МУИС-д энэ жил гадаадын 19 орны 492 оюутан суралцана | News.MN

МУИС-д энэ жил гадаадын 19 орны 492 оюутан суралцана

МУИС-д энэ жил гадаадын 19 орны 492 оюутан суралцана

МУИС-д энэ жил гадаадын 19 орны 492 оюутан суралцана

Монгол Улсын Их сургууль өнөөдөр /2019.09.02/ хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байна. Анх 1942 онд гурван тэнхим, 150 гаруй оюутантай байгуулагдаж байсан тус сургууль өдгөө долоон бүрэлдэхүүн сургууль, нэг ахлах сургууль, харьяа 20 хүрээлэн гэсэн бүтэцтэй, 21 мянган оюутантай үйл ажиллагаа явуулж байна.

МУИС-д 2019-2020 оны хичээлийн жилд 2259 оюутан шинээр элсэж байна. Үүнээс гадна гадаадын 19 орны 492 оюутан суралцахаар болжээ. Өнгөрсөн 77 жилийн хугацаанд МУИС-аас Хөдөө аж ахуй их сургууль, Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургууль, Шинжлэх ухаан Технологийн их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль гэх мэт сургуулиуд өрх тусгаарласан байдаг.

МУИС хичээлийн шинэ жилийн нээлтээ тохиолдуулан жил бүр Нобелийн шагналтнуудын лекцийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа Япон улсын Нагоягийн их сургуулийн хүндэт профессор, Нобелийн химийн салбарын шагналтан Ноёори Рёожи хүрэлцэн ирж, хүндэтгэлийн лекц, уншжээ.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг нээж МУИС-ын захирал Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ: “Манай багш, судлаачид сүүлийн таван жилд эрдэм шинжилгээний ажил төвлөрдөг Web of Science сэтгүүлд нийтдээ 348 өгүүлэл, 1385 ишлэл авсан нь Монголын Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд дундаа тэргүүлж байгаа гэдгийг онцолж байна. Өнгөрсөн хичээлийн жилд манай сургуулийн олон оюутан, багш, судлаачид дэлхий, тив, улсын чанартай олон олимпиад, уралдаанд тэргүүн байр эзэлж, амжилттай оролцлоо. Мөн МУИС өнгөрсөн жил дөрөв дахь удаагаа магадлан итгэмжлэгдэж, Олон улсын хэмжээнд гурван хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ” гэсэн юм.

МУИС-ын Номын сан энэ хичээлийн жилийг Монгол Улсын соёлын салбаруудаас анх удаа ISO 9001, 2015 стандартыг хэрэгжүүлсэн номын сангаар шалгарсан амжилттайгаар угтаж байна.

Энэ талаар тус сургуулийн номын сангийн захирал Г.Цэрэнгээс тодрууллаа.

-Соёлын салбарт танай номын сан олон улсын ISO 9001,2015 стандартыг хэрэгжүүлж ажилласан гэлээ. Ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

-Манай номын сан үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор системтэй, оновчтой зохион байгуулалтаар ажиллах, нийгмийн даяаршил технологийн хөгжил, шинэчлэл, өөрчлөлтийн үйл явцтай холбоотойгоор хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг биелүүлэн, тэдний хүлээлтэд хүрч ажиллах зорилго тавьж ажилласан. Энэ хүрээнд номын сан, соёлын салбарт анх удаа энэхүү олон улсын стандартыг нэвтрүүлэн, ажиллаж байна.

Уг стандартын хүрээнд бид хэд хэдэн зорилт дэвшүүллээ. Үүнд:

  • Уншлага үйлчилгээний зай талбай, хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Сан хөмрөгийн баяжилтыг хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх
  • Хүний нөөцийг хөгжүүлэх зэрэг юм.

Зорилтыг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн МУИС-ийн номын санд мөрдөгдөх нэн шаардлагатай 13 заавар, 11 зөвлөмж боловсруулсан. Үйл ажиллагааны 65 процессийн зураглал зурж хуулийн нийцэл, гүйцэтгэлийн тулгуур үзүүлэлт, KPI хэмжээст хүрэхийн тулд ямар эрсдэл учирч болох зэргийг бүгдийг урьдчилж тооцож нарийн гаргасны үндсэн дээр бүх зүйл маань төлөвлөгөөтэй, хугацаатай, хариуцах эзэнтэй маш нарийн системтэй зохицуулалттай болсон. Үүнээс гадна хэн юу хийх нь тодорхой, уншигч хэрэглэгчид номын сангийн үйлчилгээ авахад ямар нэгэн хүндрэл чирэгдэл гарахгүй болсон.

-Энэхүү стандарт хэрэгжүүлсэнээр ямар гарах үр дүн гарах вэ?

-Номын сангийн үйл ажиллагаа илүү системтэй зөв бүтцээр ажиллана. Мөн ажилтнуудын сэтгэл ханамж дээшилнэ, уншигчийн сэтгэл ханамж дээшилнэ. Гадаад дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдах, хүний нөөцөө хөгжүүлэх боломжууд нэмэгдэг гэх мэт олон талын үр дүн, ач холбогдолтой.

-Цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Бид цаашдаа МУИС-ийн номын санд RFID технологи нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ нь ном өгөх, авах механик ажлууд бүрэн автомат болохоос гадна хүний нөөцөө хөгжүүлэх, дэлхий нийтийн хөгжилтэй мөр зэрэгцэн очих маш олон давуу тал боломжууд бий болгом юм. Мөн МУИС-ийн номын сангийн дэргэдэх “Монгол улсын их, дээд сургуулийн номын сангийн консорциум”-аар дамжуулан монголын номын сангийн салбарт тэр тусмаа хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлд томоохон ажлууд хийхээр төлөвлөж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ:

Монголын ирээдүй бол оюутан, залуус. Та нар дипломын төлөө бус өөрийгөө хөгжүүлж, сурч, мэдэхийн төлөө хичээгээрэй. Орчин цагт дэлхий даяар дипломыг бус хувь хүний авьяас, чанарыг илүүд үзэж байна. Тиймээс хаана ч очсон чадвартай хүнд ажлын байр бий шүү” гэв.

МУИС нээлтийн арга хэмжээний үеэр багш, оюутнуудынхаа бүтээлийг үзэсгэлэн болгон дэлгэн тавьжээ. Энд багш нарын бичиж, туурвисан 700 гаруй ном, сурах бичиг байна. Үзэсгэлэнгийн зорилго нь шинээр элсэж буй нэгдүгээр курсийн оюутнуудад Ерөнхий эрдмийн ном, сурах бичгээ сурталчлан таниулах аж.Тухайлбал Кеймс Стюартын Дифференциал интеграл тоолол ном бол нэгдүгээр курсийн оюутнууд судлах ёстой гол сурах бичиг. Мөн 2018 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг бүтээлд шалгарсан түүхийн таван боть ном энд тавигджээ.

МУИС цаашдаа судалгааны сургууль болох зорилт тавьжээ. Энэ хүрээнд судалгааны лабораториудыг ихээхэн дэмжиж ажиллаж байгаа юм. Үүний тод жишээ бол Нано хиймэл дагуулын судалгааны лаборатори аж. Оюутнууд хичээлийн бус цагаар уг лабораторид сууж, өөрсдийгөө хөгжүүлэн, технологийн бүтээгдэхүүн гаргадаг байна. Энэ талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нано хиймэл дагуулын лабораторийн эрхлэгч Д.Эрдэнэбаатар “Манай оюутнуудын хийсэн бүтээлээс дурдвал, хиймэл дагуулын хөгжүүлэлт, ухаалаг хөдөө аж ахуйд ашиглах зорилгоор хийсэн дрон, роботын чиглэлийн хөгжүүлэлт, мөн роботыг хийж суралцах гарын авлагатай төхөөрөмж хийсэн байна. Уг бүтээлүүдийг үзэсгэлэнд тавьснаар бид хийсэн бүтээснээ бусдад таниулах болон шинээр элсэж байгаа оюутнуудын сонирхлыг татах ач холбогдолтой. Хичээлийн хажуугаар оюутнууд практик дээр суралцах нь асуудлыг бодитой шийдвэрлэж чаддаг болно” гэсэн юм.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

chaavaas 2019-09-02 107.77.165.11

yrbagch xoligch cex cait ajilyylagch opoc xeltei gajyy

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж