Хан-Уул дүүргийн 144-р цэцэрлэг өнөөдөр 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай салбар цэцэрлэгээ нээлээ. Ингэснээр Хан-Уул дүүргийн 13-р хороо, Туул тосгоны хүүхэд, багачууд энэ хичээлийн жилээс цэцэрлэгт 100 хувь хамрагдах боломжтой болж байна. Салбар цэцэрлэгийг хоёр настай хүүхдийн биеийн онцлогт тохируулан тусгайлан тохижуулсан бөгөөд БНСУ-ын "Хамтын дэлхий" ТББ-ын дэмжлэгээр баригдаж өнөөдөр албан ёсоор хүүхэд багачуудаа хүлээн авч байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны зорилтот тусгагдсан “Зөв хүүхэд Зөв ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгт шаардлагатай тоглоом, зөөлөн эдлэл, гал тогооны тоног төхөөрөмжийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан цэцэрлэгийн эрхлэгчид хүлээлгэн өгч, шинэ цэцэрлэг үүд хаалгаа ийнхүү нээлээ.
НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ БНСУ-ын "Хамтын дэлхий" ТББ-ын хөрөнгөөр энэ цэцэрлэгийг барьсан. Хан-Уул дүүргээс дэд бүтэц, дотоод засал, цэцэрлэгт шаардлагатай тоглоом бусад хэрэгслийг шийдэж өгсөн. Шинэ технологи, шинэ санаачилгаар баригдсан ийм онцлогтой цэцэрлэг юм. Цаашид алслагдсан хороодод хямд өртгөөр ийм цэцэрлэгүүд барьж, хүртээмжийн асуудлыг шийдэх ёстой гэж бодож байна. Заавал улсаас 2-3 тэрбум төгрөг шийдэж өгөхийг хүлээх бус хямд өртгөөр дулаан, бохир гээд дэд бүтцийн асуудлын шийдсэн цэцэрлэг байгуулах боломж байна. Өнөөдөр 144-р цэцэрлэгийн салбар цэцэрлэг ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 13-р хороо, Туул тосгоны хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдаж байна. Ялангуяа хоёр настангууд улсын цэцэрлэгт хамрагдаж чадахгүй эцэг эхчүүдэд хүндрэл үүсдэг байсан асуудал шийдэгдэж Туул тосгоны хүүхэд багачууд минь цэцэрлэгтээ бүрэн хамрагдах болсонд баяртай байна” хэмээлээ.
Хан-Уул дүүргийн 144-р цэцэрлэгийн эрхлэгч Л.Оюунцэцэг “Хан-Уул дүүргийн 13-р хороо, Туул тосгонд маань өнгөрсөн жил концессын гэрээгээр 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсон. Энэ жил хоёр бүлэгтэй, 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг үүдээ нээж байна. Туул тосгон цэцэрлэгийн 2-5 насны 400 гаруй хүүхэдтэй. Эдгээр хүүхдүүд маань бүгд цэцэрлэгт хамрагдаад эцэг, эхчүүд тайван амгалан ажил төрлөө хийх боломж өнөөдөр бүрдэж байна. Цэцэрлэг маань ашиглалтад орсноор 10 ажлын байр шинээр бий боллоо. Энэ жил салбар цэцэрлэгт маань элсэж байгаа хоёр настангууд ирэх жил 144-р цэцэрлэгийн үндсэн байранд хичээллэж, дараагийн хоёр настангууд салбар цэцэрлэгт суралцах байдлаар дотоод зохион байгуулалтаа шийдсэн” гэлээ.
2019-2020 оны хичээлийн жилд Хан-Уул дүүргийн сургуулиуд хоёр ээлжээр хичээллэж, 13 дугаар хорооны хүүхэд багачууд цэцэрлэгт бүрэн хамрагдаж эхэллээ.
Эх сурвалж: ХУД