Ёс зүйгүй төрийн албан хаагчдыг Үндсэн хуулиар хамгаалах шаардлага байна уу

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Ёс зүйгүй төрийн албан хаагчдыг Үндсэн хуулиар хамгаалах шаардлага байна уу

Ёс зүйгүй төрийн албан хаагчдыг Үндсэн хуулиар хамгаалах шаардлага байна уу

УИХ-ын өнгөрөгч Баасан гаригийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дахь төрийн албан хаагчидтай холбоотой заалтыг хэлэлцсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно” гэж өөрчлөх саналын талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Уг заалтаар иргэдийг ялгаварлан гадуурхаж байна. Хувийн хэвшлийнхэн ялангуяа бизнес эрхлэгчдийг дэмжсэн нэг ч заалт оруулаагүй байж, төрийн албан хаагчийн эрхийг Үндсэн хуулиар хамгаалсан уг заалтыг дэмжихгүй. Учир нь энэ хуулиар хүмүүсийг төрийн албанд ажиллах хүсэлтэй болгож, баялаг бүтээгчдийг багасгахаар байна. Төрийн албан хаагчид Үндсэн хуулийн хамгаалалтад орсноор Монгол Улсын бүх иргэн төрийн албанд орцгоохыг илүүд үзнэ. Ингэвэл хэн баялаг бүтээж, хэн татвар төлж, хэн улс орныг авч явах юм бэ. Тиймээс энэ заалт бол хүнийг ялгаварлан гадуурхсан заалт” гэсэн юм.

Түүний дээрх хэлсэнтэй бизнес эрхлэгчид санал нэг байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хувьд бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж тэдний эрх, ашгийн төлөө төрд төлөөлөл болж буй цөөхөн гишүүдийн нэг.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд бизнес эрхлэгчдийг дэмжсэн тэдний эрх ашгийг Үндсэн хуулиар хамгаалсан заалт тусгагдаагүй нь үнэн. Харин төрийн албан хаагчдыг төр хэтэрхий “бөөцийлөх” нь олон ч зүйлээс харагддаг. Энэ оны нэгдүгээр сарын 01-нээс  Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар төрийн албан хаагчид тогтвортой ажиллах боломж бүрдсэнээс гадна төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг маш сайн зохицуулж өгсөн сайн хууль болсон.

Тэгвэл төрийн албан хаагчдыг дахин Үндсэн хуулиар хамгаалах шаардлага байна уу гэх асуултыг ч дагуулж байна. Төрийн албан хаагчдын хууль муудаа биш тэдний боловсрол мэдлэг, ёс зүйтэй өнөөгийн төрийн албаны төлөвшилтэй шууд холбоотой. Хуулийг нь мянга сайжруулж, төрийн албыг дархлалаа гээд тус салбар сайн, сайхан болчихгүй. Асуудал хуульдаа бус хүндээ байгаа гэдгийг хууль тогтоогчид олж харах хэрэгтэй. Өнөөдөр төрийн алба шиг хүнд сурталтай газар хаана ч үгүй гэдгийг олон нийт шүүмжилсээр ирсэн. Тиймээс төрийн албан хаагчдыг ёс зүйн хувьд төлөвшүүлэх шаардлага Монголын төрд байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж