Хуучирсан мэдээ: 2015.07.31-нд нийтлэгдсэн

Иргэдийн төлөөлөл хэвлэлийнхэнд хандав. Б.Цэрэн, Б.Ууганбаяр тэргүүтэй нийслэлийн иргэд ирэх сарын 8-9-нд болох Даншиг наадамд зарцуулах 560 сая төгрөгийг илүү үр ашигтай төсөлд зарцуулах уриалгыг гаргав. Тэд нэг талаар уриалж нөгөө талаар Нийслэлийн захирагч Э.Бат-Үүлээс гуйж байгаагаа хэлсэн.

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Даншиг наадмыг зохиох гэж байгаа. Нийслэлийнхний зүгээс энэ арга хэмжээгээр дамжуулан үндэсний соёл, уламжлалыг олон нийтэд  сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломж бүрдэнэ хэмээн тайлбарласан. Гэвч иргэдийн төлөөлөл үүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Зөвхөн Даншиг наадмаар зогсохгүй өнгөрсөн өдрүүдэд болсон Баянгол дүүргийн ойн арга хэмжээ, цаашид хийх Баянзүрх, Хан Уул дүүргийн наадамд хэдэн зуун сая төгрөг зарцуулахгүй байх уриалгыг тэд гаргав. Ганцхан Баянгол дүүргийн ойд л гэхэд 300 сая төгрөг зарцуулсан. Цаашлаад удахгүй болох Даншиг наадамд 560 сая төгрөг зарцуулах гэж байгааг онцлов.

 

“Тусгаар тогтнолоо алдсаны баяр”

-Судлаач, иргэн Б.Баярдалай түүхийн талаас нь ингэж тайлбарлав-

Энэхүү Даншиг наадмыг анх 1639 оноос монголчууд хийж эхэлсэн. Хутагт, хувилгаад, тэргүүн хүнээ хүндэтгэн залахдаа Даншиг наадам хийсээр ирсэн. 1970 онд хамгийн том Даншиг наадмыг ч монголчууд хийж байсан удаа бий. Гэхдээ сүүлд Богд хаан энэхүү Даншиг наадмыг хийхгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ наадам нь нэг талаас шашны зан үйл. Гэвч нөгөө талаас авч үзвэл монголчууд тусгаар тогтнолоо алдсаныг тэмдэглэж байна гэсэн үг хэмээн цуцалж байжээ.

Гэтэл өнөөдөр монголчууд энэ баярыг тэмдэглэж, олон улсын жуулчдыг татна хэмээн хөөрцөглөж байна. Бид сарын өмнө тусгаар тогтносны баяр, Үндэсний их баяр наадмаа хийсэн. Гэтэл сарын дараа Даншиг гээч наадмыг хийж, тусгаар тогтнолоо алдсанаа тэмдэглэх гэж байгаа нь хэр зөв зүйл вэ?

 

560 сая төгрөгөөр юу хийж болох вэ?

-Энэ тооцоог иргэн Б.Ууганбаяр гаргажээ. Тэрбээр ийнхүү ярив-

  1. Үр тарианы салбарыг даатгалжуулах

Энэ зун Монгол орны ихэнх нутгаар гантай байснаас үр тарианы ихэнх хувь нь хаягдахад хүрсэн. Тиймээс энэ 560 сая төгрөгийг үр тариандаа зарцуулах байв. Хэрвээ 560 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг цагаа олж энэ салбарт хийсэн бол улсын хэмжээнд 58 тэрбум төгрөгийн үр тариаг аварч болох байлаа.

Дүгнэлт: Нэн тэргүүнд тариалангийн салбараа даатгалд хамруулах шаардлагатай.

  1. 235 хүнийг аврах

Өнөөдөр Монголд элэгний С вирустай 150 мянган хүн байна. Түүний 50 мянга гаруйг нэн яаралтай эмчлэх шаардлагатай. Тиймээс С вирусын эсрэг “Харвони” эмийг нэг курсийг нь хоёр сая ам.доллараар иргэдэд худалдахаар болов. Гэтэл хоёр сая төгрөгөөр эм худалдан авч чадахгүй хэчнээн өрх, иргэн бий вэ? 560 сая төгрөгийг элэгний С вирустай иргэдийн эмэнд зарцуулвал 235 хүний амийг аварна.

  1. Төрөх эмнэлэг

Нийслэлд төрөх эмнэлэг нэн тэргүүнд дутагдалтай байна. Уг нь Хан Уул дүүрэгт 300 ортой төрөх эмнэлгийг барьж байгаа ч санхүүжилтийн асуудлаар гацсан. 560 сая төгрөгөө төрөх эмнэлгийн санхүүжилтэд нэмэрлэвэл нийслэлчүүдэд хэрэгтэй.

  1. Бөөрний дутагдалтай иргэд

Улсын хэмжээнд бөөрний архаг дутагдалтай, гемодиализийн аппаратанд орох зайлшгүй шаардлагатай 400 орчим иргэн бий. Гэвч иргэд гемодиализийн аппаратанд орохын тулд өндөр төлбөр төлж, оочер дугаар болдог. Эдгээр иргэдэд 560 сая төгрөгийг зарцуулвал илүү үр дүнтэй.

  1. Сургууль, цэцэрлэг

Хан Уул дүүрэгт л гэхэд хоёр ч сургууль, цэцэрлэгийн барилгыг засварлах шаардлагатай. Ядаж нийслэлчүүдийн нийгмийн тулгамдсан асуудал болох сургууль, цэцэрлэгийн засварт зарцуулбал илүү үр дүнтэй.

 

Иргэдийн төлөөлөл ийнхүү тооцоо судалгааг гаргаснаа өнөөдөр мэдээлсэн юм. Тэд энэ мэдээллээрээ дамжуулан хотын дарга Э.Бат-Үүлд нэгийг бодож, эдийн засгийн хямралтай энэ үед илүү үр бүтээлтэй зүйлд мөнгөө зарцуулах, гаргасан шийдвэрээ эргэн харахыг хүсч байгаагаа хэвлэл, мэдээллийнхнээр дамжуулан хүргүүлэв.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж