь мөнгө дууссан одоо жаахан мах авах л мөнгө байна гэсээр махны тасаг руу орлоо. Түүнтэй уулзахад “Бид Сүхбаатар дүүрэгт амьдардаг. Хоол хүнсээ энэ захаас авдаг. Сүүлийн өдрүүдэд махны үнэ нэмэгдээд байна. Олон айл өрхөд хүүхэддээ хэдэн ширхэг дэвтэр авах уу, эсвэл хоногийн хоолны махаа авах уу гэсэн сонголттой тулгарч байна. Өмнөх жилүүдэд арай ч ийм байгаагүй. Энэ жилийн тухайд мах үнэтэй байна. Хоосон хонолтой нь биш гээд дэвтэр авах мөнгөөрөө ганц кг мах авч байна” гэж ярив. Хажуунаас өөр нэг эмэгтэй “Ер нь цалин амьдралд хүрэлцэхгүй хэцүү байхад махны үнэ нэмэгдэхээр бүр л хэцүү байна. Манайх шиг олон сая толгой малтай хэрнээ мах нь ийм үнэтэй улс бараг байхгүй байх. Зун махны үнэ жаахан буусан. Харин одоо эргээд нэмэгдчихэж” гэв.
“ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭЛ АВАХ УУ, ХООЛНЫ МАХ АВАХ УУ”
Нийслэлийн статистикийн газраас мэдээлснээр энэ сарын 28-ны өдрийн мэдээгээр хотын төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах худалдааны төвд хийсэн судалгаагаар үхрийн цул мах кг нь 13875, хонины мах 9767 төгрөг байна. Өмнөх долоо хоногоос хонины мах 0.7-1.74 хувь буюу 67-167 төгрөгөөр өссөн. Харин үхрийнх 2.3 хувь буюу 313 төгрөгөөр өсчээ. “Баянзүрх” захад хонины мах ястай, ясгүйгээсээ хамаарч 9000-10000, үхрийнх 9580-13875, адууны мах 9000 төгрөгийн үнэтэй байгааг графикаар харуулсан байв. Харин бодит байдал дээр “Баянзүрх” захад хонь, үхрийн мах 10-14 мянган төгрөг байсан юм. Иргэн Л.Энхбаяр “Махны үнэ нэмэгджээ. Хямдаар нь сээрний мах авлаа. Үхрийн гуяны мах 14000-14500, сээрний мах 11000, хонины нойтон мах 8800-9000, шулсан цул нь 10000 төгрөг байна” гэв. Зарим махны худалдаачид “ Махны үнэ өсч байгаа нь Хятад руу мах экспортолж байгаатай холбоотой гэж байв.
БОДИТ БАЙДАЛ ДЭЭР 411-625 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
Нийслэлийн статистикийн 2019 оны наймдугаар сарын 28-ны мэдээгээр долоо хоногт хонь, үхрийн мах 167-313 төгрөгөөр өссөн гэсэн бол бодит байдал дээр 411-625 төгрөгөөр нэмэгджээ.
“Баянзүрх” захын худалдагч Ч.Ламсүрэнгээс махны үнэ яагаад нэмэгдэв. Өнгөрсөн долоо хоногт арай хямд байсан гэж байна” гэж асуухад тэрээр “Бөөний болон жижиглэнгийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой. “Хүчит шонхор” захаас махаа бөөнддөг. Өнөөдөр хонины мах ястай, ясгүйгээс хамаарч 8750, үхрийнх 13500 төгрөгөөр авсан. Уг нь хэд хоногийн өмнө 200-300 төгрөгөөр хямд байсан гэв. Бид мөн “Меркури” захаар орлоо. Хонь, үхрийн мах 10-15 мянган төгрөгийн үнэтэй байсан” гэв. Иргэн Л.Загдаа.”Ард түмний амьдрал хэцүү байхад махны үнэ нэмэгдэж байгаа нь иргэдийн амьдралд том дарамт учруулж байна. Тэтгэврийн хэдэн төгрөгөө махандаа л өгч байна” гэв. Олон ам бүлтэй айлд хүнд тусч байна” гэв. Ийнхүү зургаа, долдугаар дугаар сард махны үнэ дунджаар 8500-12500 төгрөгт хүрч байсан бол өнөөдөр даруй 411-625 төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь шатахууны үнэ өссөнтэй холбоотой гэдгийг махны ченж, худалдаачид хэлж байлаа. Өнгөрсөн зургадугаар сард махны бөөний үнэ дунджаар 8000, улсын баяр наадмын үеэр 12500 хүрч байсан мах аажимдаа буусаар хамгийн багадаа 10 мянган төгрөгт хүрчээ. Харин энэ сарын эхээр 11587 төгрөгт хүрч тогтворжсон ч 28-ны байдлаар дахин нэмэгдсэн нь энэ.
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН
Холбоотой мэдээ