"Газар тариалангийн хөрсний 60 хувь нь муудсан"

Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

"Газар тариалангийн хөрсний 60 хувь нь муудсан"

"Газар тариалангийн хөрсний 60 хувь нь муудсан"

Монгол улс Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд “Атар 60-Агроэкспо 2019” үзэсгэлэн Сүхбаатарын талбайд хоёр өдрийн турш үргэлжиллээ. Үзэсгэлэнд Монголын анхны экологийн бордоо үйлдвэрлэгч, үндэсний үйлдвэр Гарааны Монгол экологийн бордоо ХХК өөрийн бүтээгдэхүүнээ дэлгэн тавьжээ.

Хөдөө, аж ахуйг хөгжүүлэхэд хамгийн чухал нөлөөлөх хүчин зүйл бол бордоо. Хүний амьд явах үндэс нь хоол хүнс байдгийн адил ургамлын хоол тэжээл нь бордоо гэнэ. Тэр дундаа экологийн цэвэр бордоо нь хүнсний аюулгүй байдлаас гадна хөрс шороондоо хамгийн ээлтэй байдаг аж. Энэ талаар Гарааны Монгол экологийн бордоо компанийн менежер, агрохимич Д.Галбаяртай ярилцлаа.

-Бордоо гэж чухам юу вэ, газар тариаланд ямар ач холбогдолтой вэ?

-Бордоо гэдэг нь товчоор ургамлын хоол тэжээл гэж болох юм. Монгол орон атар газар эзэмшээд 60 жил болжээ. Үүнээс сүүлийн 10 гаруй жил атар газартаа бордоо ер нь хэрэглээгүй байдаг юм. Тиймээс манай хөрс шороонд азот, фосфор, кали болон микроэлементүүд их дутагдах болсон.

Тариаланчид маань жилд дунджаар нэг га газраас 2-3 центнер ургац хураачихаад болж байна гэж бодоод байна. Гэтэл уг нь бордоог хэрэглэвэл 20-30 центнер авах боломжтой. Мөн улаан буудайд цавуулгын чанар нэмэгдэж, хүнсний ногоонд хадгалалт илүү даах, хөрсөө хамгаалах давуу талтай юм.

Хавар болохоор бордох тухай ярих биш, намар ургац хураасны дараа хөрсөндөө бордоогоо шингээж өгвөл тухайн газарт маш сайн. Хөрсийг хамгаалаад зогсохгүй, хавар тариалалт хийх үндсэн суурь болж өгдөг.

-Газар тариалангийн салбарт хэчнээн төрлийн бордоо ашиглаж байна вэ?

-Бордоо дотроо шим, эрдэс, бактерийн бордоо гэсэн төрлүүдтэй байдаг. Шим бордоод малын бууц, шувууны сангас, сүрэл, ногоон бордоо, биоялзмаг ордог бол эрдэс бордоод азот, фосфор, кали, микроэлемент байна. Харин бактерийн бордоод азот, фосфор, калийн бактерууд байдаг. Монголд одоогоор экологийн шаардлага хангасан эрдэс болон шим бордоог өргөн ашиглаж байна. Шим бордоо нь хөрсний органик бодисыг нэмэгдүүлж байгаа юм. Хөрсөнд хийсэн органик бодис удаан хугацаанд ялзрах явцад зарим хэсэг нь эрдэс бодис болон задарч, ургамлын хоололтод шууд ашиглагдана. Хэдийгээр жил бүр хөрсөнд органик бодис хуримтлагдах боловч тухайн жилд ургаж байгаа ургамлын эрдсийг хангаж чадахгүй. Тиймээс түүнийг эрдэс бордоогоор нөхөж өгч байх шаардлагатай.

-Монголд бордооны түүхий эд хэр байдаг вэ, үржүүлэн гаргаж авах боломж бий юу?

-Монголд үйл ажиллагаа явуулдаг бордооны дөрөв, таван үйлдвэр бий. Манайх зургаан төрлийн бордоо үйлдвэрлэдэг. Жилд дунджаар 30-50 мянган тонн экологид ээлтэй эрдэс үрлэн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай. Эко бордооны хувьд малчдаас бид өтөг бууцаа хамтарч ажиллаад авчихдаг. Бид үйлвэрийн явцад 7-14 хоногийн хугацаанд 40-50 граммд бүрэн ялзруулдаг. Эрдэс бордоогоор бол манай орон баялаг шүү дээ.

Бордоог хэдийд яаж хэрэглэх ёстой вэ, бордох арга техник гэж байх уу?

-Байна аа. Бордоог хэрэглэхдээ аюулгүйн зааварчилгааг мөрдөн тохиромжтой тунг баримтлах хэрэгтэй. Хэд хэдэн аргаар хөрс, ургамалдаа хийж өгдөг. Ургамал уг бордоог үндсээр болон навчаар шингээн авдаг юм. Хөрсөнд ихэвчлэн хуурай бордоо хийдэг бол навчинд шингэн бордоо хэрэглэдэг.

Бордох үндсэн гурван арга байна. Үүнд үндсэн, тариалалтын үеийн, нэмэлт бордоо орно. Үндсэн бордоог уриншийн боловсруулалтын төгсгөл үеэр буюу одоо намрын улиралд хэрэглэх юм. Ургацаа авч дуусаад бордоо хэрэглэвэл хөрсөнд илүү өгөөжтэй. Энэ нь дараагийн жилд ургах ургамлын хөрснөөс хооллох тэжээлийг сайтар бэлтгэж өгч байгаа гэсэн үг.

Тэгэхдээ бордох бүрэн нормын 75-80 хувиар бордоно гэдгийг анхаарах хэрэгтэй. Харин таримлын үр тарих, суулгац, үрслэг шилжүүлэн суулгах зэрэгт тарилтын үеийн бордолт хийнэ. Нэмэлт бордолтын хувьд ургамлын ургалтыг идэвхжүүлэх, ургацын чанар болох уураг, цавуулаг, цардуул зэргийг нэмэгдүүлэх зорилготой.

-Дэлхийн бусад улс орнууд ямар бордоог түлхүү хэрэглэж байна вэ, Монголын бордоог хэр сонирхож байна?

-Бусад улс орнууд ерөнхийдөө эрдэс бордоог хэрэглэж байна. Сүүлийн үед химийн гэхээс илүү органик бордоог илүү сонирхох болжээ. Тиймээс урд хөрш манай компаниас гаргаж байгаа малын өтөг бууц их сонирхох болсон. Мөн Япон, Солонгосоос хүмүүс ирж бордоотой танилцаж, хэрэглэх хүсэлтээ тавьсан байгаа. Гэхдээ одоогоор экспортод гаргаж эхлээгүй байна.

-Хүний ялгадсаар бордоо хийдэг улс орон байдаг шүү дээ. Энэ нь эрүүл ахуйн хувьд ямар байдаг юм бол?

-Хамгийн гол тун, хэмжээг нь тааруулж, хугацаанд нь хэрэглэх ёстой. Ингэж чадвал сайн бордоо болдог. Хэтрүүлэн хэрэглэвэл хүний бие, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээд эхэлнэ.

-Монголд хөдөө аж ахуйн салбарт бордоог хэр ашиглаж байна вэ?

-Монголын газар шороо их атаршсан.

Газар тариалангийн хөрсний 50,60 хувь нь ялзмаг буюу муудсан. Хар шороо байх атал цайвар ангасан шороотой, чулуулаг ихтэй, цэвдэгтэй болсон байдаг. Ер нь бордоо ашиглалт бага байгаа гэж үздэг.

Газар тариалан эрхэлдэг хувь хүн, аж ахуй нэгж нийтээрээ хэрэглэж байгаа юм алга. Яах вэ, хувь хүмүүс шувууны сангас, бууц гэх мэтийг хаяа хэрэглэж харагддаг. Яг горимын дагуу, стандарт нормоор бол хэрэглэхгүй байна. Зарим томоохон газар тариалангийн компаниуд бордоо ашигладаг. Гол нь ямар төрлийн бордоо хэр хэмжээгээр хэрэглэж байна вэ, хөрсөнд хийгээд хүнсний аюулгүй байдалд хор нөлөөтэй юу гэдгээ тооцох ёстой байх.

-Бордоо, хөрсний талаар их сайн мэдэх юм, ингэхэд ямар мэргэжилтэй юм бэ?

-Би Хөдөө, аж ахуйн сургуулийг хөрс судлал, агрохимич мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ ажиллаад гурван жил болж байна. Энэ компанидаа дадлага хийж байгаад, төгсөөд шууд ажилд орсон. Амьдралын их замд ороход алгаа тосоод авсан ажлын хамт олон болон Хөдөө аж ахуйн эрдэмтэн багш нар тэр дундаа Монгол улсын гавьяат багш А.Чойжамц, доктор дэд профессор Б.Амарсанаа нартаа баярлаж явдаг.

-Яагаад энэ мэргэжлийг эзэмших болсон бэ, багаасаа газар тариалантай ойр өсөв үү?

-Би Баянхонгор аймгийн Галуут сумын хүүхэд. Манай аав ээж малчин хүмүүс байдаг. Миний хувьд багаасаа мал дээр өссөн боловч газар тариалангийн салбартаа хайртай. Ухаж сүйтгэж бус тарьж ургуулдаг баялаг болохоор сэтгэлд сайхан байдаг. Угаасаа Монголд шаардлагатай байгаа мэргэжил бол агрохимич.

Монголын газар тариалан дэлхийн хамгийн бага ургацтай газар. Газар тариалангийн салбарыг хөгжүүлэн гэж ярьдаг ч биелэлээ олоогүй л байна. Хөгжүүлэх суурь асуудал бол усалгаа, бордоо юм. Үүнээс улбаалаад бордоо ашиглангаа хөрсөө хамгаалах гэдэг хамгийн чухал асуудал.

Газар тариалангийн салбар хөгжүүлж байна гээд Монгол хөрс, шороогоо сүйдлээд байж болохгүй л дээ. Үүнд залуу хүн, хөрс судлаачийнхаа хувьд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж