Төмөр замын дээд сургуулийн оюутнууд хичээл хаялт зарлав

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Төмөр замын дээд сургуулийн оюутнууд хичээл хаялт зарлав

Төмөр замын дээд сургуулийн оюутнууд хичээл хаялт зарлав

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн Төмөр замын дээд сургуулийн /ТЗДС/оюутнууд өнөөдөр /2019.09.02/ тус сургуулийн захиргаанаас гаргасан шийдвэрийг эсэргүүцэн жагсаал зохион байгууллаа. Оюутнуудын зүгээс тус сургуулийн удирдлагууд, оюутнуудын саналыг сонсолгүйгээр Төмөр замын дээд сургуулийн техникчийн ангийг Политехникийн сургууль руу шилжүүлж буйг эсэргүүцсэн юм байна. Ингэхдээ тус сургуулийн техникчийн ангид өмнөх жилүүдэд суралцаж буй оюутнууд энэ хичээлийн жилээс эхлэн дээд сургуулийн дипломгүй, коллежийн дипломтой болж төгсөх юм байна.

БИД  ДЭЭД СУРГУУЛЬД ОРСОН БОЛОХООС КОЛЛЕЖИД ОРООГҮЙ

Оюутнуудын төлөөлөл болох Вагоны техникчийн хоёрдугаар курсийн оюутан Г.Уранбилэг “Манай сургууль бакалаврын сургалтын программаас гадна техникчийн боловсрол олгодог. Бакалаврынх болохоор дөрвөн жил, техникчийн анги гурван жил суралцдаг бөгөөд Төмөр замын дээд сургууль гэсэн нэр дор дипломтой төгсдөг. Энэ хичээлийн жил буюу 2019 оны долдугаар сарын нэгнээс УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн тушаал гарч, Төмөр замын дээд сургууль зөвхөн бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшүүлж, техникчийн ангийг Төмөр замын дээд сургуулийн харьяа Политехникийн коллеж рүү шилжүүлэхээр болсон байна. Энэ талаар удирдлагуудын зүгээс ямар нэгэн асуулга авахгүйгээр цаагуураа шийдчихлээ. Техникчийн ангид суралцаж буй 1-3 курсийнхэн политехникийн дипломтой төгсөх болж байна.

Энэ талаар бидэнд өнгөрөгч наймдугаар сарын 28-нд сургуулиас мэдэгдэл хийгээд техникчийн ангийг шилжүүлэхээр болсон талаар дуулгасан. Бид өнөөдөр 08.00 цагаас хойш энд жагсаал хийсэн. УБТЗ-ын удирдлагууд 14 оюутантай яг одоо уулзаж байгаа. Тэндээс бид ямар хариу гарахыг хүлээж сууна. Миний хувьд энэ сургуулийг сонгох болсон шалтгаан нь төгсөөд ажлын байраар хангагддаг гэсэн үүднээс орсон. Гэтэл жилд 1.5 сая төгрөг төлчхөөд дээд сургуулийн дипломгүй төгсөнө гэж байх уу” гэлээ.

ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖ ХОЁР ТУС ТУСДАА ЗАХИРАЛТАЙ БОЛСОН 

Дээрх асуудлаар удирдлагуудын зүгээс тайлбар хэлсэнгүй. Харин тус сургуулийн багш нэрээ нууцлахыг хүсч дараах тайлбарыг хэлэв. Тэрбээр “Төмөр замын дээд сургууль УБТЗ-ийн харьяа учраас нэгдсэн удирдлагатай байдаг. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөө татан буулгаад Политехник коллеж болгох тушаал, шийдвэр гарсан. Гэхдээ Политехникийн коллежоо Төмөр замын дээд сургуультай нэгтгэж байгаа гэсэн боловч тусдаа хоёр удирдлагатай болчхоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, дээд сургууль, коллеж хоёр тус тусдаа захиралтай, тус тусдаа санхүү тооцоотой болсон гэсэн үг. Политехникийн коллежийн хувьд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь хичээл орох ямар ч бэлтгэл хангаагүй. Сургалтын хөтөлбөр, стандарт байхгүй. Шууд дээрээс ирсэн тушаалаар хүчээр дээд сургуулийнхаа харьяанд оруулчхаж байгаа юм. Төмөр замын дээд сургууль дээр байсан техникчийн сургалтыг тэр чигт нь Политехникийн коллеж руугаа хүчээр нэгтгэчхэж байгаа юм. Үүнийг оюутнууд эсэргүүцэж, жагсаж байгаа байх. Оюутнуудын хувьд ялгаа байхгүй адилхан техникчийн боловсролоо эзэмших боловч диплом нь коллеж дээр гарах учир оюутнууд дургүйцэж байна гэлээ.

Дээрх жагсаал 12.00 цаг гэхэд өндөрлөж, оюутны төлөөллүүд удирдлагуудтай яг одоо уулзаж байгаа гэх мэдээллийг оюутнууд өгч байна. Онцлоход, Төмөр замын дээд сургууль нь өнөөдрийн байдлаар тус сургууль нь долоон тэнхим, 54 багш нар ажиллаж, техникч, бакалавр, магистрын зэргийн 1300 гаруй оюутнуудад явуулж, төмөр замын мэргэжлийн инженер, техникийн ажилтан бэлтгэн гаргаж буй юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж