Польшууд Путиныг “хилэгнүүлэв”

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Польшууд Путиныг “хилэгнүүлэв”

Польшууд Путиныг “хилэгнүүлэв”

Польш улс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг фашист Германаас чөлөөлөгдсөний 80 жилийн ойдоо урьсангүй. Энэ нь дэлхийн анхаарлыг татсан гол асуудлын нэг болоод байна. Путинд энэхүү үйл ажиллагаанд оролцох ямар нэгэн урилга илгээгээгүй бөгөөд хойд хөршийн төрийн тэргүүн үүнд ихэд гайхаж, нэлээн бухимдалтай байгаа талаар гаднын зарим хэвлэлд мэдээлжээ.

Одоогоос 80 жилийн өмнө нацист германчууд Польшийг эзлэн түрэмгийлж, Аушвицийн хорих лагерь нэртэй асар том тамлан зовоолт, яргаллын шоронд үй олон хүний амийг тасалсан бөгөөд тухайн үед Зөвлөлтийн улаан арми Польшийн нутгийг Германаас чөлөөлж, ялалтын анхны далбааг Варшавт мандуулж байсан түүхтэй.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Польшийн тал ийнхүү түүхэн үнэнийг гуйвуулж, эх орныг нь харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн Оросын ард түмний түүхэн гавьяаг үгүйсгэсэн тул нэлээд бухимдалтай байгаа аж.

Кремлийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Польшийн тал Путиныг зочдын жагсаалтын хамгийн түрүүнд урих ёстой байсан ч барууныхан болон Москва хоорондын үл ойлголцлоос шалтгаалж, Варшав ийм алхам хийлээ" гэж мэдэгдэв.

Польшийн Гданьск хотын ойролцоох Вестерплатте хойг, Велюнь хотод есдүгээр сарын 1-ний өдөр гадаадын удирдагчид Дэлхийн хоёрдугаар дайн дэгдсэний 80 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн. Үүнтэй холбогдуулан дэлхийн хэд хэдэн хэвлэл, тэр дундаа Америкийн “Washington Post”, Францын “Ле Фигаро”, Германы “Де Велт” зэрэг сонинууд 1939 оны дугааруудад гарч байсан, Польшийн Германы түрэмгийллийг эсэргүүцсэн нийтлэлүүдийг нийтэлжээ.

Арван жилийн өмнө Гданьск хотод Оросын Холбооны Улсын Ерөнхий сайд Владимир Путин үг хэлэхдээ “Дэлхийн хоёрдугаар дайны аймшигт үйл явдлуудад дүн шинжилгээ хийж, бид тэднээс сургамж авах ёстой. Үүний тулд бид өнгөрсөн үеийн улс төрийн хэвшмэл ойлголтоос, түүхтэй холбоотой үг хэллэг, гажуудлаас, мөн аливаа баримтыг үл тоомсорлох зэргээс татгалзах хэрэгтэй” гэж хэлж байсан аж.

Польшийн эрх баригчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг ойн арга хэмжээнд урихаас татгалзсанд дэлхийн улстөрчид өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр байна. Тухайлбал, Польшийн ерөнхий сайдын орлогч Яцек Сасин “ОХУ-ын удирдагчийн оролцоогүйгээр Польшийн эсрэг зэвсэгт түрэмгийллийн ойг тэмдэглэх нь зохисгүй” гэж хэлжээ.

Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда уг арга хэмжээний нээлтийн үеэр үг хэлэхдээ “Дэлхийн хоёрдугаар дайн цэргийн гэмт хэргээс эхлэлтэй” хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр хот даяараа нойрсож байх үед хэрхэн бөмбөгдөж, хэдэн зуун энгийн иргэн амиа алдаж байсан гунигт түүхийг эргэн сануулжээ.

Тэрбээр “Ямар ч арми байгаагүй хот руу бөмбөг хаяна гэж хэн ч санаагүй юм. Европын хамгийн эртний соёл иргэншилт ард түмний нэг ийм хэрэг үйлдэнэ гэж хэн санах билээ? Дэлхий дахинд ийм үйл явдлуудыг дахин хэзээ ч давтуулахгүйн тулд бид эдгээр үйл явдлыг мартах ёсгүй юм. Түүхэн үнэн л бидний шархыг эмчилнэ” хэмээн хэлсэн байна.

Оросын Шинжлэх ухааны академийн Эдийн засгийн хүрээлэнгийн тэргүүлэх судлаач Ирина Кобринская Польшийн эрх баригчдын энэ шийдвэрийг "тийм ч ухаалаг биш шийдвэр" хэмээн хэлжээ. Тэрбээр 2009 оны есдүгээр сарын 1-ний өдөр Гданьск хотод хийсэн Владимир Путины айлчлал "чухал ач холбогдолтой байсан”-ыг дурдсан байна.

Польшийн өнөөгийн эрх баригч "Хууль ба шударга ёс ("Prawo i Sprawiedliwość"-A.P.) ОХУ-д таатай ханддаггүй талаар хэвлэлүүд мэдээлжээ.

ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володин “Польшийн удирдлага дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг улстөржүүлж, өөрийн сул талаа харуулж байна” гэж хэлснийг тус улсын парламентын доод танхимын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Володин “Варшав дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ-ын гүйцэтгэсэн үүргийг үл тоомсорлосон шийдвэр гаргаж, "түүхийг гуйвуулах" оролдлого хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Польшийн эрх баригчдын хийсэн үйлдэл нь тус улсыг боолчлолоос чөлөөлөхийн төлөө тэмцэж, амиа алдсан 600 мянга гаруй цэрэг, офицерыг доромжилсон хэрэг” гэж онцолжээ.

Фашист Германаас чөлөөлөгдсөний 80 жилийн ойн арга хэмжээнд Польш, Герман, Украин, Литва, Болгар, Черногор, Бельгийн Ерөнхий сайд, АНУ-ын дэд ерөнхийлөгч зэрэг арав гаруй орны зочид төлөөлөгчид оролцов.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Велюнь хотод урихгүй байх шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сард гаргасан байна. Гаднын хэвлэлүүдэд мэдээлснээр, энэхүү арга хамжээнд Армени улс оролцохоос татгалзжээ.

Дашрамд дурдахад, Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Дэлхийн хоёрдугаар дайны үед Польшид нацистуудын үйлдсэн “хядлага”-ын төлөө гүнээ уучлалт хүссэн талаар “NDTV” суваг мэдээлсэн байна.

Энэхүү арга хэмжээнд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленьский болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар уригдсан. Америкийн төрийн тэргүүн Флорида муж улсад хар салхи дэгдэхтэй холбогдуулан Польшид айлчлахаас татгалзсан билээ.

Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда өмнө нь “Bild” сонинд ярилцлага өгөхдөө “Иосиф Сталин, Адольф Гитлер нар Польшийг устгахаар хуйвалдаж байсан” хэмээн хэлээд, Оросыг Гүрж, Украинд халдсан "түрэмгийлэгч" хэмээн буруутгасан байна.

Эх сурвалж: VOICE OF AMERICA, GAZETA.RU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж